Chibi Maruko-chan буюу "Бяцхан Маруко" хүүхэлдэйн киноны зураач Момоко Сакура хөхний хорт хавдрын улмаас нас баржээ. Багачуудын дуртай хүүхэлдэйн киног бүтээгч бүсгүй энэ жил 53 нас хүрэх байсан юм. Момоко Сакураг оршуулах ёслол түүний гэр бүл, дотны найзуудын хүрээнд болж өнгөрчээ. Зураачийн үүсгэн байгуулсан Сакура Продакшны хэвлэлийн төлөөлөгч уг харамсалтай мэдээг компанийхаа цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна.
Момоко Сакура 1984 оноос уран бүтээл туурвиж эхлэсэн бөгөөд 1986 оноос эхлүүлсэн Chibi Maruko-chan мангагаа Ribbon манга сэтгүүлд нийтлүүлж эхэлснээр япончуудад танигдаж алдаршсан нэгэн билээ.
"Бяцхан Маруко" манга 1990 оноос олон ангит хүүхэлдэйн кино болон амилж өнөөг хүртэл япон багачууд төдийгүй дэлхийн олон орны хүүхдүүдийн хайртай дүр, дуртай хүүхэлдэйн киноны нэг болжээ. "Бяцхан Маруко"-гийн хүүхэлдэйн кино нь зөвхөн алдаршаад зогсохгүй төгсгөлийн дуу болох Odoru Ponpokorin нь хит болж 1990 ондоо л гэхэд 1.73 сая хувиар борлогдсон гэдэг.
Момоко Сакурагийн бүтээлийг анх нийтлэсэн Ribbon манга сэтгүүлийн эрхлэгч Соичи Айда “Түүний амьдрал ийм эрт дууссанд үнэхээр харамсаж байна. Хөгжилтэй хөөрхөн Мару-чан болон түүний нөхдийн адал явдал, гайхалтай түүх багачууд төдийгүй томчуудын сэтгэлд үргэлж гэрэлтэх болно. Баярлалаа хатагтай Момоко Сакура” хэмээн бичжээ.