Гэр ахуйн цэвэрлэгээ ариутгал, гоо сайхан, хүнсний хэрэглээнд ихээр ашигладаг винегар буюу алимны цууг гэрийн нөхцөлд хийх аргыг сонирхуулья. Энэ арга нь дэлгүүрт үнэтэй зарагддаг алимны цууг идсэн алимны гол, хальсаа хаялгүй ашиглан хийх хялбар арга юм.
Бэлэн болох хугацаа 3-4 долоо хоног
Орц: 2-3 ширхэг алимны хальс, гол
Ус - цуу хийх хэмжээгээ тооцоолж, тохируулна. Их хэмжээгээр хийж бэлдэхээс илүү хэрэгцээндээ тааруулан хэмжээгээ тааруулаарай.
Элсэн чихэр - 1 аяга тутамд буюу 250 мл усанд 2 халбага гэж тооцно.
Цуугаа гаргаж авахад ашиглах шил
Шилээ таглах даавуу / марль / кофены шүүлтүүр цаас байж болно.
Хийх арга:

Тусгайлан ариутгаж бэлтгэсэн шилнийхээ 2/3-т алимны хальс, голоо хийнэ. Үүн дээрээ ус нэмж шилээ дүүргээд 2-3 халбага (амны хэмээн нэрлэдэг шөлний халбага) элсэн чихэр нэмж сайтар хутгана.

Хутгаж бэлдсэн шингэнээ агаар нэвтрүүлэх даавуу, эсвэл кофены шүүлтүүр цаасаар таглана.
Уг шингэнээ нарны гэрэл шууд тусахгүй, хуурай сэрүүн газар 2-3 долоо хоног байлгаж исгэнэ.
Ингэж исгэх хугацаандаа өнжөөд нэг хутгаж, сайтар таглаж тавиарай.

Дунджаар 2 дахь долоо хоногийн дараанаас исгэж буй шингэн нь хөөсөрч эхлэдэг нь цуу болон хувирч буйг илтгэнэ.

Ингэж хөөсөрсөн шингэнээс алимны хальс, голыг нь шүүж авна. Шүүж авсан шингэнээ сайтар таглан хуурай, сэрүүн газарт ахин 1-2 долоо хоног байлгасны дараа винегар маань бэлэн болдог.

Гэрийн нөхцөлд бэлтгэж хийсэн алимны цууг гэр ахуй, хүнс, зарим тохиолдолд гоо сайханд ч ашиглаж болдог.

Гэрт бэлдсэн винегар буюу алимны цууг үйлдвэрийн цуутай ижил 1 жил хүртэл хугацаагаар хадгалж болдог.

Жич: Алим гэлтгүй хүнсний ногоо, жимсийг хэрэглэхдээ хүнсний сода, давстай ус зэргээр угааж хальсны бохирдол, вакс, пестицидийг нь арилгаж хэрэглэж байхыг анхааруулах байна. Алимны цуу хийх хальс нь ч сайтар цэвэрлэж дээр дурдсан бохирлуудыг нь арилгасан байх хэрэгтэй.