Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгээс зохион байгуулж байгаа “Байгалийн ухааны орчин үеийн ололтууд ба шинжлэх ухааны боловсрол дахь дэвшилтэт технологи” сэдэвт олон улсын хурал өнөөдөр болж байна.

Энэхүү хурлын гол зорилгонь шинжлэх ухаан, технологи, инновацийг  дэмжих бодлогын нэг хүчин зүйл болох байгалийн ухааны ололтыг  их дээд сургуулийн сургалтанд хэрхэн нэвтрүүлэх, орчин үеийн сургалтын дэвшилтэт  технологи, Монгол улсын  хөгжлийн болон мэргэжлийн боловсон хүчний нөөцийн зах зээлийн шаардлагад хэрхэн нийцүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Эрдэм шинжилгээний хурлын онцлог нь манай орны хувьд нэн шаардлагатай асуудлууд, тухайлбал, байгалийн ухааны салбарын   эрдэм шинжилгээний байгууллага хүрээлэнгүүд, их дээд сургуулиуд хоорондын холбоо, хамтын ажиллагааны талаар туршлага солилцох,   залуу эрдэмтэн судлаачдад судалгааны ажлуудаа гадаад эрдэмтдэд танилцуулах, шинэ санаа судалгааны арга зүйг солилцох зэрэг өргөн хүрээг хамарч байгаагаараа онцлог юм.

Гурван өдөр үргэлжлэх энэхүү хуралд дээд боловсрол салбарын  дэвшилтэт технологи, биотехнологи,   цөмийн технологи, нанотехнолги, материал судлал зэрэг орчин байгалийн шинжлэх ухааны чиглэлээр илтгэх тавих  70 орчим төлөөлөгчид оролцож байгаагаас  Австри, БНСУ, БНХАУ, Израйль, ОХУ, Тайван, Японы 30 орчим нэртэй эрдэмтэд, профессор өөрсдийн судалгааны үр дүнгээ илтгэх юм.

Австри улсын Вена хотын Байгалийн нөөц ба Амьдралын шинжлэх ухааны  их сургуулийн профессор Ф. Лиебнер, Солонгос улсын Сөулын их сургуулийн профессор И. Хванг, Инчеоны үндэсний их сургуулийн профессор Ж. Канг, Доржийн Одхүү, Японы Токио Гакугей их сургуулийн профессор Х. Нита, Японы Токайих сургуулийн профессор А. Ито, Израйлийн "Carasso" шинжлэх ухааны паркийн мэргэжилтэн доктор Н. Фарвиаш, ШУА-ийн ФТХ-ийн Лабораторийн эрхлэгч, академич Ц. Баатар зэрэг нэртэй эрдэмтэд урилгаар оролцож илтгэл тавьж байгаа юм.