-Оюутан цэрэг сургалтад улсын төсвөөс жилд 60 сая төгрөг батладаг-
Монгол Улсын Засгийн газраас тав дахь жилдээ зохион байгуулж байгаа “Оюутан цэрэг” хөтөлбөрийн цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтын 2018 оны танилцуулах өдөрлөг өнөөдөр Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Шархад дахь хээрийн сургалтын төвд боллоо. Энэ жилийн сургалтад Улаанбаатар хотод 51 их дээд сургуулийн 650 оюутан, хөдөө орон нутагт 350 оюутан нийт 1000 оюутан хамрагджээ.
Жилийн өмнө 18-19 настай залуус эх орны өнцөг булан бүрээс оюутан болохоор нийслэлд ирж байсан бол өдгөө Шархад дахь хээрийн сургалтын төвд зэр зэвсэг эзэмшин цэргийн хүү болжээ. Цэрэг хувцас нь наранд гандаж, булбарай царай нь борлосон ч цэргийн эрдэмд шамдсан 60 хоног тэдэнд сүр жавхаа нэмж, эмх цэгц, захирах захирагдах ёсны чанд нарийн дэг жаягийг хэдийнээ суулгажээ. Анх бакаль гутал өмсөж, зүү утас барьж, хар талх идэж үзээгүй цэргийн албанд татагдан очсон оюутнууд буу зэвсэг, дашмагтай ус, шаардлагатай техник хэрэгсэл үүрээд 20-30 км-т гүйж хүрэх тэнхээ суужээ.
Хоёрхон сард хэдийхэн зүйл сурах вэ хэмээн басамжлан бодох хүмүүс цөөнгүй таардаг. Тэгвэл өдөрлөгийн үеэрх үзүүлэх сургууль яг л дайны талбарт очсон мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Бууны сум шунгинан шуугиж, утаа май савсуулахын дээр их буу, танк устгагчийн сүрт чимээ чихний хэнгэрэг хагарам чанга аж. Хэзээ ч үнэрлэж үзээгүй дарийн гашуун утаа хоолой хорсгоно. Кино дэлгэцээс л хардаг эр цэргийн амьдрал энд бодитоор өрнөнө. Цагийн мэдээ авсан цэрэг эрс буун тачигнан дуун дундуур шавар шавхайтай төмөр утсан доогуур буутайгаа мөлхөн бай руугаа довтлон дүрэлзэн асах галтай жалга дээгүүр үсрэн даалгавраа биелүүлэхээр цаг хугацаатай уралдана.
Тэд хээрийн сургалтын төвд тусгайлан бэлдсэн 16 талбайд ийнхүү цагийн даалгавар аван үүрэг гүйцэтгэх аж. Хээрийн нөхцөлд хэрхэн хоол хүнс олон ус, гал гарах уу гээд амьдрах ухаанд суралцана. Бие бялдрын бэлтгэл сургуулилтаа ч бэлдэн модон морин дээгүүр үсрэн, турник дамнан сонс эргэнэ. Оюутнууд цэргийн эрдэмд суралцсан 60 хоногт танигдахгүй болтлоо өөрчлөгдсөнийг ар гэрийнхэн нь онцлон байлаа.
Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Цэргийн албаны тухай Монгол Улсын хуулиар цэргийн алба хаах нэг хэлбэр болоод байгаа энэ хөтөлбөрийн хүрээнд оюутан залуус дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний хооронд онолын сургалтад суусан бол зургаадугаар сарын 10-аас наймдугаар сарын 10-ны өдрийн хугацаанд байлдааны нэгдүгээр зэргийн бэлтгэлжилтийг базааж, 11 төрлийн цэргийн мэргэжлээр энэ хугацаанд суралцжээ. 8 сарын 16-ны өдөр оюутан цэргүүд тангараг өргөснөөр цэргийн албаа хаасанд тооцогдож эхэлнэ. Тангараг өргөсөн оюутан цэргүүд шууд тараад явчихгүй цэргийн мэргэжил эзэмшсэн хүмүүсийн адилаар оршин суугаа нутгийнхаа цэргийн штабад бүртгүүлснээр цэргийн бэлтгэл үүрэгтний тоонд багтаж шаардлагатай үед даалгавар биелүүлэхэд бэлэн байх үүргийг хүлээх юм байна.
Цаашдаа хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг Батлан хамгааллын сайд энэ үеэр хэлж байлаа. Тэр дундаа байлдааны буудлагатай сургуулилт хийхэд зэвсэг, сум хэрэгслийн хангамжаас шалтгаалаад санасан хэмжээнд сургалт зохион байгуулж чадахгүй байгааг учирлаж байсан юм. Харин оюутнууд их дээд сургуулийн үндсэн хичээлээ завсардуулахгүйгээр цэргийн алба хаах боломжийг оюутан цэрэг хөтөлбөр хангаж өгсөн нь Боловсролын салбарын бодлоготой нийцэж байгааг Боловсролын сайд онцолсон юм.
Оюутан цэрэг хөтөлбөрийн ач холбогдол зөвхөн батлан хамгаалах салбараар хязгаарлагдахгүй. Бие эрхтний өв тэгш хөгжилтэй, эрүүл монгол иргэнийг бэлтгэхэд энэ хөтөлбөрийн оруулсан үр дүн их. Тийм ч учраас эцэг эхчүүд энэ хөтөлбөрт ам сайтай байна.
-Оюутан цэргийн сургалтын таван жилийн хугацаанд өөрийн гэсэн сурах бичигтэй болсон-
“Оюутан цэрэг хөтөлбөр”-ийн ерөнхий зохицуулагч, хурандаа Г.Мягмаржав. Тэрбээр уг хөтөлбөрийг анх хэрэгжих үеэс өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм.
-Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн таван жилийн хугацаанд ямар ахиц дэвшил гарав. Энэ хугацаанд нийт хэчнээн оюутан энэ сургалтад хамрагдав?
-Энэ жил “Оюутан цэрэг хөтөлбөр”-ийн сургалт эхэлсний 5 жилийн ой тохиож байгаа. Ойгоо тохиолдуулан өнөөдөр их дээд сургуулиудын захирал, Боловсрол, Батлан хамгаалахын сайд нарыг урин оюутан цэргүүд юу сурсныг танилцуулж байна.
Таван үндсэн өөрчлөлт гарсан. Нэгдүгээрт Оюутан цэрэг сургалт Ерөнхийлөгчийн зарлигтай хөтөлбөр байснаа одоо Цэргийн албаны хуулинд зааснаар шинэ төрөл болж, хууль эрх зүйн үндэс нь бүрэлдсэн. Үүний үндсэн Засгийн газар Оюутан цэргийн журам гаргасан. Энэ журмын дагуу Батлан хамгаалах яам сайдын тушаал гарган албажаад хэрэгжиж хууль эрх зүйн үндэс нь бүрэн хэрэгжсэн. Хоёрдугаарт оюутан цэрэг хөтөлбөр өөрийн гэсэн сургалтын хөтөлбөртэй, төлөвлөгөөтэй болсон. Энэ хөтөлбөрийн дагуу хугацаат цэргийн албад жилийн хугацаанд хийдэг зүйлсийг дөрвөн сарын дотор сургадаг болгож сургалтын нарийн төлөвлөгөөтэй болж, түүнийхээ дагуу сургалтаа хийж байна. 11 мэргэжлээр цэргийн бага мэргэжилтэн сургаж байна. Энэ бол нэг том ажил. Гуравдугаарт Оюутан цэргийн сургалтын таван жилийн хугацаанд өөрийн гэсэн сурах бичигтэй болсон. Таван жил тутам Оюутан цэргүүдэд энэ номыг өгөн сургалт явуулна. Ингэснээр оюутнуудыг номтой нөхөрлөж сурган хаа ч явсан энэ л сурах бичихтэйгээ байгаа. Дөрөвдүгээрт оюутан цэргийн явцад сургалтын орчин бүрдүүлж, хээрийн сургалтын төвтэй болсон. Энд өндөр зэрэглэлийн гал тогоо, цэрэг амьдрах нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн. Таван жилийн өмнө ганц цагаан байшин байсан бол өнөөдөр иж бүрэн сургалтын баазтай болсон.
Оюутан цэрэг сургалтад нийтдээ 4500 залуу хамрагдаад байна. Энэхүү сургалтыг олон нийт маш их дэмжиж байгаа. Учир нь энд хамрагдсан залуус сургалтдаа амжилт гарган бие бялдрын хувьд төлөвшиж байна. Мөн батлан хамгаалах салбартай маш хэрэгтэй, байлдааны бэлтгэлд оюутнууд сурч төлөвшиж байгаагаа ач холбогдолтой байна. Мөн энэ сургалтыг сургалтын шинэ аргаар буюу вакуумжуулсан, эрчимжүүлэн дасгал дадлагын аргуудтай хослуулан хэрэгжүүлж байгаагаараа энэ сургалт амжилт дүүрэн 5 жилийн ойгоо угтаж байна.
Энэ жилээс эхлэн оюутан цэрэг сургалтыг Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай аймагт зохион байгуулж эхэлснээр батлан хамгаалах бэлтгэл сургуулилтад хамрагдсан оюутны тоо нэмэгдэх боломжийг бий болгожээ. Харин энэ хөтөлбөрт зориулж улсаас жил бүр баталдаг 60 сая орчим төгрөгийн төсвөөр оюутан цэрэг сургалтад хамрагдах хүсэлтэй бүх залуусыг татан оролцуулж чадахгүй нь ойлгомжтой. Тиймээс ард иргэдийн дунд ам сайтай байгаа энэ хөтөлбөрийн цар хүрээг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар үүнд зориулж баталдаг төсөв хөрөнгөө зайлшгүй нэмэх шаардлагатай байна.
-Цаашид оюутан цэргийн тоог нэмэх чиглэл дээр анхаарч ажиллана-
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа хээрийн сургуулилт болон оюутан цэрэг хөтөлбөрийн тухайд “Монгол Улсын Засгийн газраас Оюутан цэрэг хөтөлбөрийг батлаад 5 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Жил бүр хамрагдаж байгаа оюутны тоо нэмэгдэж байгаа. Тиймээс БСШУСЯ их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд хичээлийн программаа таслахгүйгээр энэхүү хөтөлбөрт оролцож байгаа нь Боловсролын яамны хувьд суралцаж байгаа оюутнуудын цэрэг эх оронч, эх орноороо бахархах, үүх түүхээ олж мэдэх, цэргийн эрдэмд суралцах, тусгаар тогтнолын үнэ цэнээ богино хугацааны сургалтад хамрагдаж мэдрэх ач холбогдолтой. Тиймээс манай яам энэ сургалтад нэлээд ач холбогдол өгч Батлан хамгаалах яамтай хамтарч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар МУИС, ХААИС, ШУТИС, АУИС, БИС гээд үндэсний хэмжээний их сургуулиудын оюутнууд хамрагдаж байгаа. Хамрагдаж байгаа оюутнуудын тоог нэмэгдүүлээч ээ, олон оюутан энэ хөтөлбөрт хамрагдмаар байна гэсэн хүсэлт бидэнд ирж байгаа. Тиймээс Батлан хамгаалах яам, Н.Энхболд сайд, Засгийн газарт санал оруулаад хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх чиглэл дээр ирэх жилээс эхлэн анхаарья гэж бодож байгаа. Анагаахын чиглэлээр сурч байгаа оюутнууд энд ирээд өөрийн эзэмшиж байгаа мэргэжлээрээ эмч, сувилахуйн чиглэлээр ажиллахад дадлага болж байгаа нь ач холбогдолтой байгаа. Тиймээс хамрагдаж байгаа оюутны тоо сургалтын материаллаг баазыг илүү техник тоног төхөөрөмжөөр хангах чиглэлээр ирэх жилээс яам анхаарч хамтарч ажиллая гэж бодож байгаа. Хувийн сургуулиудын оюутнууд хамрагдаж байгаа. Тухайн сургуулиас энэхүү хөтөлбөрт оюутнуудаа хамруулья гэсэн хүсэлт өгсөн сургуулиуд эхний ээлжид хамрагдаад явж байгаа. Цаашдаа хамрагдах оюутны тоо нэмэгдэх юм бол бүх сургуулиуддаа хуваарилж өгөх квотоор оюутан авах бололцоо байгаа. Анх “Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлтэд ирээд жагсаалыг хараад биеийн тамирын хичээлийн чанарыг сайн болгох хэрэгтэй юм байна гэж бодож байлаа. Алхаж чадахгүй хөл нь зөрж байгаа зүйлийг харж байсан. Өнөөдөр ирэхэд бүх суралцсан цэргүүд бие бялдар болон сэтгэл зүйн хувьд бодит байдлаар өөрчлөгдсөн байгааг харж байна. эцэг эхчүүдийн төлөөлөл ч гэсэн хүүхдүүд маань энэ сургалтад орсноор үнэхээрийн өөрчлөгдсөн гэдгийг зөвшөөрч байгаа учраас бид сургалтдаа болж өгвөл бүх оюутнуудыг цэрэг, байлдааны үйл ажиллагаанд талбай дээр нь хийх асуудалд илүү дэмжлэг үзүүлэх шаардлагатай юм байна гэж харж байна”
-Биеийн ачаалал ихтэй байсан болохоор түүнийгээ дагаад биеийн хөгжил сайжирсан-
Оюутан цэрэг Л.Билгүүнзаяа “МУИС-д Олон улсын харилцааны чиглэлээр суралцдаг. Одоо хоёрдугаар курст орно. Оюутан цэрэг хөтөлбөрт бага хугацаанд ихийг сурч мэддэг болохоор нь зорьж ирсэн. Цаашдаа төрийн алба хаахад цэргийн алба хаасан байх ёстой гэдэг нь энэхүү хөтөлбөрт хамрагдахад нөлөөлсөн. Би хотод байхдаа хөдөлгөөн багатай байсан бол энд ирээд гүйж харайх нь ихэссэн. Ялангуяа биеийн ачаалал ихтэй байсан болохоор түүнийгээ дагаад биеийн хөгжил сайжирсан. Нэлээд борлосон. Анх энд ирэхэд ачаалал ихтэй байсан ч одоо хоёр сарын албаа дуусгаж байгаадаа баяртай байна. Цэргийн хоол дажгүй шүү. Гэрийнхэн маань өнөөдөр ирээд өндөр, хөрслөг бор болсон байна гэсэн” хэмээн хээрийн сургуулилтын талбар дээрээс сэтгэгдлээ хуваалцсан юм.
-Хүү маань өөртөө зорилго тавин “Оюутан цэрэг хөтөлбөр”-т явсан-
Оюутан цэрэг Л.Билгүүнзаяагийн ээж Ч.Наранцэцэг“Анх хүүгээ Оюутан цэрэг хөтөлбөр”-т бүртгүүллээ гэхэд аав бид хоёр нь эр хүн цэргийн алба хаах ёстой хүлээсэн үүрэг нь гээд дэмжиж байсан. Миний их их өөрчлөгдсөн байна. Бие бялдар нь их сайхан хөгжиж, тэсвэр хатуужилтай болсон байна. Эх хүний хувьд хамгийн их олзуурхаад байгаа зүйл нь компьютер, телевиз, гар утаснаас ангид дасгал сургуулилт хийж байгаа нь маш сайхан санагдаж байна. Миний хүү гэрээсээ ийм олон хоног хол байж үзээгүй. Гэхдээ эр хүн бүрийн хаадаг алба. Хүү маань өөртөө зорилго тавин “Оюутан цэрэг хөтөлбөр”-т явсан” хэмээн ярьсан юм.