Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн өнгөрсөн даваа гарагт ажилдаа орж, хамтран амьдрагч Кларк Гэйфорд нь хүүгээ харах хүндэт үүргийг авчээ. Улс төрчийнхөө хувьд өндөр албан тушаалд сонгогдсон үедээ жирэмсний амралт авсан анхны эмэгтэйгээр Пакистаны Ерөнхий сайд асан Беназир Бхутто тодорч байв. Тэрээр 28 жилийн өмнө хүүхдээ төрүүлэх хүртлээ ажлаа хийж байсан гэдэг.
Жасинда Ардерны бие давхар болсон тухай мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан даруйдаа түүнийг шүүмжлэлийн бай болгож байв. Ихэнх шүүмжлэл түүнийг өөрийг нь сонгосон хүмүүсийн итгэл, үүрэгт ажлаа бүрэн ухамсарлалгүй бодлогогүй алхам хийсэн гэдэгт чиглэж байлаа. Нөгөө талд эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцэгчид түүнийг өмөөрч хүүхэд төрүүлж, хэсэг хугацааны дараа ажилдаа эргэн орсон ч ажлаа эрчүүдээс дутахгүй хийж, амжилт гаргаж чаддаг олон эмэгтэйчүүд бий гэдгийг онцолж байсан юм. Энэ бүхний зэрэгцээ хүүхдийг зөвхөн эх нь харж, асран гэртээ суух нь хүйсийн тэгш эрхийг зөрчиж буй хэрэг гэдгийг ч сануулсан.
Тэгвэл энэ бүх маргааныг таслан Жасинда Ардерн Ерөнхий сайдынхаа үүрэгт ажилд эргэн орж хамтран амьдрагч Кларк Гэйфорд нь бяцхан хүү Неве Те Ароха-гаа асран гэртээ суухаар боллоо. Дэлхийн олон оронд эмэгтэйчүүдийг хүүхэд төрүүлсний дараах амралтыг мөнгөн тэтгэмжтэй байхаар хуульчилсан байдаг бол зарим улсад эцэг, эх хоёуланд нь энэ амралт, тэтгэмжийг олгохоор, заримд нь аавуудад бага насны хүүхдээ асарч гэртээ суусных нь төлөө мөнгөн тэтгэмж олгохоор хуульчилжээ.

Австралид эцэг, эх гэж ялгалгүй хүүхэд төрсний дараа 14 хоногийн цалинтай чөлөө олгодог ч хосуудын 4-5 хувь нь л хамтдаа энэ чөлөөг авдаг гэдгийг Австралийн Гэр бүл судлалын хүрээлэнгийн судалгаа харуулжээ. Энэ нь ихэвчлэн 14 хоногийн чөлөөний дараа ажлаа алдах эрсдлийг нэмэгдүүлдэг, эцгээс илүү эхчүүд хүүхдээ харах нь зөв гэсэн нийтлэг хандлагатай байдгийг илэрхийлж байгаа юм. Нөгөө талаар хүүхдээ төрсний дараах амралтын улмаас ажлаа алдсан шалтгаанаар заргалдах нь эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдийн ялах магадлалыг нэмэгдүүлдэг, энэ асуудалд хүйсээр ялгаварлан гадуурхах асуудал давхар сөхөгддөг, эрэгтэйчүүд ийм асуудлаар шүүхээр явахаас зайлсхийдэг зэрэг олон асуудал үүсгэдэг аж.
Шинэ Зеландын хувьд аавууд хуулийн дагуу, цалингүй 14 хоногийн чөлөө авах эрхтэй ч уг эрхээ эдлэдэг эрэгтэйчүүд дөнгөж 4 хувийг эзлэдэг гэсэн албан ёсны тоо бий.
Тэгвэл Англи улсад хосуудын ердөө 2 хувь нь хүүхдээ асрах чөлөө авдаг. Тус улс 2015 онд гэр бүлийн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж энэ төрлийн чөлөөг эцэг, эхэд ижилхэн хугацаанд буюу 37-50 хоног, цалинтай байхаар зааж өгчээ. Гэсэн хэдий ч байдал өөрчлөгдсөнгүй, эмэгтэйчүүд л хүүхдээ хардаг байдал дийлэнх хувийг эзлэсээр байна.
АНУ-ын хувьд эцэг эх хоёрын аль алинд нь цалинтай чөлөө олгох үндэсний бодлогогүй цорын ганц хөгжиж буй орон юм. Америкийн зарим муж улс болон компаниудад эцэг, эх, асран халамжлагч хүмүүст төрсний дараах чөлөө олгоход зориулсан бодлого нэвтрүүлсэн байдаг ч уг үзүүлэлт улсынхаа нийт гэр бүл, жилд төрж буй хүүхдийн тоотой харьцуулахад харьцангуй бага тоо хэвээр байсаар байна.
Эцгийн үүргийг зөвхөн гэр бүлийн санхүүгийн асуудлыг бүрэн нуруундаа үүрэхээс хэтрэхгүй болгож буй гол хүчин зүйл нь эхнэр, нөхрийн орлогоос илүүтэй соёл, хандлага чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс хүйсийн эрх тэгш байдал, эхнэр нөхрийн орлогын хэмжээ бус соёл, хандлагаа өөрчилөх хэрэгтэй гэдгийг улс төрчид, эдийн засагчид, сэтгэлзүйчид, удирдах албан тушаалтнуудаас гадна эрчүүд ч хэлсээр байгаа юм.
Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн болон түүний хамтран амьдрагч Кларк Грэйфордын жишээ нярай болон бага насны хүүхдээ асран халамжлан гэртээ байх тухай асуудлыг соёл, хандлагын талаас нь төдийгүй маргааны гол сэдэв болсон хүйсийн тэгш эрхийн талаас нь ч гэсэн өөрчлөх эерэг алхам болно гэж үзэх хүмүүс их байна.