Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 20-28-нд Унгарын нийслэл Будапештэд болно. Эрэгтэйчүүдийн 51, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчдын нэрс тодорлоо. Монголын чөлөөт бөхийн холбоо ДАШТ-д оролцох баг тамирчдаа сонгох “Сорилго” тэмцээнийг наймдугаар сарын 4-5-нд зохион байгууллаа.
Эхний өдөр тойргийн барилдаанд эрэгтэйчүүд чансааны хоёроос долоо, эмэгтэйчүүд хоёроос дөрөвдүгээр байрт багтсан тамирчид тойргоор барилдаж, ялагч нь халз барилдаанд өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр (Хангарьд), 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга (Аваргууд академи), 65 кг-д ОУХМ Т.Тулга (Арслан), 70 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран (хоёул Алдар), 79 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат (Хасу-Мегастарс), 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн (Алдар), 92 кг-д Л.Төртогтох (Арслан), 97 кг-д ОУХМ Ө.Батзул (Аврагч), 125 кг-д ОУХМ Н.Золбоо (Хүч), эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Э.Нарангэрэл (Хангарьд), 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг (хоёул Хилчин), 57 кг-д ОУХМ А.Батцэцэг (Хасу-Мегастарс), 59 кг-д ОУХМ Б.Шоовдор (Хилчин), 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон (Алдар), 65 кг-д спортын мастер Х.Болортуяа, 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг, 72 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа (Хангарьд), 75 кг-д ОУХМ Г.Наранчимэг нар халз барилдааны ялагч болж ирэх аравдугаар сард Дунай мөрний эргийг зорих тийзээ захиаллаа. “Сорилго” тэмцээний шигшээ барилдаанд хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхонтой, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ А.Батцэцэгтэй, ОУХМ Б.Батмагнай Т.Тулгын дуэль бөхөд хайртай ард түмний анхаарлыг татсан. “Сорилго”-д 70 кг-ын жинд АНУ-аас ирж барилдсан ОУХМ Санжаагийн Ганбаяр өөрөөс 10 гаруй насаар дүү Б.Бямбадоржид хоёр удаа ялагдсны дараа зодог тайлах шийдвэрээ гаргалаа. Сэм авгад 10 гаруй жил ажиллаж, амьдарч буй алдарт бөх Д.Оюунболд агсны шавь С.Ганбаяр нутагтаа, тэр тусмаа дэвжээн дээрээ зодог тайлах шийдвэрийг гаргасан нь бөхөд хайртай ард түмэнд тун сайхан хүлээж авав. Эрэгтэй бөхчүүд хамгийн сүүлд 1995 оны АНУ-ын Атланта хотод болсон ДАШТ-д 10 жинд өрсөлдсөн бөгөөд ийнхүү 23 жилийн дараа Будапештэд 10 жинд өрсөлдөхөөр боллоо.
Эрхээ авсан тамирчдыг танилцуулж байна.
