Дулааны улиралд хүмүүсийг зовоодог өвчний нэг бол харшил. Хоолны хордлого, гэдэсний халдварт өвчнөөр өвдөхөд хоёр, гурав хоноод эдгэрдэг бол энэ өвчин бараг эдгэрдэггүй. Жил бүр л хүмүүсийг зовоосоор байдаг. Өнөөдөр Улаанбаатар хотын хувьд харшлын өвчин багасах улирал бараг байхгүй болсон. Яагаад гэвэл өвлийн агаарын бохирдлоос болж ханиаж багтрах нь багасуут зун болж зүлэг ургаж, модод нахиалж эхлэхэд ургамлын харшил эхэлдэг. Гэхдээ хүмүүсийн харшил хамгийн их хөдөлдөг үе нь долдугаар сарын 10-наас есдүгээр сарын эх хүртэлх хугацаа  юм. Долдугаар сарын дундаас шарилж луулины тоосоо гөвөх үе эхэлдэг. Шарилж луулины тоос нь харшил үүсгэх чадвараар бусад ургамлаас илүү, олон хүний хөлөөр талхлагдсан газар ургадаг болохоор "хөл газрын ургамал" гэж нэрлэдэг.

Сүүлийн жилүүдэд харшил, харшлын шинж чанартай өвчлөл ихэсч байгаа. Ялангуяа 6, 7, 8-р саруудад улам дэгддэг. Тэр дундаа улирлын чанартай тохиолдох ургамлын тоосны харшил өвчин их байна. Нийт хүн амын 2-3 хувь нь ургамлын тоосны харшилтай гэж мэргэжлийн байгууллагын судалгаанд дурджээ.

Агаарын болон хүрээлэн буй орчны бохирдол, тоосжилт, биеийн дархлаа зэргээс үүдэн монголчуудын дунд харшилтай хүмүүс улам олширсоор байгаа. Ялангуяа бага насны хүүхдүүд, залуучууд харшлаар өвчлөх явдал нэмэгдэж байна. Тэр дундаа хот суурин газрын орчны бохирдол, байгаль, экологийн доройтол, цөлжилт бий болсон зэрэгтэй холбоотойгоор хүн амын 3-5 хувь нь шарилжийн тоосны харшлаар өвчилж байна.

Биологийн шинжлэх ухааны доктор Б.Сангидорж  “Сүүлийн жилүүдэд манай улсын хэмжээнд ч биш дэлхий нийтээрээ харшлаар өвдөгсдийн тоо нэмэгдэж байгаа. Монголын хувьд улирлын чанартай тохиолдох ургамлын тоосны харшилтай иргэд ихэссэн. Ургамлын тоосон дотроо шарилжийн төрлийн тоосны харшилтай иргэд харьцангуй ихсэн байгаа. Энэ бол манай улсын хүн амын маш их анхаарал татсан өвчин болсон. Сүүлийн 10-аад жил энэ асуудалд анхаарч, нийслэл болон бусад төвлөрсөн амйгуудад шарилж өвчин үүсгээд байгаа шалгааныг судалж, өвчнөөс сэргийлэх талаар тодорхой арга хэмжээ авч, шинжлэх ухааны үндэслэлтэй аргачлал боловсруулж практикт нэвтрүүлснээр үр дүнд өвчлөл харьцангуй багасаж байгаа. Өвчлөлийг аваад үзвэл мнай улсын нийт хүн амын 3-5 хувь нь зөврхөн шарилжаас үүдэлтэй харшлааро өвдөх нөхцөл бүрдсэн байсан. Үүний шалтгаан нь хүрээлэн байгаа орчны бохирдол, экологийн хямрал гээд гадаад хүчин зүйл, хүн амын эрүүл мэндийн байдал болон дархлааны систем суларч байгаа нөлөөлж байна гэж үздэг. Хүмүүс өвчин хүндэрсэн үедээ харшилтай байна гэдгээ мэддэг. Иргэд өнөөдөр харшил хөдөлсөн бол маргааш Доржийн хэрэглэсэн эмийг хэрэглэчих юм чинь гэж өвчнөө улам хүндрүүлж, өвчлөлийг хүнд шатанд үргэдэг байсан. Иймээс бид сургалт, сурталчилгааны материалд анхаарч өвчтөнд эрүүл мэнд экологийн боловсрол олгох асуудал дээр анхаарч ажилласны үр дүнд тодорхой үр дүнд хүрч байна”

Арьс өвчин судлалын үндэсний төвд харшлын өвчнөөр үйлчлүүлэгчдийн тоо сүүлийн саруудад ихээр нэмэгдэж, ачаалалтай ажиллаж байна. Өдөрт нэг эмч 45 хүн үзэх нормтой байдаг ч ачаалал их байгаа учир 45-60 гаруй хүнд үйлчилж байна. Харшлын өвчнөөр өвчлөгдсдийн ихэнх нь ургамлын, тоосны, хамар битүүрсэн харшилтай байна. Түүнээс гадна арьсны өвчтэй хүн өөрийгөө харшилтай гэж андуурах явдал их байдаг гэнэ. Тиймээс арьс болоод харшлын өвчнөө хүндрүүлэхгүйгээр мэргэжлийн эмчид хандах хэрэгтэйг сануулж байна.

Харшлын эмч С.Байгалмаа “Шарилж, ургамлын тоосны ид дэгдэлтийн үе, амьсгалын замын харшил давамгайлж байна. Нэг эмчид 45-50 хүн үзэх нормтой ч түүнээс ч их иргэд хандан хандалт бол маш их байна. Долоодугаар сарын 15-наас хойш манайд хандсан хүмүүсийн дийлэнх нь гол төлөв хамар битүүрэх, нүд загатнах зэрэг шинж тэмдэг илэрсэн ургамлын харшилтай хүмүүс байна. Наймдугаар сар гарсаар манайд хандах иргэд эрс нэмэгдэж байна. Арьсны өвчтэй хүмүүс өөрсдийгөө харшилтай гэж андууран дур мэдэн эмчилгээ хийх зэргээр өвчнөө хүндрүүлж ирэх тохиолдлууд цөөнгүй байна”

Манай улс агаарын болоод орчны бохирдлоо арилгаж байж харшлын өвчний гаралтыг багасгана. Тиймээс харшлын өвчний эсрэг ойр орчмын шарилжыг устгах, аль болох хүрээлэн буй орчноо цэвэрхэн байлгах нь урьдчилан сэргийлэх маш том арга хэмжээ болдог байна.