Дэлхийн хоёрдахь ноён оргил К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийсэн МУГТ Б.Гангаамаа үндсэн отог дээр эсэн мэнд бууж ирсэн, түүний биеийн байдал сайн байгаа гэж уг авиралтыг зохион байгуулагч Пакистаны АТР компанийн гүйцэтгэх захирал ноён Найкнам Карим (Naiknam Karim) мэдээллээ.

К2 уулын оргилд 2018 оны долдугаар сарын 21-нд манай уулчинтай хамт нийт 31 уулчин нэг дор хамт гарсан нь дээд амжилт болж байна. Өмнө нь 2012 оны долдугаар сарын 31-нд нэг дор 28 уулчин К2 уулын оргилд хөл тавьж байсан тухай The Hymalayan News сонинд бичжээ. Монголын анхны уулчин төдийгүй анхны эмэгтэй уулчин Б.Гангаамаа нь анх удаа К2 уулын оргилд амжилттай гарлаа гэж Пакистаны сонинд хэвлэлд дурьдсан байна.

К2 уулын оргилд долдугаар сарын 22-нд гараад буух замдаа Япон улсын уулчин Кожиро Ватанабе Kojiro Watanabe нь оргилын доохон нарийн хоолойгоор (Bottleneck) бууж байхдаа хальтирч амь насаа харамсалтайгаар алдсан байна.

К2 нь хамгийн хүнд бөгөөд хамгийн аюултай уулын нэгэнд зүй ёсоор тооцогддог бөгөөд Италийн уулчид Ахиль Компаноьори (Achille Compagnoni) ба Лино Ласедели (Lino Lacedelli) нар анх 1954 онд K2 уулын оргилд хөл тавьснаас хойш 337 уулчин тус оргилд гараад байна гэсэн бүртгэл байдаг бөгөөд энэ хугаацаанд 84 уулчин авиралт хийж байгаад амь насаа алдсан аж.

МУГТ, уулын спортын ОУХМ Б.Гангаамаагийн түүхэн дээд амжилтууд

-2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/

-2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/

-2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/

-2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/

-2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/

-2016 онд Австрали тивийн ноён оргил Карстенс /4884 м/

- 2016 онд Антарктид тивийн ноён оргил Винсон массив/д.т.д 4897м/

-2018 он долоодугаар сарын 23 Чогори /К2-8611 м/