Өнгөрсөн мягмар гаригт үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер бууж, Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн хонгилд байсан хорт хавдар эмчлэх туяаны шинэ тоног төхөөрөмж ашиглалтад орохоосоо өмнө гэмтсэн гэх мэдээллийн араас тодрууллаа. Тодруулбал, Засгийн газрын шугамаар Австрали улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Хавдар  судлалын үндэсний төвд 7 сая еврогийн өртөг бүхий сүүлийн үеийн өндөр технологийн тоног төхөөрөмжийг  угсран эмчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байсан. Энэхүү төсөлд багтсан туяа эмчилгээний аппарат гэмтсэн гэдэг мэдээлэл байсан юм.  Уг аппаратыг Америкийн “Varian” компани үйлдвэрлэсэн бөгөөд тендерийн хэрэгжүүлэгч, тоног төхөөрөмжийг нь суурилуулагчаар Австрийн компани ажиллаж байгаа аж. Гурван сая ам.долларын үнэтэй шугаман хурдасгуурт туяаны шарах аппаратын хоёр төхөөрөмжөө суурилуулахаар бэлдэж байх үед ийнхүү эмнэлгийн байгууламжид үерийн ус орон суурь хэсэг гэмтэн угсралтын ажил зогссон байна.

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэнгээс үүсээд байгаа нөхцөл байдлыг тодрууллаа.

- Гурван сая ам.долларын үнэтэй туяаны аппарат үерийн усны улмаас эвдэрсэн гэдэг мэдээлэл байгаа?

-Уг аппаратын суурилуулах гээд угсралтын ажил эхэлсэн байсан. Энэ аппаратыг та бүхэн харж байна. Задлаагүй байгаа. Задлахаасаа өмнө заавал бүрэн бүтэн байдлыг нь шалгаж,  задлах ёстой. Азаар энэхүү аппарат маань гэмтээгүй байгаа.  Хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээлэл бол ташаа юм. Үндсэн том тоног төхөөрөмж нь өөрөө 8 тн-ын жинтэй задлаагүй бүрэн бүтэн эвдэрч гэмтээгүй байгаа.

-Энэ төхөөрөмжийн өндөр технологийн эмчилгээний үйлдлийн талаар та тайлбарлахгүй юу?

-Орчин үеийн туяа эмчилгээний цоо шинэ технологийг бид нэвтрүүлэх гээд үүнийгээ л хурдан эмчилгээнд хэрэглэж эхлүүлэх гээд сандраад байгаа. Энэ тоног төхөөрөмж нь тогны энергийг цацраг идэвхт бодис болгоод тухайн хавдрыг туяа эмчилгээгээр эмчилдэг зориулалттай тоног төхөөрөмж.  Одоогоор тогонд  холбогдоогүй үед ямар нэгэн цацраг идэвхт бодис ялгаруулдаггүй. Тиймээс одоогийн байдлаар ямар нэгэн цацраг туяа ялгаруулж байгаа аюул байхгүй. Энэ бол технологийн дэвшил. Энэ технологи ашиглалтад орсноор туяа эмчилгээний шарлага эмчилгээ  маш нарийвчлалтай хийгдэнэ. Тухайлбал, гаж нөлөө багатай буюу яг тухайн байгаа оновчтой олон хажуугаар нь байрлаж байгаа эрүүл эрхтнүүдийг гэмтээх магадлал багатай чухал технологи.

-Сая онцгой байдлын ерөнхий газраас ирээд шалгалт хийгээд явлаа. Ингэснээр цацраг идэвхт бодис ялгаруулж байгааг шалгаж байгаа хэрэг үү. Ямар шалгалт хийсэн бол?

-Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар мөн Засгийн газрын хэмжээнд асуудал яригдаж, Хавдар судлалын үндэсний төвд энэ гамшиг болсон уу гэдгийг шалгаж, нөхцөл байдал юунаас үүдэлтэй яагаад ийм зүйл болов гэдгийг шалгаж байгаа. Мэдээж хохирлыг барагдуулах асуудал байна. Яавал энэ тоног төхөөрөмжийг буцаагаад хурдан үйл ажиллагаанд нь оруулж олон хүнд туяа эмчилгээний ололтот технологийг Монголд эхлэх үү гэдэг дээр туслах гэж байгаа гэж ойлгож байгаа.

-Үерийн усанд автсан суурь төхөөрөмжийг засаж, сэлбэх боломжгүй шинээр авах нөхцөл байдал үүсэн тухай яригдан засвал 400 мянган ам.доллар болно гэсэн мэдээлэл байсан. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Албан ёсоор хохирлын хэмжээг хэн ч гараагүй байна. Саяны суурь багажийг хэрвээ бүтнээр нь соливол хэдий хэрийн хөрөнгө гарах уу гэдэг баримжаа гаргахад нэг суурь нь 200 гаруй мянган ам.долларын үнэтэй гэсэн яриа гарсан. Бид энэхүү тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгч компанитай холбогдоод эхний арга хэмжээг авсан. Энэхүү суурь төхөөрөмжийг ус чийгнээс салган зэврэлтээс хамгаалан  товуд түрхсэн байх ёстой. Жижиг моторууд ажиллагаагүй болсон байх эрсдэл өндөр гэсэн хариуг авсан байгаа. Нарийн мэргэжлийн хүмүүс нь ирэн юуг нь яаж янзлах талаараа хэлэх учраас одоогоор бид энэ талаар мэдээлэл өгч чадахгүй.

-Энэхүү өндөр технологийн төхөөрөмж хамгийн ойрдоо ОХУ-ын Эрхүү хотод байдаг гэсэн. Гадаадад энэ төрлийн эмчилгээнд хэдэн төгрөг зарцуулдаг байсан бэ. Одоо эх орондоо энэхүү төхөөрөмжийг ашиглалтад оруулж эмчилгээнд нэвтрүүлснээр нэг хүнээс эмчилгээний зардал хэдэн төгрөг гарах тооцоо байна?

-Ялангуяа нуруу, нугас, мэдрэлийн хавдрын үед хүмүүс гадаад руу туяа эмчилгээнд ихээр явж байна. Тиймээс энэ технологи л хэрэгтэй болоод байгаа юм. Гадаадад, өндөр хөгжилтэй орнуудад эмчилгээ нь хавдрын байрлал хэдэн удаа шарах вэ гэдгээсээ шалтгаалан 15-25 мянган ам.доллар байдаг.  Бид Монголдоо үүнийг үнэ төлбөргүй хийх ийм том технологи.