Монголчуудын дөрвөн хүний нэг нь элэгний өвчтэй гэсэн судалгаа байдаг билээ. Тэгвэл цөсний үрэвсэлтэй хvний тоо үүнээс ч хол давдаг гэнэ. Цөс нь хүний иддэг хоол хүнсэн дэхь өөх тосыг задалж, уусамтгай болгох үүрэгтэй гол эрхтэн ажээ. Хvн удаан хугацаагаар хоол идэхгvй тохиолдолд цөс ялгарахгvй өтгөрч, органик бус бодис тунаж улмаар чулууждаг байна.
Гадныхан монголчуудын ихэнх нь цөсний үрэвсэл эсвэл чулуутай байдгийг гайхдаг гэнэ. Тэгвэл энэ нь тогтсон цагт өдрийн хоол идэлгүй өдөржин хоосон байж байгаад оройн цагийн буруу хооллолттой шууд холбоотой ажээ. Энэхүү өвчний үед баруун хавирга доогуур хөндүүрлэх, өглөө ам гашуун оргих, хоолонд дургүй болох, дотор эвгүйрэх, зарим тохиолдолд нүүрний арьс буюу нүд шаравтар туяатай болох, уур уцаартай, цухалдуу болох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
Архагшсан цөсний үрэвслийг эмчлэх хамгийн найдвартай арга нь зөв хооллолт гэнэ. Ингэхдээ бага багаар тогтмол цагт хооллох, хоолыг хэт халуун эсвэл хөрсөн хойно идэхгvй байх, хурц амттай, өтгөн шөл идэхээс зайлсхийх, цагаан идээ, жимс зэргийг аль болох их идэх хэрэгтэй гэнэ.
Тухайлбал, цааган идээ нь хоол боловсруулахад чухал үүрэгтэй кальци, уургаар баялаг байдгаас гадна цөс өвчлөх үед ходоодны хүчил шүлтлэгийн баланс алдагдсаныг тэнцвэржүүлж өгдөг байна. Харин жимс, ногоо, ялангуяа А,С витаминаар баялаг үхрийн нүд, улаан чинжүү, сонгино, лаазалсан хүнс, архийг хориглохоос гадна давсны хэрэглээг багасгах хэрэгтэй ажээ.
Түүнчлэн уламжлалт засалд ямар ч амьтны цөс хүний цөсний өвчинд тустайгаас хамгийн дээд нь баавгайн цөс гэнэ. Гэхдээ баавгайн цөсний чадал их тул хамаагүй хэрэглэж болохгүй, эмчээс зөвлөгөө авч хэрэглэх ёстой.
Харин тарваганы цөс шарханд тустайгаас гадна архины хороос үүдсэн өвчнийг анагаадаг гэнэ.
Мөн цөсний өвчний үед амьтны цөснөөс гадна цагаан ямааны сүү, үхрийн сүүний ээдэм нь элэг, цөсний өвчинд тустай хэмээн хэрэглэж болох ажээ. Харин цөсний хүүдийн үрэвсэл болон цөс чулуужихад барагшины хандыг 200 гр буцалсан усанд анхны өдөр таван дуслыг, хоёр дахь өдрөөс хоёр, хоёр дуслаар нэмэгдvvлж арав хоног уух нь ихэд тустай гэнэ.
Ер нь цөс өвчлөх шалтгаан нөхцөл нь удаан хугацаагаар архи уух, биед таарамжгүй идээ ундааг байнга хэрэглэх зэргээс хүний хоол боловсруулах шингээлтийн хэвийн зохицолдоо алдагдахаас үүсдэг байна.
Цөс нь элгэнд барилдаж шарын цөвийг хадгалах уут учраас цөсийг эмчлэх нь элэгний өвчинг засахтай нарийн уялдаа холбоотой ажээ.