WE ARE ALTERNATIVES

Үе бүхэн өөрийн үзэл санаатай. Хүн төрөлхтөн орчин цагийн иргэншлийн гурав дахь мянган жилдээ шилжин орохуй дор иргэншил үзэн ядалт, зөрчил тэмцлээр хахаж, байгаль орчин нь доройтон орших, эс орших дээрээ тулжээ. Өнгөрсөн зууны туршид элдэв үзэл санаа, суртлаар бөмбөгдүүлж залхсан хүн төрөлхтөнд үзэл санааны ундарга шавхагдсан мэт санагдан, хэн нэгний онол баримтлалыг хүлээн авах хүчин чадал барагдсан аятай туйлдаж байлаа. Ийн самуурч, залхсаар арван жилийг ардаа орхив.

Бүхий л боломжоо шавхсан постмодернист ертөнцийг үзэх үзлийг ахин эргэцүүлэх, уудлан өөрчлөх оролдлогоос энэхүү шинэ үзэл санааны урсгал үүссэн

“Мета” хэмээх угтвар нь бүр Платоны оюун санааны ертөнц, мэдрэхүйн ертөнцийн тухай номлолоос эхтэй ажээ. Нидерландын эрдэмтдийн үзэж байгаагаар орчин үеийн хүмүүст постмодернизмын гашуун тохуурхлыг үүрд даван туулж, идеализмын талд ороход нь энэ үзэл туслах учиртай гэнэ. Бид нэг туйлаас нөгөө рүү савлах (oscillation) хэрэгтэй болно. Энэ төлвийг философчид ханын цагны дүүжин савлууртай зүйрлэжээ. “Модернизм”, “Постмодернизм”, “Метамодернизм” гээд өнгөц харахад адилхан, нэг нэгнээсээ урган гарсан мэт санагдах нэр томъёонууд байх. Үнэн хэрэгтээ бол эдгээр нь эрс ялгаатай суртлууд юм. Маш товч, хэт энгийнээр тэдний зорилгыг илэрхийлбэл:

МОДЕРНИЗМ: Ертөнцийг илүү сайн руу өөрчилье, үүний тулд бид илэрхийллийн аргаа өргөжүүлэх хэрэгтэй!

ПОСТМОДЕРНИЗМ: Хэлж болох бүх зүйл хэлэгдсэн. Бид зөвхөн бутархай дүрсийг цуглуулж эвлүүлж байгаа юм. Ертөнц сөнөсөн, хүн үхсэн. Хэл яриа л үлдсэн.

МЕТАМОДЕРНИЗМ: Үзэл санаанд итгэх, нэр төртэй байх нь хэтэрхий тэнэг ч байнга үүнийг тохуурхаад байх хэцүү. Одоогийн таны байрлал бол цагийн дүүжин савлуур юм. Метамодернизм нь практик суурь бус онолын урьдач нөхцөл. Өөрөөр хэлбэл бид нийгмийг байсан, байх ёстой төлөв рүү нь оруулахыг хүсэхгүй.

Метамодернизмын ялгааг илүү тодорхой ойлгохын тулд харьцуулалтаа үргэлжлүүлье.

УРЛАГ ДАХЬ ДИАЛЕКТИК

Модернизм Урлагийн үндсэн хэлбэрийг эргэн харах, илэрхийллийн шинэ арга олох.

Постмодернизм Сонгодог болон модернист урлагийн хэлбэр, бичлэгийг үйл хөдлөлийн орон зайд хоршуулах.

Метамодернизм Хүн төрөлхтний соёл бүхэл цул болохыг ухамсарлах, үйл хөдлөлөө ухаж ойлгох, соёл, урлагийн утга агуулгыг эрж хайх.

ҮНЭНГ ОЙЛГОХ НЬ

Модернизм Үнэн түгээмэл олон талтай (универсаль).

Постмодернизм Үнэн бол хийсвэр зүйл.

Метамодернизм Үнэн ганц байх ч, олон илэрхийлэлтэй.

ГҮН УХААНЫ БАРИМТЛАЛ

Модернизм позитивизм, феноменология + ницшеанизм, фрейдизм, марксизм.

Постмодернизм сонгодог философийн мэдлэгийн тогтолцоог сөнөөх постмодернизмын философи.

Метамодернизм синкретизм. “үл авцалдах” дүрийн сэтгэлгээ ба үзэл бодлын хоршил, уусалт.

МЕТАМОДЕРНИЗМЫН ГОЛ ҮЗЭЛ САНАА:

1. ”савлагаа” oscillation (рациональ синкретик) Эсрэг тэсрэг үзэгдлүүдийг нэгдмэл цул болгон хоршуулах (хүн бол: сүнс ба бие, соёл бол: шинжлэх ухаан, философи, урлаг, шашин, сэтгэл зүй). Бүхэл зүйлийн хэсэг бүр өвөрмөц шинж чанартайг зөвшөөрч, тэдний агуулгыг судлах, харилцан нөлөөллийг эрэлхийлэх

2. “мэдрэхүйн бүтэц” (гоо зүйн синкретик) Рациональ синкретик нь уран бүтээлд таарч тохирохгүй. Гоо зүйн (мэдрэхүйн) синкретикээс Атмосфер (заавал биш) гэх ойлголт төрөн гарах бөгөөд энэ нь өөртөө мэдрэхүйн ба чанадын (transcendens) зүйлсийг агуулна. Атмосфер нь бүх эд юмс, хүмүүс, үзэгдэлд буй. Нийтэд ойлгомжтой атмосфер гэдэг нь зохиогчийн арга барил («бүтээлч нүүр царай») болон тодорхой хүний дур булаах чанар юм.

Атмосферыг илэрхийлэх, түүний эх сурвалжид буй нэгдмэл чанарыг олох, нэгдмэл чанараар амьсгалах, олон төрөл зүйлийг тойруулах зэрэг нь шинэ урлагийн нэг зорилго юм. Эцэст хэлэхэд урлаг, гүн ухааны үзэл санаанууд нь өөрийн цаг үедээ тодорхой үзэл санааг илэрхийлж, түгээж түүгээрээ нийгмийн тэргүүлэх оюун ухааныг залуурдаж ирсэн юм. Энэ утгаараа: Модернизм нь: “Шинэ зүйл бол бид” гэх уриан дор их урлагт гүн итгэж, материаллаг дорд зүйлсийг оюунлаг дээд зүйлс ямагт ноёрхно, элит эрхэмлэг шинж бол нийгмийн давхраажилтын үр дүн, өмнөх үеийн урлагийн бодит залгамж чанарыг бид агуулна, урлаг бол оюун санаа болон уран бүтээлийн түвэгтэй, амаргүй үйл ажиллагааны үр дүн гэх мэт үзэл санааг тээж, дэлгэрүүлж явжээ. Постмодернизм нь: “Бид бол бүх зүйл”, хамгийн гол нь - арилжааны амжилт. Антиутопизм, байж болох бүхий л соёлын парадигм (загвар) өвөөс татгалзсан бүхнийг урлаг гэж нэрлэж болох юм гэх санааг дэлгэрүүлж, хэрэгжүүлж байлаа.

Метамодернизм болохоор: “Бид бол альтернатив” постмодернизмын аливаа үлдэгдлийг буруушаах гүн итгэлтэй байж, материаллаг ертөнц хийгээд үзэл санааны ертөнцийн хоорондох тэнцвэрийг эрэлхийлэн, танин мэдэхүйн замдаа янз бүрийн сургаал номлолуудын хооронд “савлах” нь хүний мөн чанар болохыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэх үзэл санааг 2011 онд гаргасан Метамодернизмын тунхагтаа зарлажээ. Үнэнийг эрэлхийлэхдээ үглэх бус, үйлдэх- савлах нь материаллаг болон оюун санааны хоорондох тэнцвэрийг хангах ёстой гэж тэд үзнэ.

Метамодернизм нь шинэ тутам ойлголт учраас бүрэн гүйцэд ухамсарлагдах хүртэл чамгүй цаг хугацаа шаардагдана. Гэхдээ метамодернизмын зарчим, логикууд урлаг соёлын цаашдын хандлагыг заагаад эхэлчихжээ.

МЕТАМОДЕРНИЗМД ХАМААРЧ БАЙГАА УРАН БҮТЭЭЛЧИД:

Зураачид: Олафур Элиассон, Грегори Крюдсон, Кэй Донэчи, Дэвид Торп, Рагнар Кьяртанссон.

Зохиолчид: Харуки Мураками, Роберто Боланьо, Дэвид Фостер Уоллес, Жонатан Франзе.

Хөгжмийнхөн: CocoRosie, Antony and the Johnsons, Жорж Ленц, Девендра Банхарт нар ажээ.

Эднийг метамодернизмд хамаатуулах үндэс нь тэд Метамодернизмын тунхагийг (manifesto) хүлээн зөвшөөрсөнтэй холбоотой юм.