Монгол түмний үндэсний их баяр наадам урианхай харваагаар эхэлсэн. Өнөөдөр хүүхдийн сур харваагаар үргэлжилж байна. Аймаг орон нутаг бүрээс өсвөрийн тамирчид цэц мэргэнээ сорьж байгаа үйл явдлаас дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
Үндэсний их баяр наадмын хамгийн хайр хүрэм, өхөөрдмөөр мөчүүдийн нэгээхэн хэсэг нь хүүхдийн сур харвааны үед тохиодог. Тэд жилийн энэ л өдөр удтал бэлтгэл хийснийхээ үр дүнг үзэж, цэц мэргэнээ түмэн олондоо гайхуулдаг юм. Бид Орхон аймгаас хүүхдийн сур харваанд оролцохоор ирсэн харваачидтай уулзлаа. М.Мөнхцэлмүүн охин энэ жил 9 настай. Тэрээр Ээжийгээ дуурайж, үндэсний сур харваанд татагджээ.

Өсвөрийн харваач М.Мөнхцэлмүүн “Багшийн гоё зан ааш, хүүхдүүдийн харвах хичээл зүтгэл гээд олон зүйлд анх татагдан харваж эхэлсэн. Анх сураар хичээллэж байгаад гараа өвтгөж байсан. Одоо зүгээр өвддөггүй. Багш маань алтан гартай. Хүүхдүүддээ маш их тусалдаг”
Харин О.Мөнхнасан хүү үндэсний өв соёлоо тээсэн спортоор хичээллэхийг хүссэн гэнэ. Иймээс л тэрээр сүүлийн 2 жил энэ спортоор хичээллэж олон амжилт үзүүлжээ.

Өсвөрийн харваач О.Мөнхнасан “Анх есөн настайгаасаа сур харваж эхэлсэн. Анх сур харваагаар хичээллэхэд гоё байсан. Тууштай хичээллэснээр олон амжилт гаргасан. Улсын аваргаас алтан медаль, улсын нээлтээс алтан медаль, Орхон аймгийн аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байрт орсон. Бусад спортын төрлөөс илүүтэй монголын спортын төрлөөр хичээллэе гэж бодоод сур харвах болсон. Анх нумаа татахад маш хэцүү бяр хүрэхгүй байсан. Одоо бол өөрийнхөө мэддэгийг дүү нартаа зааж сургаж байгаа” гэв.
Сурын спортоор хичээллэсэн багачууд үндэсний өв соёлыг тээгч болоод зогсохгүй балчир наснаасаа сэтгэлийн хаттай, тэвчээртэй болохоос эхлээд давуу тал олон бий гэж шүүгч нар хэллээ.

Баяр наадмын сур харвааны ерөнхий шүүгч С.Батхуяг “Сурын харваа бол хүүхдийг оюун ухаан, сэтгэл зүйн хувьд төлөвшүүлдэг тоглоом. Өөрийн алдааг өөрөө мэдрэн түүнийгээ засна. Сур харвах хүн төлөвших хоёр ижилхэн гэж үздэг юм. Учир нь сур бол алдаагаа засаж байж харваж сурна. Хүн ч гэсэн алдаагаа засаж байж ухаан ордог учиртай. 32 сумандаа аль илүү оноотой нь шалгарч “Улсын өсөх идэр мэргэн” цол авдаг. Багш нарын дасгалжуулалт жилээс жилд сайжирч байгаа учраас оноо жил бүрт өсөж байгаа”
Хүүхдийн сур харваанд 21 аймгаас 150 гаруй өсвөрийн тамирчин оролцож байна. Тэд 32 сум тавьж , шилдгээ тодруулах юм.



