Эрдэм номын мөр хөөн Европыг анх зорьсон Ю.Ариунгэрэл эдүгээ тэнд Монголынхоо нэрийн хуудас болсон брэнд бүтээгдэхүүнийг санаачлан бий болгоод байгаа ажээ. Тэрээр 2011 оноос Бельги, Монголын хамтарсан компанид ажиллаж эхэлсэн бөгөөд Бельгид интерьер дизайны чиглэлээр Leuven их сургуульд суралцаж 2013 онд төгсчээ. Ю.Ариунгэрэл сургуулиа төгсөхдөө гадаадад дадлага хийх эрх авснаар Японы Токио дахь “Torafu architects”-д таван сар дадлагажин ажилласан аж. Энэ хугацаандаа “Nike”, “Hermes”, “Aesop” зэрэг брэндүүд дээр ажиллaж туршлага хуримтлуулжээ. Ингээд 2017 homadic брэндийг үүсгэн байгуулсан байна.
-Интерьер дизайны мэргэжилтэй хүн хувцас загварын салбар руу орсон шалтгаан юу байв?
-Оюутан байх хугацаандаа янз бүрийн барилга, байгууламж, интерьер дизайн гаргана гэж бодож байсанчлан одооны ажиллаж буй “Shopinvest group” группийн хэд хэдэн дэлгүүрийн дизайныг гаргасан. “Shopinvest group” нь Бельгийн улсад 70-80 сүлжээ дэлгүүртэй.
Энэ групп маань 2002 оноос хойш Монголын хэд хэдэн салбарын компаниудтай хамтарч ажиллаж байгаа. 2000 оноос мөн асрамжийн газрын хүүхдүүдэд туслах гэх мэтээр тав зургаан төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Би малчидтай ойр дотно ажилладаг л даа. Жуулчдыг малчны хотод аваачдаг. Тиймээс ноос ноолуураар бүтээгдэхүүн хийвэл зүгээр юм гэж бодсон.

-Европт Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний хэрэглээ хэр байна вэ?
-Ер нь сайн мэддэг. Монгол ноолуур бол дэлхийд танигдсан. Homadic брэндийн хувьд ахуйн хэрэглээ болохыг нь анзаарсан тул монгол ноолууран бүтээгдэхүүний загварыг бага сага өөрчлөөд Европт гарах боломжтой гэж харсан. Энэ бол олон жилийн мөрөөдөл маань юм.
Ингээд анх бүтээлэг, ороолт гаргаж эхэлсэн. Монголдоо үйлдвэрлээд бэлэн бүтээгдэхүүнээ Европ руу гаргаж байгаа. Ингэснээр Монголд ажлын байр бий болж, нэмүү өртөг эндээ шингэж үлдэнэ.
Бүтээгдэхүүнийхээ өнгө, загварт анхаарахаас гадна органик бүтээгдэхүүн гэдэг онцлогт нь анхаардаг. Энэ чанарыг нь ч Европт мэддэг хүмүүс олон. Ер нь монгол ноолуурыг сайн мэддэг болж байна.
-Бүтээгдэхүүнээ гаргаад удаж байна уу?
-2016 оны арванхоёрдугаар сараас анх худалдаанд гарсан. Европууд тэмээний ноос, сарлагийн хөөврийг төдийлөн мэдэхгүй учраас тэдний сонирхлыг татах үүднээс жижиг бүтээгдэхүүн бээлий, оймс борлуулж эхэлсэн. Үнийн хувьд ч боломжийн болохоор хэрэглэгчид сонирхож авдаг. Мөн бүтээгдэхүүнээ онлайнаар худалддаг www.homadic.com гэж сайтыг би өөрөө хийсэн. Энэ сайтаараа захиалга их авдаг.
-Homadic brand-ийн тань болон лого нь сонирхолтой санагдлаа?
-Нэлээд утга учрыг шингээж өгсөн нэр. Homadic нэр нь home, nomadic гэсэн хоёр үгийн нийлбэр бөгөөд логондоо ч бас энэ утгаа шингээсэн. Home гэдэг нь гэр ахуйн хэрэглэл, тав тух гэсэн утга, бас гэрээсээ, нутгаасаа, Монголоос гэдэг утгийг илэрхийлж байгаа. Nomadic бол нүүдэлчдийн гэсэн санаа юм.
Европт монгол ноолуурыг байтугай Монголыг мэдэхгүй хүмүүс ч байдаг. Тэдэнд эхлээд Монголоо таниулж танилцуулах хэрэгтэй болдог. Тэгж байж бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдан борлуулна. Бүтээгдэхүүнийг маань хараад Монголыг сонирхох хүний тоо нэмэгдэж байгаа гэж бодож байна. Ер нь Голланд, Люксенбург, Бельгийн иргэд Брюсселиэс виз авдаг. Тэнд ачаалал их байдаг болсон байна лээ.
-Сая Монголд ирэхээсээ өмнө Бельгийн Ерөнхий сайдын зохион байгуулсан уулзалтад уригдсан гэсэн. Энэ талаараа сонирхуулаач?
-Тийм, Бельгийн Ерөнхий сайд Charles Michel онлайн маркетингийг дэмжиж шинэ энтрепренёруудыг урьж уулзалт хийсэн. Уг уулзалтаар Боловсрол & ур чадвар, Олон янз байдал ба эмэгтэйчүүд, Илүү сайн Бельги гэсэн сэдвээр ярилцсан. Тэр уулзалтад оролцсон. Homadic-н онлайн худалдааны сайт ажиллуулаад монгол ноос, ноолууран бүтээгдэхүүнийг борлуулж анхааралд нь өртсөн байх л даа. Цаашид бүтээгдэхүүнээ интерьер дизайны хүний хувьд илүү гэр ахуйлаг байдлаар хөгжүүлнэ гэж боддог.