Зуны урин дулаан цаг ирж гэр бүл, найз нөхөд, хамт олноороо аялалд гарахаар төлөвлөж байна уу. Харамсалтай нь бидэнд мэдээлэл дутуу байдгаас хаашаа аялах вэ гэдэгтээ их эргэлздэг. Тэгвэл аялагч хэн бүхэнд дуулгах таатай мэдээ байна. Эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар аялахад тань таны аяллын гол хөтөч болох “Монгол орны аяллын газрын зураг” иргэдийн гар дээр очиж байгааг дуулгая. Аяллын хамгийн сайхан агшинг гэр бүл найз нөхдийн халуун дулаан уур амьсгал дунд адал явдалтай учрах, шинэ сорилтуудыг хамтдаа туулахад тань туслах шинэхэн аяллын газрын зургийн талаар аялагч, сэтгүүлч Д.Бадамсамбуутай ярилцлаа.
-Монгол орны аяллын газрыг зураг иргэдийн гарт өнөөдрөөс хүрч эхэллээ. Энэхүү газрын зураг хэрхэн бүтсэн бэ?
-Аяллын газрын зураг гэж өнгөрсөн жил анх хэвлэгдэн гарсан. Гэхдээ тэр нь бүдүүн тоймын жаахан алдаа оноотой зураг гарсан. Өнгөрсөн жилийн тэр зураг хэрэгцээ ихтэй, хүмүүст их эрэлт үүсгэсэн дээр нь тараалт, түгээлт нь иргэдэд бүрэн дүүрэн хүрч чадаагүй. Тиймээс энэ жил Голомт банктай ярьж байгаад бид хамтран мэргэжлийн хэмжээнд энгийн хүн ашиглахаар хялбаршуулсан байдлаар ийм газрын зураг хийе гэж шийдэцгээсэн. Монголчууд хэдэн мянгаараа наадмын дараа Улаанбаатар хотоос аймаг хооронд үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгалт газруудаар аялдаг. Тэдэнд мэргэжлийн зургаас гадна барьдаг нэг зүйл байх хэрэгцээ шаардлага гарсан тул “Монгол орны аяллын газрын зураг”-ийг бүтээсэн.
-“Монгол орны аяллын газрын зураг”-ийн онцлог, давуу тал?
-Монгол орны байгаль, соёлын өвийн 100 газрын зургийг гар зургаар дүрсэлсэн. Өөрөөр хэлбэл “Зурагт газрын зураг” гэдэг хэлбэр юм. Энэ нь монголд тэр бүр хөгжөөгүй газрын зургийн нэг төрөл. Байгаль, соёлын өв хоорондын зам, харилцаа холбоо ямар байгааг болон хар, шороон зам нь хэр вэ гэдэг бүх зүйл нь харагдаж байдаг хялбаршуулсан газрын зураг. Энэ газрын зураг дээрх бас нэг онцлог нь Монгол орны 21 аймгаар аялахад үзэх 160 газрын жагсаалт давхар байгаа. Аймаг хоорондын зам, хэмжээсүүд байгаа. Улаанбаатарт хотод үзэх 20-30-аад газрын тайлбар энд багтсан. Түүнээс гадна Монгол хүний заавал үзэх газруудаас 11 газар тайлбар, зурагтайгаа багтсан. Мөн аяллын зарим нэг зөвлөгөөтэй хялбаршуулсан газрын зураг юм. Аялалд шаардлагатай, аюулгүй байдлын хувцас, аялагчдын анхаарах зүйлс, аялалд гарахад мартаж болохгүй зургаан зүйлс гэх мэт мэдээллүүд багтсан. Өнгөрсөн жилийн газрын зургийг гялгар цаасан дээр хэвлэж байсан бол энэ жил эко цаас буюу дахин боловсруулах боломжтой цаасан дээр газрын зургаа хэвлэсэн. Энэхүү газрын зургийг санаачлан хэвлүүлж байгаа Голомт банк нийгмийн хариуцлагын үүднээс аялал жуулчлалын үйлдвэрлэлийг дэмжье. Хүмүүст хэрэгтэй зүйл хийе гээд цаас нь хүртэл байгальд хоргүй байх талыг бодолцон хэвлүүлсэн.

-Дотоодын аялагчдад нэлээд хэрэгцээтэй гарын авлага болох нь ээ?
-Тийм шүү. Маш хэрэгтэй бэлэг болно. Аялагчид аяллын бусад хэрэгслүүдээс гадна заавал газрын зурагтай аялах ёстой. Заавал GPS, ямар нэгэн аппликейшн хэрэглэдэг. Аяллын бүрэлдэхүүн хэсгийн дотор газрын зураггүй аялна гэдэг бол харанхуйд явахтай адил нэг талаасаа их хэнэггүй, нөгөө талаасаа мэдлэггүй, соёлгүй явдал бөгөөд дутуу аялж байна гэсэн үг юм. Энэ газрын зураг дээр зам харилцааны нарийн сүлжээнүүд гарснаас гадна тусгай хамгаалалттай газрууд, тухайн газар орны үзэж харах гол зүйл багтсан. Мэдээж бүх зүйл багтаагүй.
-Магадгүй ирэх жил илүү баялаг болон гарах болов уу?
-Энэ газрын зургийг ирэх жил боловсруулаад 250-аад зурагтай гаргая гэсэн санаа байгаа. Энэ жил газрын зурагт багтсан 100 зураг гэхэд л зүгээр нэг зохиомол зургууд биш. Үндсэн эх дүрээс нь авч гараар зурсан зурмал зураг байгаа.
Дотоод хэрэглээгээ идэвхжүүлэх, дотоодын аялал жуулчлалыг дэмжих, монголчуудыгаа аяллын соёлд сургах, аялал жуулчлалын үйлдвэрлэл хөгжиж Монгол орон өөрөө өөрийгөө тэтгэдэг байх. Өөрөөр хэлбэл үндэсний үйлдвэрлэл гэдэг бол аялал жуулчлал. Монголчууд сайхан, соёлтой аялдаг, хог хаядаггүй аялж сурах юм бол сэтгэл санааны хувьд сайхан. Эх орноо танин мэдэж чаддаг, үр хүүхдэдээ ч эх оронч хүмүүжил олгож чаддаг, өөрсдөө ч амарч таашаалаа авдаг болно. Нийгмийн тогтвортой байдалд хамгийн их чухал нөлөөлдөг зүйл бол аялал жуулчлал. Ер нь аялал жуулчлал гэж юу вэ гэхээр амьдралын тодорхой түвшинд хүрсэн, тайвширч чадсан нийгэмд аялал жуулчлал хөгждөг. Тэр дундаа ард түмэн нь аялагч болдог. Аялал жуулчлалын үйлдвэрлэлийн үндсэн тулгуур зүйл бол дотоодын нөөц бололцоо. Дотоодын аялал жуулчлалын нэг сайхан тал нь монголчууд өөрсдөө аялж зардал гаргаж нутаг ус, байгаль орчноо үзэхээс гадна үр хүүхэд, гэр бүл, найз нөхдийн нөхөрлөл их бэхэждэг. Ингэж байж нийгэм тайвширдаг. Нөгөө талаасаа Монгол хүн Монгол хүнээсээ үйлчилгээ авч, Монгол хүндээ мөнгөө өгч нийгмийн дотоод эдийн засгийн эргэлтэд идэвхтэй оролцдог хэлбэр. Дээр нь аялж байгаа хүмүүс мэдлэг, туршлага хуримтлуулдаг. Эх орныхоо газрын тухай мэднэ, яаж аялах уу, найз нөхөдтэйгөө яаж харьцах уу, яаж шинэ нөхөдтэй болох уу, ресторан, хээр гадаа яаж үйлчилгээ авах уу гэдгээ мэддэг. Хуучин бол монголчууд очсон газар болгондоо архиддаг, хог хаядаг, дампуу аяллын хэлбэртэй байлаа. Одоо зарим хэсэг нь үүнээсээ салаагүй байгаа боловч салаад сайхан аялдаг давхарга, соёлыг түгээгчид бий болоод эхэлсэн. Голомт банкны хамт олонтой өнгөрсөн жил, энэ жил дахин хамтарч ажиллаж байгаа нь нийгмийн хариуцлагын үүднээс нийгмийг тайвшруулах үйлдэлд хандая гэсэн зорилт юм.

-Энэхүү газрын зургийг иргэд хаанаас авч болох вэ?
-Өнгөрсөн жил энэхүү газрын зургийг маш олон мянгаар үнэ төлбөргүй тараасан. Энэ жил Голомт банкны Зэс карт, Ган карт ашигладаг хүмүүст шууд бэлэг болон тарна. Дээр нь шинээр Ган карт, Зэс карт авах хүмүүст бэлгэнд энэ газрын зураг очно. Өөрөөр хэлбэл тэрхүү картуудыг авсан иргэд Ази руу болон дотооддоо энэхүү газрын зургийг ашиглан хөнгөлөлт эдэлдэг байх гэсэн давхар давуу талтай. Банкны үйлчилгээг авангаа Монгол орноороо аялах газрын зургийн сайхан бүтээгдэхүүнтэй болно. Энэ газрын зураг хүмүүст үнэгүй хүрч байгаа гэсэн үг юм.
-Зам дагаж хөгжил гэдэг. Хөвсгөл аймаг руу шинэ зам тавигдахад тийшээ зорих дотоодын аялагчдын тоо эрс нэмэгдсэн.
-Чингис бондын мөнгийг баахан зам руу орууллаа, үр ашиггүй зүйлд өглөө гэсэн яриа байдаг. Гэтэл өнөөдөр Чингис бондын хөрөнгөөр барьсан замууд аймаг, хот, сут төвүүдийг холбосон. Маш богино хугацаанд бага зардалтай, өндөр хурдтайгаар өөр хоорондоо зорчин бизнес, харилцаа, зорчих гээд аялал жуулчлалын энэ бүх нөхцөл байдал нэлээд бүрэлдсэн байгаа. Энэ бол нөгөө талаасаа эдийн засгийг дэмждэг үл үзэгдэх идэвхтэй хэлбэр байгаа. Зам дагаад асар их хөгжил бий болж байгаа. Одоо Увс, Ховд, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймаг ороход зам сайн болсон учраас аялал жуулчлалын дэд бүтцийн нөхцөл суурь нь бараг бүрэлдчихлээ. Дээр нь аялдаг хүмүүс нь мөнгөтэй бөгөөд соёлтой байгаад ирвэл монголчууд нэг нэгнээ тэтгэн амьдрах тэр орон нутгийн шатахуун түгээх станц, замын ТҮЦ, хуушуур хийдэг эмэгтэй бүх хүмүүсээс эндээс очиж байгаа хүмүүс худалдан авалт хийхээр энэ зуны улиралд дотоодын эргэлт их сайжирдаг. Зам дагасан эдийн засгийн давхар ач холбогдлууд зөндөө бий.
-Зурагт газрын зургийн дагуу аялаад тухайн бүс нутагт очиход үйлчилгээ нь хэр байгаа бол?
-Тэр талаас нь хийхээр маш их мэдээлэл болчих гээд байгаа. Тиймээс ерөнхийдөө хялбаршуулаад Увс, Ховд руу явахад шилдэг зүйлс нь энэ шүү гэж хийсэн. Хэрвээ газрын зураг дээр зурагдаагүй байвал энэ аймагт юу үзэж болдогвэ гэдгийг харж болно. Бүүр нарийвчлаад тэр сум, газар руу гэхээр иргэд нэмэлт мэдээллээ ашиглана. Энэ бол ерөнхий аяллын дүр зургийг гаргана. Жишээ нь, Баян-Өлгий аймаг руу гэхээр бүргэд барьсан Казак хүний дүрслэл бүхий зураг байгаа. Төв Монгол руу ороод ирэхээр айраг барьсан улаан залаатай Монгол дуулж байгаа хүний зурагтай. Хөвсгөл аймаг руу гэхэд цаатай цаатан хүн байх жишээтэй. Хэнтийн Дорнодын хойгуур гэхээр ходоог тэрэгтэй Буриад хүн дүрсэлсэн байгаа. Энэ чинь угсаатны ерөнхий баримжаа нь хаана байгаа вэ гэдэг дүрслэлүүд багтсан. Мэдээж бүх зүйл ороогүй.

-Монгол орныг тойрон аялахад нийт хэчнээн шилдэг газрууд байдаг бол?
-Монгол орноор яваад үзэхэд дунджаар 250-аад шилдэг газрууд байгаа. Монгол хүний заавалүзэх 30 гаруй газрууд бий. Энэ удаад 100 газрын зургийг дүрслэн 40-өөд хувийг нь багтаан Монгол хүний заавал үзэх газраас 11-ийг оруулсан. Энэ бол ерөнхий баримтаа суурь юм. Улаанбаатар хотод ч аялахад хаашаа ямар чиглэлд хэчнээн газрыг үзэж болох вэ гээд орсон. Монголчууддаа ингэж баримжаа өгч идэвхжүүлж байгаа хэлбэр.
-Монголд дотоодын аялал хэр хөгжиж байгаа бол?
-Дотоодын аялал жуулчлал сайн хөгжиж байгаа. Учир нь эрэлт их байна. Хүмүүс аялах, үзэх сонирхол маш их байна. Улаанбаатар хот, аймгуудад, сумуудад ч Монгол орноо үзэх сонирхол байна. Гагцхүү дэд бүтэц, амьдралын чанар сайжрах ёстой. Өөрөөр хэлбэл дэд бүтэц гэдэг нь зам, харилцаа холбооноос гадна тэр очих газруудын зочид буудал, үйлчилгээ, хоол унд, монголчуудаа үйлчилдэг байх, монголчуудаа хүлээж авдаг байх. Монголын жуулчдыг гадаадын жуулчдаас дутуугүй хүлээн авдаг байх нэг хэлбэр. Нөгөө нэг нь монголчууд өөрсдөө баг хамт олон, найз нөхдөөрөө нийлээд, гэр бүлээрээ аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг худалдаж явдаг болох. Өөрөөр хэлбэл дэлгүүрээс аливаа зүйлийг худалдаж авдаг шиг “За би Хөвсгөл рүү аялна. Танай компани энэ аяллыг зохион байгуулаад өгөөч ээ. Бид танай компанийн үйлчилгээнд тэдийг төллөө. Өөрсдийнхөө зардалд тэдийг төллөө гэхээр нөгөө компани аяллыг зохион байгуулаад та нар ямар ч унаа, шатахуун, хоол хүнс гэж санаа зовохгүйгээр сайхан амраад аялаад идэж, уугаад үзэж харах зүйлээ үзээд явдаг. Аяллын бүтээгдэхүүний багцыг худалдаж авдаг соёлд суралцах. Дэд бүтцийг бий болгохын тулд төр өөрөө татварын болоод дэд бүтцийн бүтээн байгуулалтын дэмжлэг үзүүлэх. Мөн очиж үздэг газруудыг улс, амйаг орон нутаг бодлогоор үзэж хардаг зүйлүүдийг нь сайжруулж өгөх хэрэгтэй. Өнгөрсөн аялал жуулчлалын хэлбэр ихэвчлэн компаниудын нуруун дээр ирсэн.
Улс аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл аялал жуулчлалын хамгийн шилдэг бүс нутгуудад хөрөнгө оруулалт хийх ёстой. Жишээлбэл, Хархорин, Эрдэнэ зуу хийдийн орчимд яаж эртний хотыг үзэхэд тааламжтай байх уу, яаж хүнд сайхан харагдах уу гэдгийг бодлогоор үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт гэдэг нь дэд бүтцээс гадна нөөц бүтээгдэхүүнийг сайжруулах чиглэлд оруулдаг. Хархоринд очиход яаж эртний нийслэлийн сэтгэгдэл төрүүлэх зүйлийг улс яаж бий болгож өгөх вэ, дараа нь үүнийг ард түмэн, компаниуд яаж мөнгө болгон худалдах юм гэдэг зүйлийг төрөөс хийх ёстой. Тэр аялал жуулчлал тэргүүлэх салбаруудын нэг гэж байгаа боловч үүнийгээ хөгжүүлж чадахгүй байгаа. Аялал жуулчлал монголд эрэлт нь өндөрссөн байна. Үүнийг даах хөрөнгө оруулалтыг хий, бодлоготой бол, тэргүүлэх салбар гэсэн чиглэл рүүгээ яв.

-Монголын аялал жуулчлалыг дөрвөн улиралд ч хөгжүүлэх боломжтой гэдэг шүү дээ?
-Монголын аялал жуулчлалын нээлттэй нөөц нь зуны улирал байдаг. Гэтэл намар, хавар, өвлийг яаж ашиглах юм бэ гэдэг зүйл нь аяндаа аялал жуулчлалын салбар руу хөшүүрэг нь сайжраад эхлэхээр бий болоод эхэлдэг. Монголын өвөл өөрөө олон хүн үздэг, хардаг, мөнгөө төлдөг бүтээгдэхүүн болж хувирна. Үүнд нэлээд бүтээлч үйлдвэрлэлийн хандлагатай хүмүүс орж ажилладаг байх ёстой. Одоохондоо бид бодит үйлдвэрлэл буюу уул уурхай, түүхий эд дээр л булаацалдаад байна. Аялал жуулчлал маш эерэг үр дүнтэй. Хүмүүс боловсордог, туршлагаждаг, нэг нэгнээ ивээн тэтгэдэг, түүнийг дагаад сайжирдаг, нийгмийн тайвшралын үйлдвэрлэлийн хэлбэр. Нийгмийг сайхан байлгая гэвэл тайвшруулдаг үйлдвэрлэлийн хэрэгсэл болох энтертайнмент буюу соёлын үйлдвэрлэл, аялал жуулчлалын үйлдвэрлэл, байгаль экологийг хамгаалах ийм төрлийн үйлдвэрлэл дээр төр дэмжлэг үзүүлж байх ёстой. Аялал жуулчлалын хөгжил бол өнөөдөр дундаас доогуур хэмжээнд байна. Өөрөөр хэлбэл гарааны их аятайхан нөхцөлд байна. Энэ нь удаан байна. Төр аялал жуулчлалд анхаарлаа хандуулъя гэвэл адаглаад л Улаанбаатарт байгаа хэдэн том музейгээ сайжруулах хэрэгтэй. Бидэнд сайн ресторан, сайн хоолны газар гээд үйлчилгээ бол гайгүй сайн байгаа. Улаанбаатар хотыг энтертайнтент цэнгээн, үзэж харах зүйл, сониуч байдал, зорьж ирэх таашаах зүйлүүд олон болгох ёстой. Ингэж байж иргэдэд тайвшрал бий болдог. Нийгмийн тайвшрал хүмүүсийн сэтгэл санаагаар дамждаг учраас тав тухтай орчин их чухал.
-Нийслэлийн аялал жуулчлалыг дэмжихэд юуг анхаарах хэрэгтэй гэж та хардаг вэ?
-Монголчууд их инээдтэй, юм шүүмжлэх дуртай шүү дээ. Тэр жил Э.Бат-Үүл хотын дарга байхад нийслэлчүүд арваннэгдүгээр сарын сүүлээр цэцэг ургаж, ногоон зүлэгтэй байж болдогыг анх удаа үзсэн. Гэтэл үүнд их мөнгө зарлаа гээд нэг хэсэг нь гаслаад байдаг. Бид нэг зүйлийг хараад нөгөө зүйлийг сөрөгцүүлэн тавьж шүүмжилдэг их өрөөсгөл хандлагатай. Суварга барилаа, хүүхдийн цэцэрлэг барихгүй яасан юм бэ гэж шүүмжлээд байдаг. Суварга бол соёлын элемент. Монголын нэг газар ч гэсэн соёлын элмент үзэж харах зүйл бий болж байгаа гэсэн үг. Харин тэнд стандарт тавих илүү сайн байлгах тал дээр авч үзэх, тэр нь хэтрэхгүй байх гэдэг донжийг улс орон бодлогоор зохицуулж байх ёстой. Суварга , цэцэрлэг, үйлдвэр, зүлэг нь ч байна гэж боддоггүй. Энэ бол боловсрол дутуу хүмүүсийн шинж.
Гэрэлт гудамжийг байгуулахад олон хүн шүүмжилж, олон хүн дэмжсэн. Гэвч гэрэлт гудамж гэж хоосон гудамж дээр амралтын өдөр хэдэн мянган хүн цугладаг боллоо. Энд хэрэгцээ байгаа биз дээ. Дээр нь хов хоосон гудамжнаас юу ч олдоггүй байсан бол тэнд шөнө болгон шар айраг, хоол унд, хөгжим, цэнгээнээ зараад маш олон компаниуд орлого олдог боллоо. Өөрөөр хэлбэл Гэрэлт гудамж байгуулснаас буюу хоосон гудамжнаас жилд 6 тэрбум төгрөг олж байна. Өвөрмөцөөр сэтгээд шинээр хандаад байх юм бол хоосон газраас ч мөнгө ургадаг юм байна. Жишээ нь, Хамрын хийд гэж өмнө нь ямар газар байлаа даа. Сүсэгтнүүд зүтгэн сэргээсэн тэр хийдэд жилд 160 мянган хүн очиж байна. Тэр хэрээрээ орлого олж байна. Хоосон цөл, сүйрсэн сүмийг сэргээснээр хүмүүсийн идэвх хөдөлгөөн, эдийн засгийн урсгал, иргэдийн сэтгэл санаа хэрэглээг өөрчлөөд эхэлдэг.
