Японы мэргэжлийн сүмогийн Нагоя башё долдугаар сарын 8-наас 22-ны өдрүүдэд Нагоя хотын “Aichi Prefectural Gymnasium” ордонд болно. Ирэх сарын башёгийн зүүн жигүүрийг их аварга Какүрюү М.Ананд тэргүүлэн барилдах бол баруун жигүүрийг их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлнэ. Харин их аварга Кисеносато зүүн жигүүрийн хоёрт эрэмбэлэгджээ. Озэки нарыг Гоэдо тэргүүлэн барилдана. Ичиножёо А.Ичинноров сэкивакэ цолтнуудыг, Тамаваши Б.Мөнх-Оргил комосүби цолтнуудыг тус тус ахлан зүүн жигүүрийн дөрөв, тавдугаарт эрэмбэлэгдсэн байна. Манай бөхчүүдээс Чоёошима Г.Мөнхсайхан маэгаширагийн зүүний 8, Араваши Э.Дөлгөөн барууны 12-оос босч барилдана.

Мөн жүрёо зиндаанд Таканойва А.Баасандорж барууны 3, Дайшохо Р.Шижирбаяр зүүний 5, Сэйро А.Өнөболд зүүний 6, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар барууны 6, Миторюү Б.Төрболд барууны 11-т тус тус эрэмбэлэгдсэн байна.