Иргэний нисэхийн ерөнхий газар автомат, ажиглалтын “ADS-B” системийг нэвтрүүлэн өнөөдрөөс эхлэн нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагад ашиглаж эхэллээ.
Ингэснээр ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагаа дээшилж, аюулгүй, үр ашигтай нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээг Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдэд тасралтгүй үзүүлэх боломж нэмэгдэж байна.


Агаарын навигацийн үйлчилгээнд нэвтрүүлж байгаа энэхүү орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан автомат, ажиглалтын “ADS-B” системийг нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагын зайчлалд ашиглаж эхэлснээр Монгол Улс агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлөгт нислэгийн таатай, аюулгүй, найдвартай, тасралтгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэж, нислэгийн үр ашиг дээшилж, чиг шулуун нислэг хийх боломж бүрдсэнээр дамжин өнгөрөх нислэгийн тоо нэмэгдэх олон давуу талууд нээгдэж байна.

Шинээр нэвтрүүлсэн хянах ажиглалтын систем болон зарим зүйлсийг ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцомоос тодрууллаа.
-Манайд өнөөдрөөс шинээр нэвтрүүлээд байгаа “ADS-B” системийг дэлхийн хэдэн улс ашигладаг вэ?
-Үүнийг одоо дэлхийн 20-оод улс ашиглаж байгаа. Азид Монгол Улс зургаа дахь нь болон нэмэгдлээ. Далай, тэнгис дээр 8-10 цаг нисэж байгаа агаарын хөлгийг бид хардаггүй байсан. Нислэг өөрөө онгоцны тогтмолоо хараад нисдэг байсан. Далай дээр хяналт тавьж болохгүй учраас энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэсэн асуудал тулгардаг байсан.Үүнийг дээрээс нь харах нь зөв юм гээд сансрын хиймэл дагуул ашиглаж болох юм гэсэн концепц гараад энэ нь хэрэгжээд явж байгаа. Энэ бол цаад утгаараа амар ажил байгаагүй. Олон жил хөгжүүлж ирсэн олон ажлуудын нийлбэр гэж хэлж болно.
-Өнгөрсөн жил гадаад улс орнуудаас манай оронд ирж нислэгийн аюулгүй байдлаар сургалт авч байсан гэж сонссон. Манайх нислэгийн аюулгүй байдлын чиглэлээр олон улсын түвшинд хэр үнэлэгддэг вэ?
-Би ажлаараа бахархан энэ тухай ярих дуртай. Учир нь манай залуучуудын ур чадвар, ажилдаа хандаж байгаа хандлага дэлхийд дээгүүр үнэлэгддэг. Дэлхийн 198 улсыг хамардаг Олон улсын Иргэний нисэхийн байгууллага өөрийн гишүүн орнуудаас 2-3 жил болоод 320 гаруй төрлийн асуулт асуун аюулгүй байдлаа хэрхэн хангаж байгааг шалгадаг. Энэ шалгалт манайд 5 жилийн өмнө болон өнгөрсөн жил явсан. Бид дэлхийд аюулгүй байдлаа хангаж байгаа үзүүлэлтээрээ дээрээсээ 11-т, Азидаа 5-д орсон. Аюулгүй байдал талаасаа тоног төхөөрөмж хүмүүсийн чадвар, ажиллаж байгаа бүх талаараа дэлхийд 10-т явдаг.
-Зам тээврийн сайд урд хөршид ажиллахдаа нисэхийн шинэ хаалга нээнэ гэж ярьж байсан. Энэ асуудал ямар шатандаа явж байгаа бол?
-Агаарын шинэ хаалга нээх бол амар асуудал биш. Улс орны байдал, тухайн улсын дотоод бодлогоос хамаардаг. Бид нэг хаалга нээх гэж 10 жил ярьж байж болно. Бид Хятадтай агаарын хоёр хаалга нээе гэж яриад 7-8 жил болж байна. Зам тээврийн яам дэмжлэг үзүүлж байгаа. Дээд хэмжээний уулзалтууд хийж шинэ агаарын хаалга нээх талаар БНХАУ-тай тохирсон. Агаарын шинэ хаалга нээх нь бүх талаараа улс оронд ашигтай. Монгол дээгүүр явж байгаа агаарын хөлгүүдийн аюулгүй байдал, хоорондын зайг салгаж байна, олон агаарын тээвэр явах магадлалтай болж байна. БНХАУ-ын зүүн болон баруун талын хил дээр агаарын шинэ хаалга нээхээр яригдаж байгаа.
-Шинэ нисэх онгоцны буудал удахгүй ашиглалтад орно. Иргэний нисэхийн салбарт бэлтгэл ажил хэр хийгдэж байгаа?
-Бэлтгэл ажил сайн, маш эрчимтэй хийгдэж байгаа. Одоогийн байдлаар бидний хийх ёстой бэлтгэл ажил хуваарийн дагуу явж байгаа. Төлөвлөсөн ёсоор энэ оны арваннэгдүгээр сарын 8-нд анхны нислэг явна.Үүнтэй холбогдуулан нэлээд том ажлууд буюу 100-гаад айл нүүлгэн шилжүүлж, агаарын тээврийг нүүлгэх, шинэ нисэх буудлын техникийн бэлэн байдал, нисэх буудлыг гэрчилгээжүүлэх, шалгах гээд өөр өөрийн чиглэлээр ажлуудаа хийж байгаа. Төлөвлөгөөний дагуу шинэ нисэх онгоцны буудлын бэлтгэл ажлын биелэлт 90 гаруй хувьтай яваа.
-Иргэний нисэхийн салбарт төрөөс баримтлах 2010-2020 оны бодлогод өөрчлөлт оруулан УИХ-д өргөн барьсан байгаа. Гол өөрчлөлт нь юу байгаа бол?
-Бодлогын баримт бичиг тогтвортой байх тусмаа сайн. Гэхдээ тухайн бодлогын бичиг гарснаас хойш олон улсын байдал, Монгол Улсын эдийн засагт зарим өөрчлөлт орсон. Бидний оруулах гэж байгаа өөрчлөлт бол агаарын тээврийн либералчлалыг эрчимтэй явуулъя гэсэн санаа. Агаарын тээврийг хөгжүүлэхэд зарим нэгэн заалтууд нь хөгжлийн тушаа болоод байгаа зүйл бий. Үүнийг хөнгөвчилье гэж зорьсон.
-Тухайлбал ямар заалтууд байгаа вэ?
-Эхний ээлжид агаарын тээвэрлэгчдэд холбоотой хоёр заалтад нэлээд өөрчлөлт орж байгаа. Агаарын шугамуудад нэг агаарын тээвэрлэгч дангаараа нисээд байх буруу юм байна. 2, 3-уулаа нисгээд өрсөлдөөнтэй болгоё гэдэг утгаараа зарим нэг заалт орж байгаа.
-Ирэх долоодугаар сард Азийн сайд нарын бага хурал Монголд болно. Энэ утгаараа зарим улс руу шууд нислэг үйлдэх зохицуулалт хийгдэж байгаа юу?
-Монгол Улс дэлхийн 189 улс руу нисэх эрх нь нээлттэй байдаг. Тухайн улс руу ямар хэмжээний хүн зөөх, хэдэн удаа нисэх, ямар онгоцоор нисэх нь нарийн заалттай байдаг. Ямар ч улс руу нисэх эрх нь Монгол Улсад байгаа. Одоо Монголд байгаа агаарын хөлгүүд, тээвэрлэгч нарын хүчин чадлаас хамаарна. Америк руу буюу холын зайд нисэхийн тулд том онгоцтой байх ёстой, хол явах зорчигчийн урсгал хангасан байх ёстой гээд асуудал бий. Түүнээс биш боломж, эрх нь нээлттэй.
-МИАТ-ын хувьчлалтай холбоотойгоор тодорхой хэсгийг гадаадын хөрөнгө оруулагч нарт хувьчилна гэж яриад байгаа. Та үүнийг яаж харж байгаа вэ?
-МИАТ-ын хувьчлалыг 20-оод жил ярьж байна. Хамгийн зөв нь энэ гэсэн онол дэлхийд байхгүй. Бид ч гэсэн олон янзын хувилбар дээр ярилцаж байна. Монголын жирийн иргэдэд хамгийн ашигтайгаар хувьчлах аргуудыг бид судалж байна. Олон янзын хувьчлах арга байдаг юм билээ. Үнэлгээ тогтооход хүртэл амархан асуудал биш, хэзээ гэдэг нь чухал. Монголын эдийн засаг ямар байна, МИАТ компанийн өмнөх онуудад хийсэн ашиг, орлого, агаарын харилцааны хэлэлцээрийн заалтуудыг боомилж байгаа зүйлүүд байвал нэмэргүй, үүнийг судлах гээд олон янзын зүйлс бий. МИАТ компанийн хамгийн үнэтэй үнэ мөн үү биш үү гэдэгт том тооцооллуудыг хийн тэр үед нь л болох ёстой.
-Онгоцны шатахууны нийлүүлэлт нэг компаниар монополиор явагддаг. Үүнд олон компани оролцуулах боломж байдаг уу. МИАТ-ын хувьчлалтай холбоотой энэ асуудал дагаад яригдах уу?
-Одоогоор бид онгоцны шатахууны 98 хувийг дан ганц хойд хөршөөсөө авч байгаа. Үүнд төрийн зохицуулалт хийн хойд хөрштэйгөө шатахууны талаар томоохон гэрээ, хэлэлцээр шинээр хийх нь зүйтэй байх. Ялангуяа 1-2 компани оруулж эрхийг нь чөлөөлөх хэрэгтэй юм шиг санагддаг. Өрсөлдөөнийг ил олон болгох тусмаа зах зээлийн хуулиараа энэ асуудал шийдэгдээд явна.
-Тийзний үнийг бууруулахад иргэний нисэхийн ерөнхий газар ямар ажлууд хийж байгаа вэ. Үнийг цаашид бууруулах бололцоо байна уу?
-Тийзний үнийг буулгалгүй яах вэ, буулгах ч ёстой. Бусад улс орнуудад тийзний үнэ ч буурч байгаа. Тийзний үнийг хүмүүст зөв тайлбарлаж өгөхгүй бол зорчигч болоод нисэж байгаа хүмүүс тийзний үнийн бүтцийг сайн ойлгодоггүй. Тийзний үнийн бүтэц олон зүйлээс шалтгаалдаг. Хамгийн энгийнээр ярихад МИАТ компани өөрөө тийз борлуулах үнээ 2011 оноос хойш ерөөсөө нэмээгүй байгаа. Ам.долларын ханш өсөөд тэр нь өндөр юм шиг харагдаад байгаа. Ам.долларын ханш буух юм бол тийзний үнэ дагаад бууна. 2019 онд ам.долларын үнэ 1500 болох юм бол тийзний үнэ 40 хувь буурна. Дэлхий даяар тийзний үнийг тухайн улс дангаараа шийддэггүй. Дэлхий даяар бид тасалбар борлуулах нэг системтэй байгаа. Гэхдээ “Зардал багатай авиа компани” гэсэн онол гарсан. Тэр нь их хямд үнээр нислэг үйлддэг. Өөрөөр хэлбэл бидний авч дассан олон төрлийн үйлчилгээг хассан. Жишээ нь зорчигч ачаагүй явах ёстой, суудал хойш налахгүй, хоол хүнсний үйлчилгээ авахгүй гэх мэт. Ойрхон зайн нислэгт энэ үйлчилгээ түгээмэл болж байгаа. Манай Монгол шиг, Сөүл рүү 3 цаг,Токио руу 5 цаг нисдэг газар энэ үйлчилгээг нэвтрүүлэх нь маш хүндрэлтэй. Магадгүй хямд нисээд хязгаарлагдмал орчинд өндөр шаардлага тавихаар хүмүүс үүнийг өөрөөр ойлгох байх.