Хаалгач: Абдулайе Диалло (Ренн), Альфред Гомис (СПАЛ), Хадим Н’Диайе (Хоройя) Хамгаалагч: Калиду Кулибали (Наполи), Кара Мбодж (Андерлехт), Ламин Гассама (Аланьяспор), Мусса Ваге (Эйпен), Юссуф Сабали (Бордо), Салиу Сисс (Анже), Салиф Сане (Ганновер) Хагас хамгаалагч: Папа Алиун Ндиайе (Сток Сити), Шейк Ндойе (Бирмингем Сити). Шейху Куяте (C)(Вест Хэм), Альфред Н’Диай (Вулверхэмптон), Идрисса Гуйе (Эвертон), Исмаила Сарр (Ренн) Довтлогч: Мам Диуф (Сток Сити), Диафра Сако (Ренн), Мусса Конате (Амьен), Бальде Кейта (Монако), Мусса Соу (Бурсаспор), Садьо Мане (Ливерпуль), Мбай Ньянг (Торино)
H хэсэг
FIFA чансаа 27
Түлхүүр тоглогч: Жигүүрийн довтлогч Садио Мане
Багийн анд М.Салахын сүүдэрт дарагдчихсан л болохоос өнгөрсөн улиралд Европт “үзэгдэл” болох хэмжээний тоглолт үзүүлсэн хүн нь Садио Мане билээ. Мане тоглосон тэмцээн бүртээ хоёр оронтой гоол оруулж, төдий чинээ дамжуулалт өгсөн. “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтод оруулсан гоол нь түүнийг тоглолтын хувь заяаг ганцаараа эргүүлэх чадвартай, сэтгэлзүйн цохилтыг тэсвэрлэж чадахыг нь харуулсан. Ийм зэвсэг “агссан” нь Сенегалын шигшээг хамгийн аюултай, барьцгүй багийн нэг болгож байна.
БАРИМТ
Сенегалын шигшээг “Терангийн арслангууд” гэж хочилдог. Теранг гэдэг нь Сенегалын өөр нэр бөгөөд сенегалчууд энэ нэрэндээ илүү дуртай байдаг гэнэ. “Терангийн арслангууд” 2002 оны ДАШТ-д анх оролцохдоо Францыг 1:0-ээр буулган, нээлтийн тоглолтод өмнөх тэмцээний аваргыг хожсон хоёр дахь баг болж байв. Дасгалжуулагч Алиу Сиссе нь 2002 оны ДАШТ-д багийн ахлагчаар тоглож байв. Сорилго тэмцээнд 10 гоолыг найман өөр тамирчин оруулжээ.
Сенегалчууд сорилгод Африкийн бүсдээ Буркина-Фасо, Кабо-Верде, ӨАБНУ-тай нэг хэсэгт орж, дөрвөн хожил, хоёр тэнцээтэй хөнгөхөн тэргүүлсэн. Багийн гол тоглогч нь Калиду Кулибали, Шейку Куяте, Идрисса Гуйе, Садио Мане нар байв. Төвийн хамгаалагч К.Кулибалиг талбайд байсан тохиолдолд гоол алддаггүй гэсэн сонин баримт ч гарчээ.
Алиу Сиссе 4-3-3 схем ашигладаг ч Кабо Вердетей хийсэн чухал бус тоглолтод 4-2-3-1 хувилбар туршсан тохиолдол бий. Тэр тоглолтод 2:0-ээр хожсон учраас дээрх хоёр схемийг ДАШТ-д ашиглах магадлал өндөр. Том лигт тоглодог олон талт хөлбөмбөгчдийг цуглуулж чадсан нь А.Сиссегийн багийн гол давуу тал бөгөөд багийн “мотор” хэр ажиллах нь Гуйе, Куяте гэдэг хоёр тоглогчийн ойлголцлоос шалтгаалдаг байна. Үүн дээр нэмээд С.Мане, К.Кулибали нар тус тусын шугамдаа ур чадвараа харуулснаар хүчирхэг баг босч ирдэг аж.
Зохион байгуулалтгүй байдлаас болдог “Африк” сул талууд ч Сенегалд бий. Хаалгач муутай. К.Кулибали байхгүй бол хамгаалалт нь задардаг гээд л. Дээр нь Садио Манед туслах, төвшин ойролцоо тоглогч байхгүй нь сенегалчуудын сул тал болж байна.
Хэсгийн багууд нь тэнцүүхэн болохоор Сенегал хасагдах шатанд шалгарах боломжтой. Сенегалын шигшээ баг (Өсвөрийн, насанд хүрэгчдийн ялгаагүй) ямар нэг том тэмцээний шигшээ тэмцээн шалгарсан л бол заавал хасагдах шатанд үлддэг эерэг статистик байдаг аж.
Голлох бооцооны төвүүдэд Сенегалыг хэсэгтээ гуравдугаар байр эзэлнэ гэжээ.