Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын нээлтийн ёслол боллоо.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүд, эрдэмтэн судлаачид, их, дээд, дунд сургуулийн багш нар, Шинжлэх ухааны академи, Улаанбаатар хотын номын сангууд, Олон улсын Монгол судлалын холбоо зэрэг олон байгууллагын төлөөллүүд оролцов.

Өнөөдрөөс эхлээд энэ толийг цахимаар үнэ төлбөргүй тарааж, интернэтэд байршуулж байна. Мөн www.president.mn сайтаас болон www.toli.gov.mn албан ёсны сайтаас татаж авах, бичгийн үйл ажиллагаандаа ашиглах боломж нээлттэй юм.

Уг тольд 30 мянга гаруй толгой үг орсноос гадна үгийн код, үгийн давтамж, үгсийн аймгийн ангилал, товч тайлбар, аялга өгүүлбэр, дутмаг үйл үг зэргээр ангилж, үг нэг бүрийн ард хадаж оруулж өгчээ. Мөн толь гарснаар Төрийн хэлний зөвлөлийн 2011 оны 01 дүгээр тогтоол буюу олны хэлдгээр журамласан 700 үг хүчингүйд тооцогдож, энэхүү номд бичигдсэнээр цаашид хэрэглэгдэхээр болж байгаа юм.

“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын нээлтийн ёслолын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар Улаанбаатар хотын номын сангийн төлөөллүүд, Их, дээд, дунд сургуулийн багш нар, зарим яамдын ажилтнууд, Монголч эрдэмтэн, академич Ц.Дамдинсүрэнгийн охин А.Д.Цэндина зэрэг зочдод номын дээжээс өргөн барив.

“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номыг

PDF хэлбэрээр татаж унших бол энд

Онлайн хэлбэрээр татаж авах бол энд

Үг бүрийг онлайн хайж хэрэглэх бол энд

Android үйлдлийн системтэй утсандаа апликейшн хэлбэрээр татаж суулгахыг хүсвэл энд

“Kindle” төхөөрөмжиндөө суулгахыг хүсвэл энд дарж тус, тус хэрэглэнэ үү.

Мөн “IOS” үйлдлийн системтэй утсанд суулгах боломжтой болгохоор хүсэлт явуулсан тул ойрын хугацаанд “AppStore” цэснээсээ татаж авна уу.