Өв соёл бол түүхийн гэрч, бидний, үндэстний дархлаа, хойч үеийнхний бахархал юм. Энэ бахархалт өв, 2000 гаруй жилийн төрт ёсны түүхтэй Монголын соёлын салбар энэ цаг үед эзэнгүйджээ. “Монголын медиа корпораци” бүрэн эрхт улсын маань БҮТЭН түүх, тухайн цаг үеийг илтгэх түүх, соёлын дурсгал, байшин барилгаа нурааж, хойч үедээ үзүүлж харуулах түүх шастираа сүйтгэж байгааг хөндөн цуврал сурвалжлага хийсэн. Нэг ёсондоо соёлын биет өвийг хөндсөн бол өв тээгчтэйгээ хамт устаж алга болж буй биет бус өвийн асуудлыг энэ удаа сурвалжилж байна.

Шинэ үе, шинэ мянганы монгол үрс түүх, соёлын өвөө, дурсгалт зүйлсээ мэдэхгүй өсч торниж байна. Хүүхэд багачуудад эх оронч үзэл, үндэсний дархлаа суулгадаг түүх соёлын өвөө багачууд бүү хэл томчууд бид ч тэр бүр мэдэхгүй байх. Он цаг улирч бүх зүйлс хуучирч, зарим нь тухайн цаг хугацаандаа уусч алга болоход хүн төрөлхтнийг хэрхэн амьдарч байсныг илтгэх ганц зүйл нь түүх соёлын дурсгалт зүйл, өв, олдворууд гэдгийг дурдсу. “Үндэстний ТОЙМ” сэтгүүл соёлын биет бус өв дотроос энэ удаа хүн төрөлхтний соёлын биет бус өв туулийг онцолж байна. Энэ өв соёл хүнтэйгээ адил устаж үгүй болоход ойрхон болжээ. Өвөрмонголд бас устсан ч тэд сэргээхээр хөрөнгө мөнгө төсөвлөж ажиллаж байгаа гэсэн. Харин Монголд ямар байна вэ гэдгийг ярихад үнэхээр гунигтай дүрх төрхтэй.

Туульч, тууль хоёр “Улаан ном”-д орох нь

Бидний амьдарч байгаа энэ цаг үед тууль хайлах орчингүй, тууль сонсогчгүй болж, мартагдах устахын аюулд хүрч ирлээ.

Тууль бол ганц монголчуудын бус хүн төрөлхтний нэн яаралтай хамгаалах соёлын өв. ЮНЕСКО-гоос биет бус өвийг сэргээх, хадгалж хамгаалах зорилгоор манай улсад төсөл хэрэгжүүлсэн ч хэдэн ном гаргаад, туульчдыг сургалтад хамруулаад дуусчээ. Нөгөө гарын арван хуруунд багтах туульчид нь хэвээрээ. Одоо энэ төсөл зогссон учраас тууль мартагдах тал руугаа орж байгааг өв тээгчид хэлж байна. Тууль гэж юу юм гэж зарим хүн бүдэг бадаг сонсч байсан энэ зүйлийг сонирхож байж магад. Тэгвэл тууль гэдэг нэн эртнээс, бөөгийн шашинтай бараг л зэрэгцэж, тэнгэр шүтлэгтэй хамт буй болсон аман зохиолын нэг төрөл.

Туульч хүн эрт нэгэн цагаас эдүгээ үе хүртэл театрын жүжигчин, хөгжимчин, дуучинг зэрэг гүйцэтгэдэг хүмүүс байжээ.

Хэр баргийн аавын хүү туульч болж чаддаггүй. Байгалийн, удмын өгөгдлөөрөө тууль хайлдаг учраас хүссэн хүн бүр хэдэн мянган шад шүлэг цээжилж бардаггүй байна. Багшаас суралцах зүйл бий ч тэр олон мянган мөр шүлгийг нэг л мэдэхэд цээжилчихсэн байдаг аж. Тууль бол ард түмний туйлын сайхны төлөөх хүслэн. Сайхан амьдрахын төлөө үүссэн ардын зүйр цэцэн үг, ихэсгэл, багасгал, хэтрүүлэл бүхнийг шингээсэн маш том шүлэглэсэн үлгэр. Нэг ёсондоо шүлэглэж бичсэн роман дайны зүйл. Тэгсэн хэр нь туулийг хэдэн хоногоор ч хайлна. Тууль хэзээ үүссэн нь одоогоор тодорхой бус, хүрэл зэвсгийн үеэс үүсэлтэй гэж эрдэмтэд таамаг дэвшүүлсэн байдаг байна.

Туулийн талаар ерөнхий мэдээлэл дурдахад ийм.

Яагаад устгаж алга болж байгаа соёл юм гэхээр туульчаар мэргэжилтэн бэлтгэх боломжгүй, байгалийн өгөгдөл, авьяасаар сурдаг учраас их сургуульд онолоор сурч болдоггүй ганц соёлын өв тууль ажээ.

Өв тээгчид жил ирэх тусам цөөрч байна

Монгол судлалыг дэлхийд гаргасан төрөл зүйл бол тууль. Хамгийн том хөлгөн туулийг хадгалж үлдсэн нь баруун монголчууд тэр дундаа баяд, дөрвөд, урианхайчууд аж. Өв тээгчид гарын арван хуруунд багтахаар цөөн үлджээ. Дээхэн үед хөдөөд тууль хайлдаг хөгшид олон байсан ч хорвоогийн мөнх бусыг үзүүлсээр өдгөө маш цөөхөн туульч өвлөн авч хоцорч.

Тууль эзэмших дэг жаяг хатуу, зан үйлийн шинж чанартай. Байгаль лусыг аргаддаг Түвдийн ном шиг. Жишээ нь, хүүхэдгүй айлд тухайлсан тууль хайлж өгдөг. Цөвүүн цагт ч хайлдаг тууль бий. Урианхайн ёсонд зуны дэлгэр цагт тууль хайлдаггүй. Цагаан сарын битүүнээс хойш Алтайн магтаалаас бусдыг нь хайлдаггүй дэг жаягтай. Туулийг хориотой цаг үед шаардлагатай бол өрхөө битүүлж байгаад хайлна. Би багаасаа туульч хүний өвөр дээр тоглож өссөн айлын ганц хүү. Би тууль хайлахыг ардын билиг авъяастан Цээрэн, Ардын жүжигчин Р.Самжид, Э.Баатаржав нараас уламжилсан. Туульч хүн бол соён гэгээрүүлэгч. Товшуур хөгжимгүйгээр тууль хайлахгүй. Хэдэн зуун жилийн өмнө болж байсан зүйлийг туулийн хэлээр хараад илэрхийлдэг учраас цээжлээд туульч болно гэж байхгүй. Тууль хайлж байхад хажууд босч, сууж байгаа хүний үйл хөдлөлийг мэдрэхгүй байх тохиолдол олон. Анхаарал төвлөрөхгүй бол тууль гарахгүй. Зан үйл, соёл, тууль гурав цуг явдаг.

Туулийн зохиогч тодорхой бус. Ард түмний дунд ам дамжин баяжигдаж явдаг аман зохиолын нэг хэлбэр аж. Одоо манайд 90 гаруй туулийн 294 орчим хувилбар байдаг байна. Том тууль хайлдаг таван хүн л Монголд бий гэсэн. “Гэсэр”, “Жангар”-ын эхний хоёр бүлгийг номноос харж цээжлээд уншдаг жижиг туульчид мэр сэр бий ч тууштай биш гэдгийг өв тээгчид хэлж байсан юм.

Тэмцээн уралдаан туульчийг илэрхийлдэггүй. Энэ бол зан үйл. Тиймдээ ч туулийг хаа хамаагүй газар, бас дутуу хайлдаггүй.

Шавь болохоор ирсэн хүн нэр төдий, дутуу хагас байдлаар хандаж домдож болохгүй ёс жаягтай гэсэн. Нэг хэсэг Монголын уламжлалт соёл дарагдах үеэр тууль мартагдах дөхсөн ч 1990 оноос хойш сэргэж эхэлсэн байна. Гэхдээ туульчаар бэлтгэх боломжгүй, цаанаасаа төрмөл авьяастай хүн байдаг учир сүүлийн жилүүдэд туульч ховордож байгааг өв тээгч, туульч Л.Баатархүү хэлсэн. Туулийг өдөр бус од мичид түгж дууссан цагаар хайлдаг байна. Тууль сонсч өссөн хүүхэд төвлөрөх чадвартай, уран цэцэн, ахуйгаа мэддэг болж өсдөг. Харин зан үйлийн хувьд ярихад, тууль хайлахад дээд тэнгэр онгодууд сонсч, туулиар хөглөгдөж, энэ замбуутивд бууж ирдэг. Энэ замбуутив, бидний амьдарч байгаа газрын хөрс муу муухайгаар дүүрэн. Тиймд тэр шүтээн онгодыг сэвтээхгүй гэж, туулийг зөвхөн өвөл хайлдаг гэж өв тээгч, туульч А.Балдандорж хэлжээ.

Гэхдээ тууль тайзны урлаг биш гэдгийг өв тээгчид хэлсэн. Туулийг түүх болгоод үлдээмээргүй, хэн нэгний мөнгө олох хэрэгсэл ч болгомооргүй байна. Үр хойчдоо, одоо цаг үедээ өвлүүлж, соёлын өв чигээр нь авч үлдэхэд төр засгийн төвшний бодлого чухал байна.

Туульч хүн насандаа 1-3 шавьтай байх жаягтай аж. Олон шавь тэр соёлыг мөхөөдөг, уламжлалт зан үйлийг алдагдуулдаг гэж урианхайн туульчид үздэг. Тиймдээ ч зан үйлээ өвлүүлж том туульчид төрж гарсан гэж өв тээгч, туульч Л.Баатархүү хэлж байна. Мөн тэрээр “Туульч хүн 3-аас дээш бүтэн тууль мэддэг байх ёстой. Энгийн шаардлага энэ. Туулийг урианхай хүн урианхай хүндээ л заана. Тэгж байж үргэлжилнэ гэж үздэг. Туульч тууль хайлахын өмнө биеэ бэлддэг. Тухайлбал, булчин голдуу мах идэж, бүлээн чин уух ёстой, энэ нь хоолойнд нь цус хурахгүй гэсэн үг. Тууль хайлж байхдаа ч бор цай уугаад сууж байдаг” гэлээ.  Монголын төр туулийг орхигдуулсан учир одоо байгаа цөөхөн өв тээгчдээр энэ соёлын өв дуусч, устахад ойрхон болжээ. Богд хааны ордон музей, тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтраад “Хаан туульсын өргөө”-г байгуулсан байна. Одоо тэнд жил бүр өв тээгч гурван туульч 2-3 тууль хайлдаг уламжлал тогтжээ. Үүнээс өөрөөр туульчдыг дэмжиж, эрт эдүгээгээс өвлөгдөж ирсэн соёлын биет бус өвийг хойчид залгамжлуулан үлдээхэд хийж байгаа дорвитой ажил алга.

Уг нь бол аялал жуулчлалыг туулиар дамжуулж хөгжүүлэх боломжтой аж. Бид жилд төдөн мянган жуулчин авна гээд сайхан уриа лоозон хэлдэг, гаргадаг. Ачир дээрээ үзүүлээд харуулаад явах үзмэр, дурсгал ховор. Тэгвэл туульчдын бичил өргөө, ордонтой болж түүндээ туульчдыг хайлуулдаг болвол дотоод, гадаадын жуулчдын тоо тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Цаашлаад энэ өв мартагдахгүй өвлөгдөнө. Бид л тоохгүй байгаа болохоос Азийн орнуудад тууль, хөөмий, цуур гэх мэтчлэн соёлын биет бус өвүүдийг ихэд сонирхдог, шимтэн сонсдог байна.

Гэхдээ тууль тайзны урлаг биш гэдгийг өв тээгчид хэлсэн. Туулийг түүх болгоод үлдээмээргүй, хэн нэгний мөнгө олох хэрэгсэл ч болгомооргүй байна. Үр хойчдоо, одоо цаг үедээ өвлүүлж, соёлын өв чигээр нь авч үлдэхэд төр засгийн төвшний бодлого чухал байна.