Улсын Драмын эрдмийн театрынхан дуу хуурын өлгий Дундговь болон эх орны алтан босго өмнийн цэнхэр говиор аялан тоглолт хийгээд иржээ. Энэхүү аялан тоглолтын менежер Б.Гэрэлтэй цөөн хором ярилцлаа.

-Төвийн мэргэжлийн урлагийн байгууллагууд бригадаар явж хөдөө орон нутгийн үзэгчдэд үйлчилдэг байсан боловч нэгэн үе тасарсан. Энэ уламжлалыг сэргээх ажлын салхийг хагалж Драмын театрын хамт олон маань жил бүр аймаг орон нутгаар аялан тоглолтоо хийх болсон. Энэ бол Монгол Улсын төрөөс хэрэгжүүлж буй соёл урлагийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх зорилгын нэг хэсэг юм. Тиймээс УДЭТ-ын хамт олон бид хөдөө орон нутгийн иргэд хөдөлмөрчдөд мэргэжлийн урлаг, уран бүтээлээр хүрч үйлчлэх зорилгоор 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл 16 жилийн хугацаанд “Улсын драмын эрдмийн театрын өдрүүд” аялан тоглолтыг нийт 21 аймгийн Засаг даргын Тамгын газруудтай хамтран амжилттай зохион байгуулж, орон нутгийн иргэдийн талархлыг хүлээсээр ирлээ.
-Драмын театрын уран бүтээлчид саяхан говийн аймгуудад аялан тоглолт хийгээд иржээ. Аяны богц олз омог дүүрэн үү. Тоглолтын сонин сайхнаас хуваалцаач?
-Театрынхан маань өнгөрсөн намрын аялан тоглолтоо Архангай, Завхан, Хөвсгөлд аймгуудад хийсэн. Харин хаврын аялан тоглолтоо Дундговь аймгийн Мандалговь хот болон Өмнөговь аймгийн Даланзадгад хот, Ханбогд, Цогтцэций сумдад 2018 оны тавдугаар сарын 15-24-ны хооронд орон нутгийн үзэгчдэдээ толилуулаад ирлээ. Аялан тоглолтыг маань аймгуудын Засаг даргын Тамгын газар, театр, чуулгууд хамтран амжилттай зохион байгуулсан.
-Аялан тоглолтод Драмын театр бүрэн бүрэлдэхүүнээрээ, томоохон бүтээлүүдтэй явсан сураг байсан?
-Тийм ээ, театр маань бүрэн бүрэлдэхүүнээрээ, нэлээд олон алдар цолтнуудынхаа хамтаар аялан тоглолтоо хийгээд ирлээ. Аялан тоглолтын бүрэлдэхүүнд Монгол Улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд, Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва, Г.Мягмарнаран, С.Сарантуяа, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Ж.Оюундарь, Л.Дэмидбаатар, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Мягмарсүрэн зэрэг алдар цолтон болон ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон жүжигчид, арын албаныхан нийт 56 хүн оролцсон.
Аялан тоглолтын ахлагчаар Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, уран сайхны удирдагчаар Монгол Улсын ардын жүжигчин С.Сарантуяа, менежментийн багт Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах, Ц.Цэрэнболд, жүжигчин Б.Шинэбаяр,Санхүүгийн албаны дарга санхүү, банкны тэргүүний ажилтан Л.Нина, менежер Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Гэрэл, менежер Б.Нямзул нар ажиллалаа.

-Ямар ямар бүтээлээр говь нутгийн үзэгчдэдээ соёл, урлагийн үйлчилгээ үзүүлэв?
-Аялан тоглолтын маань хөтөлбөрт Д.Равжаагийн зохиол, А.Шартолгойн шинэчлэн бичсэн “Саран хөхөө” үндэсний туульсын жүжиг, Э.Оюуны “Би эндээс явахгүй” драмын жүжиг, Н.Ганхуягийн “Бүүвэй” уянгын драмын жүжиг, Дарио Фогийн “Чөлөөт хос” мюзикл инээдмийн жүжиг, С.Михалковын “Бардам туулай” хүүхдийн жүжиг багтсан. Драмын театрынхаа шинэ шилдэг 5 бүтээлээр хоёр аймаг, хоёр суманд нийт 26 удаагийн тоглолт хийн говь нутгийн нийт 8377 үзэгчид 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр хүрч үйлчлэн, зардлаа хэмнэн, төлөвлөсөн төлөвлөгөөгөө биелүүлж, баг, хамт олноороо амжилттай ажиллаад ирлээ.
-Энэ удаагийн аялан тоглолтын онцлог нь юу байв?
-Энэ удаагийн аялан тоглолтын онцлог 98 жилийн дараа Д.Равжаа хутагтын “Саран хөхөө” жүжиг Өмнөговийн Ханбогдод дахин тоглогдсон. Уг жүжгийг Ханбогд суманд баригдаж ашиглалтад орсон шинэ Соёлын төвийн нээлтэнд зориулан манай Драмын театрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон. Ийнхүү үндэсний туульсийн томоохон бүтээлээ дэлхийн энергийн төвд амжилттай тоглоод ирлээ. Нутгийнхны ярьж байгаагаар бол “Саран хөхөө” жүжиг хамгийн сүүлд 1920-иод оны үед жинхэнэ хуучны дэг жаягаараа энэ нутагт тоглогдож байсан юм билээ. Тиймээс 98 жилийн дараа Ханбогдод “Саран хөхөө” дахин амиллаа гэж бэлгэшээж байсан. Энэ үеэр “Саран хөхөө” жүжигт зориулсан хүндэтгэлийн хөшөөний нээлт болж театрын алдар цолтой уран бүтээлчид оролцсон олон талт сайхан үйл явдлууд болсон.


Мөн “Говийн зэрэглээ”, “Ингэх гээд байсан юм”, “Би чамд хайртай”, “Найрын ширээний ууц” зэрэг кино, Улсын хүүхэлдэйн театр, УДЭТ-ын олон жүжгийн дүрийг бүтээсэн авьяаслаг уран бүтээлч, Монголын тайз, дэлгэцийн нэрт жүжигчдийн нэг Н.Цэвээнравдан агсны отгон хүү Ц.Төгсбилэгт манай театрын жүжигчин байгаа юм. Ц.Төгсбилэгт маань аялан тоглолтын үеэр аавынхаа төрсөн нутаг Өмнөговь аймгийн Ханхонгор суманд театрын хамт олонтойгоо очиж, хүндэтгэл үзүүлсэн. Н.Цэвээнравдан гуайн төрсөн суманд нь түүний алдрын музейг байгуулсан байдаг юм билээ.
Ц.Төгсбилэгт маань аавынхаа мэргэжлийг өвлөн 2015 оноос УДЭТ-т ажиллаж “Ромео, Жульетта”, “Жаргаагүй нар”, “Тэнгэрийн хүү”, “Ану хатан”, “Оролмаа эх”, “Гамлет”, “Норовын намтар”, “Үнсгэлжин”, “Кихот ноён”, “Бардам туулай”, “Чөлөөт хос”, “Онц сурлагтнууд орохыг хориглоно”, “Би эндээс явахгүй”, “Саран хөхөө” зэрэг олон жүжигт тоглосон авьяаслаг залуу жүжигчин.
Энэ дашрамд аялан тоглолтыг маань дэмжин хамтран ажилласан Дундговь, Өмнөговь аймгуудын Засаг дарга түүний Тамгын газар, Хөгжимт жүжгийн театр, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсрол, соёл, урлагийн газар, Ханбогд, Цогтцэций сумдын Засаг даргын Тамгын газар, Соёлын орднууд, Даланзадгад дахь “Чингис” банк, “Тавантолгой” ХК, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад талархал илэрхийлье.
-Ирэх намрын аялан тоглолтоо аль аймагт хийх төлөвтэй байгаа вэ?
-Бидний төлөвлөж байгаагаар ирэх намар бид бүхэн томоохон зах зээлтэй аймгуудад эрэлтийн дагуу аялан тоглолтоо хийх төлөвтэй байна. Тухайлбал, Дорнод аймгийн театрын ойд зориулан “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээ толилуулахын зэрэгцээ мөн Эрдэнэт хотын үзэгчдэдээ очиж үйлчлэх бодолтой байгаа.


Хөдөө орон нутгаар аялан тоглоход аймгуудын удирдлага, томоохон аж ахуйн нэгжүүдийн дэмжлэг туслалцаа их байдаг.


