Эртний түүхт Балданбэрээвэн хийд энэ цагт хол ойр, гадаад дотоодын аялагч, жуулчдын зорин очдог газрын нэг болжээ. Тиймээс “хөшөө тийш очих ардын зам балрахгүй” гэдэг шиг 240 гаруй жилийн буурал түүхтэй энэхүү хийд тийш зорих зам харгуй жилээс жилд улам өргөн дардан болсоор байгаа аж. Хурхын голын уужим тэнүүн хөндийг даган шууд дорно зүгт Биндэрийн овоо орохоор довтолгож явсан хашир туршлагатай жолооч маань хүртэл ялигүй андуурч будилан тод замаа дагасаар яваад умарш эргэн хөвчийн уулс руу хазайж Балданбэрээвэн хийд хүрснийг буруутгах арга байсангүй. Өмнөдэлгэр нутгаар ойрд бороо хур татуухан, хавар эрт ногоо гарсан ч эргээд гандах шинжтэй байгаа аж. Гэвч хөвч бол хөвч. Цуваагаар яваа гурван машин бүгд голын ширгэнд элгээрээ хэвтэж, зорчигчид нь “шавар эмчилгээ”-нд суугаад авав.

Аян замын саад бэрхшээл үүгээр арилж, Хан Хэнтийн хоймор нутгаар дөрөө сунгах аялал маань цааш үргэлжиллээ. Өмнөдэлгэр нутгийн малчин Сампилноров хэмээх сайхан буурал төөрч будилсан биднийг өргөө гэртээ урин дайлж цайлж, зам зааж өгснөөр эртний түүх домогт Биндэрийн овоог зорьсон юм. Аяллын маань гол зорилго НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн  тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Дадал сумдын ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаатай танилцах явдал байв.

Гэвч энэ удаад эзэн Чингисийн өлгий нутгийн хүн зоны аж амьдрал, түүхэн дурсгалт газрууд болон байгалийн үзэсгэлэн, уул усны сайхныг илүүтэй өгүүлэхийг зорилоо.

Биндэрийн овоо бидний зорьж очсон эхний газар. Энэхүү эртний тахилгат их овоон дээр хөтөч газарчид маань тосч авсан юм. Биндэрийн овоо бол “Монголын нууц товчоо”-нд дурдагддаг Бэдэр хошуу мөн гэдэг таамгыг нэрт эрдэмтэн Х.Пэрлээ гаргажээ. Энэ их овоог Өндөр гэгээн Ононгийн халуун рашаанд бараалхаад буцахдаа босгосон гэдэг. Их эзэн Чингис хааны алтан ургийн үр садын хувьд Өндөр гэгээнтэн энэхүү Биндэръяа уулын өмнөд хошууг өвөг дээдсийн онгоныг оршоосон их хайрханы төгсгөл хэмээн нэн хүндэтгэн овоо босгон тахисан түүхтэй ажээ. Тухайн үед уг овоог Буянт овоо гэж нэрлэж байж.

Хурхын голын хөндий рүү түрж орсон хошуун дээр босогосон Биндэрийн овооны баруун хойд талын уулыг “Монголын нууц товчоо”-нд гардаг Хулдгар хун мөн хэмээн тогтоож хэдэн жилийн өмнө пайз тэмдэг босгожээ.

Хурхын голын уужим хөндийг Хорхунаг Жубурын хөндий мөн хэмээнэ. Чингис хаан олон удаагийн аян дайнд энэ л Хорхунагийн хөндийгөөс цэрэглэн мордож байсан гэдэг. Түүнчлэн Чингис хааны өвөг эцэг Бартан баатрын төрсөн дүү Хотул хааныг энэ л Хорхунагийн хөндийд хамаг Монголын хаанд өргөмжлөн, саглагар модны дор хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлцөртөл бүжиглэн цэнгэж байсан ажээ. Хамаг Монголын шинэхэн хаан ширээнээ залагдаж байх яг энэ үед Ононы Дэлүүн болдогт Тэмүүжин мэндэлжээ. Энэ тухай “Монголын нууц товчоо”-нд тодорхой өгүүлсэн буй.

Түүнчлэн Таргудай Хирилтуг тэргүүтэй тайчуудад баригдан дөнгөлүүлж, айл хэсч шийтгүүлж явсан Тэмүүжин Сорхон шарынхны ачаар оргон зугтаж эх, дүү нараа энэхүү Бэдэр хошууны Хорчихуй болдог гэдэг газарт нутаглан байхад нь олж уулзалдсан ажээ.

Хөлгөн их “Монголын нууц товчоо”-нд ийнхүү хэдэнтээ дурдагддаг түүх домогт Биндэрийн овооны баруун өлмий дор алдарт Рашаан хад бий. Алдарт хэмээн тодотгосны учир нь ургах нарны туяа урьтан тусдаг энэхүү хадан цохионд олон мянган жилээс инагш монгол нутагт оршин тогтнож ирсэн овог, аймаг, улс гүрний бичиг үсгийн мөр улбаа бий. Тухайлбал, түрэг, кидан, араб, перс, түвд, хятад, монгол үсгээр бичсэн 20 гаруй бичээс байдаг. Мөн чулуун зэвсгийн үед хамаарах балар эртний хүмүүсийн зурсан ан амьтан, тамга тэмдэгний зураг, дүрс элбэг. Тэдгээрийн дотор монгол нутгаас нэн ховор олддог арслан заан, савагт хирсний зураг судлаачдын анхаарлыг татдаг ажээ. Түүх, соёлын энэхүү томоохон цогцолборыг Монгол төрийн голомт хэмээн эрдэмтэн мэргэд санал нэгдээд байгаа билээ.

Биндэрийн овоо, Рашаан хаднаас баруун хойш Батширээт сумыг чиглэн аялах замдаа Киданы үеийн гэгдэх Өглөгчийн хэрмийг үзэж нүд сэтгэл баясгав. Байгалийн чулууг ямар нэгэн шавардлагагүйгээр өрж барьсан чулуун хэрэм бүхий Дайчин уул эртний хүмүүсийн овог аймгийн бэхлэлт, цэргийн хориглолт, эсвэл ихэсийн тайлга тахилгын газар байсан болов уу гэх таамаг байдаг. ШУА-ынхан энд 1990-ээд оноос хойш тусгай экспедиц гарган судалгаа хийж ч байв. Эндээс уулын эгц хажуу энгэрт хөндлөн нүх ухан оршуулсан залуу эмэгтэйн шарил олдсон ч гэдэг.

Биндэръяа уулын эргэн тойрны түүх, соёлын дурсгал, байгалийн сайханд нүд, сэтгэлээ бэлчээсээр нэгэн хот айлд буусан нь Батширээт  сумын “Хурх” багийн “Рашаан хад” нөхөрлөлийн гишүүн Баярсайхан гуайнх байв. Баярсайхан гуайг нутаг усныхан нь Сайхан баавай гэж дууддаг, энэ нэрээр нь л хол ойрынхон мэддэг гэнэ.

Сайхан баавай залуу наснаасаа өөрийн сонирхлоор сонин содон ан амьтны чихмэл, байгалийн өвөрмөц тогтоц, хэлбэр бүхий чулуу, мод сэлтийг цуглуулж иржээ. Удам дамжсан анчны хүү тэрээр хангай дэлхийн хайрласан цуглуулгаа хэдэн жилийн өмнөөс олонд дэлгэн үзүүлж, бэсрэгхэн гэр музей байгуулсан байна. Музей, цуглуулгатайг нь мэдэх найз нөхөд нь түүнд сонин содон эд зүйлс илгээж үзмэрийг нь баяжуулдаг байна. Домог түүхтэй Биндэрийн овоо, Рашаан хад, Өглөгчийн хэрмийг үзэхээр зорьж ирсэн аялагч, жуулчид тэднийхээр дөрөө мултлан өвөрмөц содон үзмэрүүдэд нь нүд унагадаг болжээ. Баярсайхан баавайн хүү нь музейн мэргэжилтэн бөгөөд уран зургийн авьяастай. Тиймээс аавынхаа гэр музейд өөрийн бүтээлүүдээсээ дээжлэн тавьсан нь бас л нүд, сэтгэл баясгах ажээ.

Мэдээж Сайхан баавай хол ойрын жуулчдад музейгээ үзүүлэхээс гадна хоол, ундаар дайлна. Нэг ёсондоо Улаанбаатар хот болон Хэнтий аймгийн төвөөс Батширээт, Биндэр сумыг зорих аялагч, жуулчдын зам зуур буудаллах газар болдог ажээ.

Батширээтийн Сайхан баавайн гэр музей лүгээ адил боловч түүнээс бүр эрт байгуулагдаж, жуулчид, аялагчид хийгээд судлаачдын анхаарлыг татах болсон гэр музей Хэнтий аймгийн Дадал суманд бий. 30-аад жилийн өмнөөс нээгдэж эзэн Чингисийн мэндэлсэн нутгийг зорин ирэгсдийн очих дуртай газрын нэг болж аяллынх нь маршрутад тэмдэглэгдсэн энэ музейг үүсгэн байгуулагч нь Дадал нутгийн алдарт анчин, ахмад дайчин Д.Зундуйдагва агсан юм. Хоёр дайнд оролцож, залуу жанжин Ж.Лхагвасүрэнгийн гарын үсэгтэй онц буудагчийн үнэмлэх, маршал Х.Чойбалсангаас “Мэргэн буудагч” үнэмлэх тус тус гардаж явсан, улсын тэргүүний анчин, соёлын тэргүүний ажилтан гээд Д.Зундуйдагва баавай тун элдэвтэй, олон талын авьяастай, туулсан амьдралын баялаг намтартай нэгэн байв.

Тэрээр идэр залуу наснаасаа Хан Хэнтийн хөх хөвчөөр ан хийж, тухайн үеийн улсын норм төлөвлөгөөг давуулан биелүүлж явжээ. Хангай дэлхийгээс зөвхөн авах идэх биш хайрлах, хамгаалахын ухаан хэрэгтэйг хойч үедээ сургаж ирсэн анчин баавай олон жилийн турш байгаль ээжийн бүтээл сонин хачин зүйлс үлэмжхэн цуглуулж ирсэн гэдэг. Байгаль дээр тэр бүр тохиолддоггүй үргэлжилсэн битүү хавиргатай гөрөөс, битүү ургасан мод гээд олон сонин содон зүйлээр тэрээр цуглуулгаа баяжуулсаар ийнхүү гэр музейгээ байгуулжээ.

Хөвч тайгын бараг бүхий л хөхтөн амьтад, араатан, жигүүртний чихмэл, байгаль дээрх ховор сонин мод, чулуунаас гадна буриад зоны зан заншил, өв соёлыг илтгэсэн эд өлгийн зүйлс, эцэг өвгөдөөс нь өвлөж  ирсэн эртний баатрын хуяг, дуулга, нум, саадаг, эмээл гээд анчин баавайн гэр музейн үзмэрийн агуулга тун баян. Баавай тэнгэрт халиад таван жил болж буй хэдий ч гэр музейн үзмэрүүдийг нь түүний үр хүүхдүүд хадгалж хамгаалан, хол ойрын зочид гийчдэд үзүүлж сонирхуулсаар байдаг аж.

Аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, гадаадынхан Монголыг сонирхож байгаа энэ үед эзэн Чингис хааны төрж өссөн нутаг дэлхийн өнцөг бүрээс ирэх жуулчдын анхаарлыг татах нь дамжиггүй. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Мянганы суут хүн их эзэн Чингис хаан” төсөл хэрэгжүүлж Дадал суманд эзэн Чингисийн цогцолбор байгуулахаар газраа авч хашаалаад байгаа ажээ. Хэрвээ ийм цогцолбор байгуулагдах аваас их хааны өлгий нутаг жинхэнэ утгаараа аялал жуулчлалын төв болох бизээ.

Эзэн Чингис хааны эхээс унасан газар Дэлүүн болдог, алдарт Гурван нуурын амралт, Чингис хааны 800 жилийн ойд зориулан босгосон гэрэлт хөшөө, их хааныг гурван настайд нь угааж, ундалсан ус гэгдэх Хажуу булагийн цэнгэг ариун рашаан, Бодончир богдын амьдарч байсан Балжийн арал дахь отог, Сэнгүр горхи, Богд  хааны бага хатан Гэнэнпил баривчлагдан хороогдохын өмнө зусч байсан гэрийн буйр гээд Дадал сумын төвийг тойроод эрт эдүгээгийн түүхийн дурсгалт газрууд олон. Сумын төв өвөрт нь төвхнөсөн модот уулыг Тугын овоо буюу Баян овоо хэмээн нэрлэх бөгөөд эзэн Чингис хаан цэргийн хар сүлдээ энэхүү овоонд тахидаг байсан гэдэг домогтой. Баян овооноос хойш хараа бэлчээвэл Балжийн голын үзэсгэлэнт тохой ногоорон дуниартаж, дуунд гардаг алдарт Марааны тал цэлийн цэнхэртэнэ.

Баян хаанай ууламнай

Бугийн урамдаат орон юм

Анханай цаснаар яаранхай

Анчин баавайн нютаг юм… хэмээсэн үгтэй “Нутаг” дууг Дадал нутгийн унаган хүү яруу найрагч Бат-Очирын Сундуй зохиосон юм. Буриад зон төдийгүй Монгол даяар ардын дуу мэт түгсэн энэ дуу Хэнтий аймгийн Дадал сумын сүлд дуу болжээ.

Эзэн Чингисийн өлгий нутагт хөл тавьсан хэн боловч Дадал сумын Гурван нуурын хөвөөн дэх их хааны гэрэлт хөшөөнд заавал бараалхдаг. Энэхүү хөшөөний үүх түүхийг ярихад олон эрхэм хүний нэрийг дурдан дурсах учиг хөвөрнө. Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойгоор 1962 онд уг хөшөөг босгосон түүхтэй. Дадал нутгийн зон олон эрвийх дэрвийхээрээ дэмжин, их хааныхаа гэрэлт хөшөөг босгоход гар бие оролцжээ. Харамсалтай нь төр нийгмийн зүтгэлтэн Д.Төмөр-Очир агсан, уран барималч Л.Махвал гээд хөшөөг босгоход идэвхийлэн зүтгэсэн  хийгээд гар бие оролцсон хүмүүс бүгд хэлмэгдлийн сүүдэрт өртжээ. Түүнчлэн Чингис хааны хөшөөг нураах чиглэл тэр үеийн нам, төрийн удирдлагаас өгч байсан ч Дадал сумын удирдах ажилтан Г.Цэрэндорж эр зориг гарган “Хөшөөг нураасан” гэж худлаа мэдээлэл төв рүү өгч аргацаасаар их хааныхаа хөшөөг бүрэн бүтэн авч үлдсэн гэдэг.

1962 оны тавдугаар сарын 31 буюу билгийн тооллоор зуны тэргүүн сарын 16-нд Хэнтий аймгийн Дадал сумын төв Гурван нуурын хойд дэнж дээр гэрэлт хөшөө босгосон нь эзэн Чингис хааны хамгийн анхны хөшөө гэдгээрээ үнэ цэнэтэй. Энэ үнэ цэнийг өнөө болон хойчийнхонд мэдрүүлэх, танин мэдүүлэх, улмаар гадаадын жуулчдыг татах, соёлын өвийн аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх таатай сайхан боломж Хэнтий нутгийнханд байна.

Бүр тодруулбал Хан Хэнтийгээ түшин аж төрж буй халх, буриад, хамниган, сонгооль, урианхай, барга зэрэг ястны соёлын онцлогууд дээр суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож түүнийг аялал жуулчлалын салбартай холбох юм бол жинхэнэ соёлын бүтээлч үйлдвэрлэл болно доо гэх бодол анчин баавайн музейг үзэж, ард зоны дуу хуурыг сонсч, өвөрмөц сонин ахуй амьдрал, аж төрлийг нь сонирхон явах зуурт төрсөн билээ.

Энэ мэт бодлын ганзагалаа дүүрэн, аяны богц олз арвинтай цэнхэрхэн Дадалаас буцлаа, бид. Хан Хэнтийн цэнхэр хөвч зуны дунд сараа угтан дуниартаж, Онон, Балж, Барх, Хурх, Эг, Цэгээн, Хөмөл, Хирхон голууд цэлэлзэн байна.