Судалгаагаар сүүлийн үед бага насны хүүхдүүд зурагт үзэх нь харьцангуй буурчээ. Гэхдээ тэдний интернэт хэрэглээ эрс нэмэгдсэн байх юм. Энэ ганц Монголд бус дэлхий даяар толгойн өвчин болж эхэлжээ. Техник, технологи хөгжих тусам бид цахим гэмт хэрэг, халдлагаас ганц хүүхэд гэлтгүй нийтээрээ сэргийлэх шаардлага үүсээд байгаа.

“New Definition of Childhood” судалгааны байгууллага хамгийн сүүлд 12 орны 6-12 насны 4257 хүүхдийн дунд интернэт хэрэглээний талаарх судалгаа явуулжээ. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн ихэнх нь долоо хоногт дунджаар 7.4 цагийг интернэт орчинд өнгөрүүлдэг тухай өгүүлсэн аж. Харин Монголд ийм судалгааг 300 хүүхдийн дунд хийхэд ямар ч зорилгогүй цахим орчноор сэлгүүцдэг гэж дийлэнх нь хариулсан байна. Нөгөө талаас цахим халдлагад 11-17 насныхны 32 хувь нь өртөж байснаа, 23 хувь нь хүүхдүүдэд сэтгэлзүйн дарамт цахимаар үзүүлж байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Энэ зөвхөн судалгааны түвшинд гарсан тоо.

Нэг ёсондоо хүн төрөлхтний сүүлийн 50 жилийн амьдралын хэвшил хэмнэлд гарч байгаа өөрчлөлтийн нэг нь яах аргагүй цахим орчин. Хүүхдүүдийн ихэнх цагаа өнгөрүүлдэг газар гэр бүл бус цахим орчин буюу интернэт болж байна. Манай улсад Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийг баталж, хэрэгжүүлээд хоёр жил болж буй. Хуулийн хэрэгжилт боломжийн түвшинд байгааг албаныхан хэлж байсан.

2016 оны байдлаар нийт өрхийн 40 гаруй хувь нь гэртээ интернэтэд холбогдсон, давхардсан тоогоор гурван сая гаруй хүн гар утас хэрэглэгч гэсэн статитистик тоо байна. Фэйсбүүкийг 1.5 сая хүн интернэт орчин дахь гол хэрэглээгээ болгосоор байгаа юм. Товчхондоо, интернэт хэрэглэгчийн 96 хувь нь фэйсбүүк ашиглаж байна. Сүүлийн 3 жилд фэйсбүүкийг хүүхдүүд их ашиглаж эхэлсэн гэх судалгааны дүн байх. Мэдээ мэдээллийн асар хурдацтай цаг үед амьдарч буй бид хүүхдээ цахим орчин дахь гэмт хэрэг, халдлагаас хэрхэн хамгаалах вэ гэх асуудал үүсч байна.

Хүүхдийн хүмүүжилд  хүрээлэн буй орчны нөлөө үлгэр дуурайлал болж байдаг. Үндсэндээ нийгмийн орчноос гадна хамгийн чухал зүйл нь гэр бүлийн харилцаа, хандлага юм. Тэгэхээр эцэг эхчүүд бид өөрсдөө сахилга баттай байх шаардлага тулгарч байна. Бид л хүүхдүүддээ үлгэрлэж, интернэт орчинд байх цагийг зохицуулах, нэг ёсондоо гэртээ тогтсон дүрэмтэй болохоос эхэлнэ. Ядаж л орой ажлаасаа ирээд утсаа “маажих”-аа багасгах ёстой. Хүүхдээ сэтгэлзүйчид үзүүлэхээр ирсэн аав утсаа “маажаад” суугаад байдаг нийтлэг төрх манайд бийг сэтгэл судлаачид хэлж байна.

За тэгээд хүүхдэдээ фэйсбүүк нээж өгч ашиглахыг зөвшөөрсөн бол гэмт хэрэг, хулгай дээрэм халдлагаас сэргийлэхийн тулд танихгүй хүмүүсийг фэйсбүүк найзаар нэмэхгүй байхыг хатуу анхааруулахыг холбогдох албаныхан уриалсаар ирсэн. Хүүхдүүд фэйсбүүкт таарах аль нэг линкийг сонирхолдоо хөтлөгдөөд дарчихдаг. Үүгээр дамжаад тухайн хүүхдийн хувийн мэдээлэл очдог байхыг үгүйсгэхгүй. Эцэг эхийн хяналт энд л байх ёстой. Найзуудаасаа ирсэн холбоос мэдээллийг дарж үзэж болохгүй зэрэг анхан шатны мэдээллийг хүүхдүүддээ байнга сануулж байх нь та бидний үүрэг юм.

Манай улсад 1.2 сая хүүхэд байна. Өсвөр насныхны 70-ээс дээш хувь нь цахим орчинд үе тэнгийнхнийхээ дарамтад өртөх, хэлсэн үгийг нь эмзгээр хүлээж авах байдал түгээмэл аж. Тиймээс Харилцаа холбооны зохицуулах газраас зөвлөмж гаргажээ.

Интернэт зохистой хэрэглэснээр хүүхэд хөгжих олон давуу тал байгаа ч насанд нь тохирсон хэрэглээ байх ёстой. Энэ хүрээнд судлаачид хүүхдийн насных нь ангиллаар 4-5 бүлэгт хуваажээ. Насандаа тохирсон хэрэглээ байгаа эсэхийг эцэг эхчүүд хянах нь чухал гэсэн үг. Өдөрт 30 минутаас 3 цагийн хооронд интернэт ашиглах ёстой гэдэг ч юм уу. Баргийн эцэг эх сэтгэлзүйчид ханддаггүй. Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлог тэс өөр. Нэг асуудлыг өнгөц хүлээж аваад нөгөө тал руу нь хазайдаг хувирамтгай цаг үе нь өсвөр нас байдаг аж. Тиймээс өсвөр насанд нь хүүхдээ том болсон гэж хайхрахаа болих бус харин ч их анхаарал халамж тавьж, интернэт орчноос ямар мэдээлэл авч, юу сурч байгаа талаар илэн далангүй ярилцаж байхыг Сэтгэл судлалын төвийнхөн хэлж байсан.

Интернэт орчин гээд ярихаар бидний нэрлэж заншсанаар PC тоглоомын асуудал бас яригдана. Цахим тоглоом хэт их тоглосноор хүүхдүүд гэмт хэргийн сэдэл авах ч тохиолдол бий аж. Цахим орчинд хүүхдүүдийн үйлдсэн 50 гэмт хэрэг өнгөрсөн хугацаанд бүртгэгдсэн гэх мэдээллийг хууль хяналтын байгууллагаас өглөө. Үүнээс үзэхэд зөв зохистой хэрэглээ, эцэг, эх, багш нарын оролцоо хамгийн чухал байна.

Фэйсбүүкийн хэрэглээг дагаад аюулгүй байдал хэр байна вэ. Хүүхдүүд сургуульд орсон хойноо багш нар,ахлах ангийнхнаа харж үлгэр дууриалал авдаг байна. Тиймээс нийслэлийн ЕБС-ийн 600 орчим нийгмийн ажилтанд боловсролоор дамжуулж хичээл оруулах, өсвөр үеийнхэнд мэдлэг мэдээлэл өгөх шаардлага бийг холбогдох албаныхан хэлж байгаа юм. Хэрэглээг зөв хэвшүүлбэл техник технологи, интернэт орчны давуу тал олон. Үндсэндээ өөрөө мэдэхгүй тоглоомын хамааралд орохоос хүүхдийг сэргийлэхийн тулд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг энд хөндөх гэсэн юм.

Английн хүүхдийн сэтгэл судлаачид хүүхэд техник технологи болон интернэт орчинд хэт их донтох нь тэдний зан байдал болон, унтах хэв маягт маш хүчтэй нөлөөлдөг гэж үзжээ. Манайд 500 орчим цахим тоглоомын газар байна. Хүүхэд тоглож наадаж түүнээс хүмүүжиж байдаг. Тийм учраас интернэт хэрэглээг шууд хориглох нь нэг талаараа өрөөсгөл. Энэ нь хүүхдүүд эцэг эхдээ худлаа хэлэх урьдач нөхцөл ч болно. Иймд хүүхдүүдтэйгээ аль болох их цагийг хамт өнгөрөөж, сонсч ярилцахын зэрэгцээ өөр бусад сонирхол, хоббиг нь дэмжих ёстой гэдгийг сэтгэл судлаач Н.Ургамал хэллээ.

Дараагийн нэг асуудал бол интернэтэд бага болон өсвөр насны хүүхдүүдэд хор хөнөөлтэй, зохисгүй контент агуулсан мэдээлэл, цахим хуудас, видео тоглоом олонтаа  байршсан харагддаг. Үүнээс томчууд бид хүүхдээ хамгаалах, сэргийлэх нэн тэргүүний хариуцлага ногдож байна. Санаандгүй болоод сониуч байдлаар тэдгээр линкийг дарж нэвтэрч орж байгаа нь хүүхдүүд цахим хүчирхийлэлд өртөх, хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн золиос болохыг үгүйсгэхгүй. Адаглаад хүчирхийллийг харуулсан мэдээллээс болж хүүхэд сэтгэлзүйн өөрчлөлтөд орох, хүмүүжлийн доголдолтой болох зэрэг эрсдэл үүсэх аюултай юм.

Цахим орчинд нэг талаараа хүүхэд хөгжиж дэвших бүрэн боломжтой ч буруугаар ашиглавал хэний ч төсөөлөөгүй аюул дуудах нь. Тиймээс цахим орчноос хүүхдүүдээ хамгаалах нь эцэг эхчүүд, томчууд бидний үүрэг болчихоод байгааг дахин тодотгомоор байна. Энэ л насанд нь хамгаалчихвал тэд Монголын ирээдүйг сайн сайхнаар залах залуурчид юм шүү дээ.