Дэлхийн оддыг Монголын тайзнаа авчирдаг хамгийн олон үзэгчтэй шоу нэвтрүүлгийг “Боловсрол” телевизийн уран бүтээлчид Нидерланд улсын “Эндемон Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр гурав дахь жилдээ бэлтгэн хүргэж байгаа билээ. Түүхэнд нэрээ үлдээж, уран бүтээлээрээ гайхуулж чадсан авьяастнуудын дүр төрх, дуу хоолойг яг тэр хэвээр нь танд хүргэж байгаа “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт олонд танигдсан загвар өмсөгч Ж.Энэрэл, ая зохиогч, дуучин Б.Нацагдорж, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, театр, киноны жүжигчин М.Цэрэндолгор, “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, дуучин, жүжигчин Ч.Очгэрэл, “VR” хамтлагийн гишүүн, загвар өмсөгч О.Билгүүн нар өрсөлдөж байгаа.
Бид энэ удаад “Яг түүн шиг” шоуны түүхэнд гал гаргасан дөрөв дэх дугаарын ялагч “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаатай ярилцлаа.
Анх удаа гурван оролцогч оноогоор тэнцэн ялалт байгуулж тэр дундаас ялагч болон тодорлоо. Баяр хүргэе. Ялалтын амт ямар байна?
Би LP болон “Lost on you” дууг нь дуулсан үзүүлбэрээрээ ялалт байгуулна гэж бодоогүй. Маскгүй болохоор итгэл муутай, нэг их найдвар тавиагүй. Учир нь Оросын нүүр хувиргалтын баг маш мундаг байсан. Өмнөх гурван дугаарт оролцогч нарыг маск хийж байгааг харахад яг л адилхан болгоод байсан.
Маскгүй нүүр хувиргалт хийнэ гэхээр их л төстэй гэсэн давуу тал байсан болов уу?
Харин тийм. Шүүгчид бас тэгж хэлсэн. Энэ ялалт бол их гэнэтийн бас амттай ялалт болсон. Учир нь “Яг түүн шиг” шоуны түүхэнд гурван хүн оноогоороо тэнцсэн тохиолдол өмнө нь гарч байгаагүй юм билээ. Шүүгч нар болон оролцогчдын оноогоор Ц.Тэмүүлэн, Б.Нацагдорж бид гурав 34 оноогоор тэнцсэн. Тиймээс шүүгч нар дахин нэг минут ярилцаад намайг ялагчаар тодруулсан. Ялагч Сүндэрмаа гэж зарлахад би шоконд орон “Ямар сонин юм бэ. Би ялж байгаа юм уу” гэж бодсон. Тухайн үед тайзан дээр юм ярих гэсэн чинь цаанаасаа нулимс гараад байсан шүү. Их л сонин гоё мэдрэмж төрдөг юм билээ.
Шоуны анхны үзүүлбэр, баззер дараад CL болох даалгавар авсан тэр мөчийг эргэн дурсвал. Өөрөөсөө тэс өөр хүнийг дуурайн анх удаа тайзнаа үглэсэн гээд л?
Анхны дугаарт CL болон “Hello Bitches” дууг дуулж анх удаа үглэн Солонгосын тэр мундаг бүсгүйг дуурайсан. Бэлтгэл дээр байсан шигээ тайзан дээр үзүүлбэрээ үзүүлж чадаагүй ээ. Тэр хүний нүүрний хувирал, бүжгийн хайрцаг гээд л. Яагаад гэхээр тайзан дээр гарахаар эмоци хөдлөөд зарим зүйлсээ мартаад, шүүгчид, оролцогч нар дээрээ очоод эргээд бүжгийн хайрцагтаа орох ёстой ч орохгүй тэс өөр зүйл хийгээд явах жишээтэй. Шоуны төгсгөлийн үзүүлбэр байх хэцүү юм билээ. Үзүүлбэрээ хүлээсээр жаахан эрч хүч унасан үедээ тайзан дээр гараад эмоциороо л хийгээд. Гэхдээ би хичээгээд л үзүүлбэрээ үзүүлсэн гэж бодож байгаа.
Хамтлагаараа тайзан дээр гардаг байсан Сүндэрмаа энэ удаад ганцаараа дуулаад тайзан дээр өөр өөр бүрэлдэхүүнтэй гарч байгаа?
Өөр юм билээ. Бид гурав нийлээд хамтлагаараа тайзан дээр 21 жил дуулсан. Өмнө нь ганцаараа тайзан дээр гарч үзээгүй. 2017 онд шинэ жилээр дуу гаргаад ганцаараа тайзан дээр гарч дуулахад хоёр талд хоосон оргиод “төөрсөн хурга шиг” гэдэг шиг сонин мэдрэмж төрдөг юм билээ. Одоо “Яг түүн шиг” шоунд ороод биеэ дааж байгаа. Дуулалт, бүжиг, жүжиглэлт гээд бүх зүйл над дээр ирж байгаа болохоор их хөдөлмөр гарган биеэ дайчлах шаардлагатай болдог юм байна. Надад энэ шоунд орох нь их таалагдаж байгаа. Баригдмал байсан Сүндэрээг задлаад, “эвдэж” байгаа гэдэг утгаараа надад их үр өгөөжтэй санагдаж байгаа.
Хамтлагийнхан тань шоуны туршид хамгийн дотнын зөвлөгчид болж байгаа болов уу?
Чинбаа, Болороо, Сарнай бүгдээрээ л тэрийгээ ингэж хийвэл гээд л зөвлөж байгаа. Мөн ар гэрийнхэн, нөхөр, ээж, аав, найз нөхөд хүүхдүүдийн хөөрхөн дэмжлэг бүх зүйл л энэ шоунд амжилттай оролцох сэтгэлийн эрч хүчийг өгч байгаа. Одоо бүр шоуныхаа амтанд орчихсон, шоугаараа амьсгалж байгаа.
Өмнө нь “Яг түүн шиг” шоуны хоёр улирал үзэгчдэд хүрсэн. Үзэгчийн суудлаас оролцогчийн суудал руу шилжихэд ямар байна?
“Яг түүн шиг” шоуны өмнөх улирлуудыг үзэж байсан ч яг өөрөө дунд нь ороод оролцогч болохоор өөр юм билээ. Өмнө нь оролцогч нарыг ингээд хөдлөхгүй, тэгж дуулсан бол гэж бодож байсан ч өөрөө дотор нь ороход үнэхээр л тайзан дээр гараад дүр, хөдөлгөөн, дуулалтаа бодно гээд өмнөх оролцогч нарынхаа зовлон жаргалыг ойлгодог юм билээ.
Долоо хоног бүрд даалгавар аваад хувирч өөрчлөгдөн хамтран ажиллахад энэ баг хамт олон хэр байна?
Манай “Боловсрол” телевизийн баг хамт олон мундаг байгаа. Найруулагч, хөгжим, техник дээр ажиллаж байгаа баг, тайзныхан, нүүр будалтынхан, үсчин, хувцас, бүжигчид гээд олон хүний хөдөлмөр энэ шоунд шингэж, шоуг чимж, амьдруулж байгаа. Үзэгчид шоуг цэнхэр дэлгэцээр харахад энэ үзүүлбэрийг ингэж дуурайсан юм байна гээд амархан юм шиг харагдаж байж магадгүй. Гэтэл тэр үзүүлбэрийн ард ямар олон хүн ажиллаж байгааг баримтат кино болгон гаргаж тэр хүмүүсийн хөдөлмөрийг үнэлмээр санагдаад байгаа. Хөгжим дээр ажилласан баг Туяанаа, Мөнхөө нартаа баярлалаа. Чимээгүй баатрууд гээд нэвтрүүлгийн баг хамт олон бол их мундаг. Мөн “Крокус эвент холл”-ын хамт олон байна. Хэдэн өдрөөр тайз байраа гаргаж өгч ажиллаж байгаа. Өмнө нь “Өө, “Яг түүн шиг” шоу” гээд л үздэг байсан бол дунд нь орохоор маш олон хүний сэтгэл зүрх, хөдөлмөр шингэдэг гэдгийг ойлгож байна.
“Яг түүн шиг” шоу бол олон улсын шоу. Тэр ч утгаараа өөрөө гадаад дотоодод олон шоунд оролцож байсан учраас шоуны зохион байгуулалт, арын албаныхан ямар төвшинд ажиллаж байгааг онцолж асуумаар байна?
Гаднынхнаас дутахааргүй хариуцлагатай мундаг баг хамт олон ажиллаж байгаа шүү. Цаг бол цаг, ажил бол ажил, амралт бол амралт. Хэрвээ 10.00 цагт “Крокус” дээр тайзны бэлтгэлтэй л гэсэн бол бүгд цагтаа ирээд ажлаа эхэлдэг. Манайхан заримдаа тоглолт зохион байгуулахад дэлгэц нь ирж яваа, хөгжим тавьдаг хүмүүс нь ирээгүй байна гэдэг бол энд тийм асуудал байхгүй. Ажилдаа үнэнч, дуртай баг хамт олон байна лээ шүү, манай “Боловсрол”-ынхон.
Шоунд оролцох урилга хүлээн авахад юу бодогдож байсан бол оо?
Яана аа л гэж бодсон. Оролцогч нар маань ямар хүмүүс байгаа бол оо гэж бодсон. Тэр чинь хувирч, өөрчлөгдөн, дуулж, бүжиглэдэг шоу шүү дээ. Би чадах болов уу гэж боддог юм билээ. Ямар ч байсан шоу үзээд орчихдог байж гэж бодож байхаар зүгээр л дотор нь ороод хөдөлмөрлөөд өөрийгөө хөгжүүлсэн нь дээр юм байна гээд хамтлагийнхан болон гэр бүл, найз нөхөдтэйгөө ярилцаад орсон. Тэр ч утгаараа баззер дараад ямар дүр ирнэ түүнийг л бүтээнэ гэж бодсон. Намайг өөр өнцгөөс харуулах хувирал гаргах дүр байвал надад илүү сонирхолтой санагдаад байгаа. Jessie J дээшээ дуулдаг хүүхэн. Би хальт дээшээ дуулдаг болохоор миний хоолойн тембрт дөхсөн дуучин таарахад надад сорилт багатай санагдаад байгаа. Намайг сорьсон янз бүрийн дүрд хувирч үзмээр байна.
Хамтлагаар тань сонин сайхан их үү. Уулзаагүй удлаа шүү дээ?
Сарнай гадагшаа явсан, зургадугаар сард ирнэ. Бид шинэ клипнийхээ ажлыг дуусгасан. Ирэх сардаа багтаагаад гаргах санаатай байгаа. Хамтлагийнхаа ойг удахгүй хийх байх. Чинбаа маань ирэх есдүгээр сард тоглолтоо хийнэ. Түүний тоглолтын бэлтгэл ажил, өөрийн уран бүтээл гээд бодож санаж байгаа ажлууд их байна.
Соло дуунуудаа удахгүй гаргах нь ээ?
Бид соло уран бүтээлээ хийнэ гэж төлөвлөсөн. Болороо маань соло уран бүтээлээ хийн цомгоо гаргасан. Би энэ жилдээ багтаагаад цомог гаргана, амжуулна гээд л бодож байгаа. “Яг түүн шиг” шоунд орсноор уран бүтээлийн сэдлүүд гарч ирж байна. Би иймэрхүү дууг барчих юм байна, ийм жанраар дуулбал болох юм байна гээд уран бүтээлийн карьерт ч их нөлөөлж байгаа. Тиймээс дараа дараагийн уран бүтээл маань янз бүрийн дуугаралт, стилиэр дуугарч яагаад болохгүй гэж бодогдоод “Яг түн шиг” шоу миний хувьд шинэ уран бүтээлийн өмнөх бие халаалт болж байна. CL-ыг анх дуулахад хүмүүс ийм дуунууд дуулбал гоё юм байна гэх мэтчилэн гоё санаа, уран бүтээлийн саналууд орж ирж байгаа. Тэр бүрийг бодож үзэн өөр харагдах дуунууд дуулж үзвэл гоё юм байна гэж бодогдож байгаа шүү.
Шоуны хувьд өрсөлдөөн ид буцлан шижигнэсэн залуус л ана мана өрсөлдөж байна?
Манай долоо мундаг байгаа. Тус тусдаа өөрийн гэсэн онцлогтой, авьяастай. Би чинь энэ дундаа аниа нь шүү дээ (инээв). Залуустай оролцоход тэдний энерги маш гоё байдаг юм байна. Бид найм маш гоё баг болж чадсан. Заримдаа уулзахгүй удах бол санаад л, “Уулзъя даа” гээд өнөөдөр охидоороо кофедож байх жишээтэй. Хэдийгээр дугаар бүрт өрсөлдөөн байгаа ч бидний хувьд найз нөхөрлөл бий болсон. Шоу их гоё болж байгаа гээд сэтгэгдэл бол маш өндөр байгаа.