УИХ, Засгийн газраас эдийн засгийг тогтворжуулах бодлогыг зохистой хэрэгжүүлсний үр дүнд эдийн засаг 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар 6.1 хувийн өсөлтөд хүрч гадаад валютын нөөц 3.2 тэрбум ам.долларт хүрлээ.
Монгол Улсын Засгийн газрын тэргүүн ийнхүү Монголын эдийн засгийн чуулганы үеэр гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад зарласан. Харин эдийн засгийн өсөлт иргэдэд хэзээ нөлөөлж тусгалаа олох вэ. Эдийн засгийн өсөлтийн энэ тоогоор бид хоол хийж идэх үү хэмээх асуулт иргэдээс гардаг. Үнэндээ эдийн засгийн өсөлт 6.1 болоод буй ч ядуурал манай улсын иргэдийн 29.6 хувийг хамраад байгааг Дэлхийн банкны судалгаа харуулж байна.
Тэгвэл эдийн засгийн өсөлт ер нь иргэнд хүртээлтэй байдаг уу. Уг асуултад хариулахаар Үндэсний статистикийн хорооноос “Эдийн засгийн өсөлт, ядуурлын хамаарлын судалгаа”-г хийжээ. Эдгээр үзүүлэлтийн хоорондын хамаарал болоод цаг хугацааны нөлөөллийн талаар судалгаанд сүүлийн 20 гаруй жилийн интервалыг авч үзсэн байна.
Товчоор хэлэхэд, өнөөдрийн эдийн засгийн өсөлт шууд тэр дороо ядуурал, ажилгүйдлийг бууруулж, цалин хөлсийг нэмэхгүй. Харин тодорхой цаг хугацааны хоцролттой нөлөөлж магадгүй аж. Судалгааны үр дүнгээс харвал, манай улсын эдийн засгийн өсөлт нь ядуурлыг тухайн жилдээ огт багасгахгүй байжээ. Өнгөрсөн хугацааны өсөлтийг ажиглахад нэгээс хоёр жилийн дараа л ядуурал буурсан үр дүн байсныг тэмдэглэжээ. Судлаачид үүнийг доод тал нь хоёр жилийн хоцрогдолтой хүрдэг хэмээн бичсэн байна. “ДНБ-ий бодит өсөлт нэг хувиар нэмэгдэхэд ядуурлын төвшин хугацааны хоцролт (1-2 жил)-оос хамаарч 0.71-1.04 пунктээр буурсан, харин ажилгүйдлийн төвшин мөн нэг хувиар өсөхөд ядуурлын төвшин 0.3 пунктээр өссөн байна. ДНБ-ий өсөлт тухайн жилд нэг хувиар өсөхөд ядуурлын төвшин тухайн жилээс хоёр жилийн дараа хамгийн өндөр пунктээр буурахаар байгаа”-г дурдсан байлаа.
Эдийн засгийн өсөлт, ядуурлын хоорондын эмпирик хамаарлыг мөн л олон улсад нэлээд судалжээ. Энэ чиглэлээр хийгдсэн судалгаануудын үр дүн харилцан адилгүй байна. Тухайлбал, АНУ-д эдийн засаг 1 хувиар өсөхөд ажилгүйдэл дунджаар 0.5 хувиар буурсан, Польш, Испани улсад эдийн засаг 2-3 хувиар өсөхөд ажилгүйдэл дунджаар 1 хувиар буурсан үр дүн гарсан байна.
Гэтэл зарим орны судалгаа эдийн засгийн өсөлт нь ажилгүйдэлд нөлөөлдөггүй, эсвэл багахан нөлөөтэйг харуулсан байдаг. Жишээ нь Швед улсад эдийн засгийн өсөлт ажилгүйдэлд бараг нөлөө үзүүлдэггүй байна. Чех, Болгар, Балтын тэнгисийн орчмын улсууд, Словак болон ОХУ-д эдийн засгийн өсөлт нь ажилгүйдэлд бага нөлөө үзүүлдэг бөгөөд ядууралд үзүүлэх эдийн засгийн нөлөө нь Европын холбооны гишүүн орнуудтай харьцуулбал маш бага гарчээ.
Сайн мэдээ гэвэл, ДНБ-ий өсөлт нь ядуурлын одоогийн 29.6 хувийг 2019 онд тав орчим пунктээр бууруулж 24.3 хувь болгохоор байгааг онцлоё. Гэвч судалгааны үр дүнгээс харахад ажилгүйдэл буурах нь ядуурлын төвшинг буурахад харьцангуй бага нөлөө үзүүлж байна. Энэ нь иргэдийн цалин, орлого инфляцтай уялдаж, хангалттай хэмжээгээр өсөөгүйтэй холбоотой гэж үзэхээр байгаа аж.
Муу мэдээ гэвэл, эдийн засгийн өсөлт ядуурлыг бууруулах гол хүчин зүйл болдог хэмээн Дэлхийн банк өгүүлсэн ч манайд эсрэгээрээ болох нь ч бий. Эдийн засгийн өсөлт нь ажил эрхлэлтийг нэмэгдүүлдэг, ингэснээр өрхийн орлого өсч ядуурлыг бууруулах ёстой. Гэсэн ч эдийн засгийн өсөлт нь инфляц хөөргөх шалтгаан болж, ингэснээрээ өрхийн худалдан авах чадвар буурч, ядуурлыг бууруулахад саад болсныг бүр 2010 онд хийсэн судалгаанд өгүүлсэн байжээ.
Хүмүүс ярьдаг л даа, эдийн засгийн үзүүлэлт сайн байлаа гээд иргэдийн амьдралд буухгүй байна гэж. Гэтэл эдийн засгийн үзүүлэлт муу байхад хүмүүсийн амьдрал сайжирна гэж бүр ч байхгүй. Монгол Улс 2010 оноос дунджаас дээш орлоготой орны тоонд орж байсан. 2015 оноос манай эдийн засгийн өсөлт буурсантай холбоотойгоор дунджаас доош орлоготой орны тоонд багтсан.
2013, 2014 онд байсан эрх баригчид маань “мөрөөдлөө биелүүлэх” гээд баахан мөнгө тараагаад үйлийн үрийг нь бид эдэлж байна. Яг тийм учраас өнөөдөр мөнгө орж ирэхэд Ерөнхий сайдаар ч тараалгахгүй. Хэрвээ нийтийн мөнгөнөөс хөрөнгө оруулалт хийхээр бол тодорхой шинжлэх ухааны үндэслэлээр мэргэжлийн ажлын хэсэг гаргаж хуваарилтад оролцоно гэсэн үг.
Энэ чиглэлээр хийгдсэн судалгаануудын үр дүнгээс харахад эдийн засгийн өсөлт нь ядуурлыг бууруулах үндсэн нөхцөл болж байна. Гэхдээ эдийн засаг өсөхөд ядуурал заавал буурдаг гэдгийг батлаагүй ажээ.
Тэгвэл Монгол Улсын эдийн засаг хамгийн өндөр өсөлттэй он жилүүдэд ямар байсан бэ гэдгийг энэ судалгаанаас харъя. Эдийн засгийн голлох салбаруудын өсөлт 2011-2017 онд харилцан адилгүй байсан ч Оюутолгойн уурхайн үйлдвэрлэл эхэлснээс шалтгаалж 2011 онд манай улсын эдийн засаг түүхэндээ байгаагүй хамгийн өндөр буюу 17.3 хувиар өсжээ. Ядуурлын төвшнийг уг хугацаанд авч үзвэл, 2010-2014 онд 38.8 хувиас 21.6 хувь болж буурсан байна.
Эдийн засгийн голлох салбаруудын өсөлт 2011-2017 онд харилцан адилгүй байсан ч Оюутолгойн уурхайн үйлдвэрлэл эхэлснээс шалтгаалж 2011 онд манай улсын эдийн засаг түүхэндээ байгаагүй хамгийн өндөр буюу 17.3 хувиар өсжээ. Ядуурлын төвшнийг уг хугацаанд авч үзвэл, 2010-2014 онд 38.8 хувиас 21.6 хувь болж буурсан байна.
Үүнийг бусад улс орны судалтгаатай харьцуулахад манайд уг өсөлт хоцрогдолтой хэдий ч нөлөөлж байж гэж харахаар байгаа юм. Одоогоор эдийн засаг 2016 оноос эхлэн өсөх хандлагатай байгаа хэдий ч ядуурал, ажилгүйдэл 2 жилийн дараахь байдлаар буураагүй л байна. Эдийн засгийн өсөлт гэдэг долоон ам бүл сард халамжийн 100 мянгаар амьдрахыг хэлэхгүй. Орлого нь ч өсч, зарлага нь ч өсч байхыг хэлэх ёстой болов уу.
“Эдийн засгийн өсөлт нь Монгол Улсад шингэдэггүй, өсөлтийн ихэнх нь гадагш урсдаг, мөн баялгийн хуваарилалтын тэгш бус байдал нэмэгдсэнээс шалтгаалж эдийн засгийн өсөлт нь ядуурлыг бууруулахад нөлөөлдөггүй“ хэмээн судлаач Амартүвшин 2012 онд хийсэн судалгаандаа шүүмжилж байсныг Үндэсний статистикийн хороо энэ тайландаа дурджээ.
Тиймээс өсөлтөөс үүдсэн хөрөнгийг халамж болгож тараах уу, цөөхөн хүн хувааж хүртээх үү, эсвэл нийт иргэддээ бодит орлого болгох уу гэдгийг жил бүр өсч буй эдийн засгийн өсөлтийг хэрхэн зөв залуурдаж байна вэ гэдгээр шийдэх ёстой бололтой.
Эс тэгвээс “Эдийн засгийн өсөлт нь ядуурлыг бууруулахад нөлөөлдөггүй. Учир нь эдийн засгийн өсөлт нь нийгмийн халамжийг нэмэгдүүлдэг, нийгмийн халамж өссөн нь ядуурлыг бууруулах бус, эсрэгээрээ өсгөх нөхцөл болж байна” хэмээн Азийн хөгжлийн банкнаас манай улсад хийсэн судалгаандаа үндэслэн 2011 онд тоймлож байсныг энд нэхэн сануулъя.