“Ийгл Ньюс” телевизийн “Зочны цаг” нэвтрүүлэгт Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Мандхай уригдан оролцлоо. Түүнээс хүүхдийн мөнгөний асуудлаар зарим зүйлсийг тодрууллаа.
-Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгож байсныг 80 хувьд нь олгож шийдвэр гарлаа. Үүнтэй холбогдуулаад өмнө нь 60 хувьд ямар айлын хүүхдүүд хамрагдаж байсан бэ. Одоо 80 хувь болгосноор ямар айлын хүүхдүүд 20 мянган төгрөг нэмж авах боломжтой болж байгаа вэ?
-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Нийгмийн халамжийн тухай хууль Засгийн газрын тогтоолоор батлагдсан Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 онд батлагдсан босго шугам тогтоох тухай тушаалын хүрээнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож байгаа. 2018 оны 1-5 сард нийт хүүхдийн 60 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгосон. Нийт 684 мянган хүүхдэд сар бүр 13.6 тэрбум төгрөгийг буюу одоогийн байдлаар 68.1 тэрбум төгрөг олгогдсон явж байна. Одоо нийт хүүхдийн 80 хувьд олгох УИХ-ын тогтоол батлагдан гарсан байгаа. Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох санхүүжилтийг бид Сангийн яамнаас авна. Мөн сайдын хүүхдийн мөнгө олгох босго шугам шинэчлэгдэн гарах ёстой. Түүний дараа зургаадугаар сараас бид хүүхдийн мөнгийг олгож эхэлнэ.
Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамдаа өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй байх ёстой. Мөн арилжааны банкинд хүсэлт гаргасан байх ёстой гэсэн энэ хоёр нөхцөлийг заавал хангаж байх ёстой. Өрхийн мэдээллийн санд бүртгэгдэхийн тулд өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдсан байх ёстой. Иргэдийн дунд дээрх хоёр нөхцөлийг заавал бүрдүүлэх ёстой гэдгийг мэдэхгүйгээсээ болоод хүүхдийн мөнгөн тэтгэмж авч чадахгүй байх нөхцөл бүрддэг. Мөн иргэд өрхийн мэдээллийн санд бүртгэгдээгүй тохиолдолд амьдарч байгаа ус хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандаад өрхийн амьжиргааг тодорхойлох судалгаанд хамрагдая гэсэн өргөдлөө өгөөд судалгаанд хамрагдах боломжтой байгаа. Хүүхдийн мөнгө олгох босго шугам 554 байдаг. Энэ нь өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн бүртгэлтэй өрхүүд 0-1000 хүртэлх оноогоор үнэлэгдсэн байдаг. 554 оноо буюу түүнээс доош оноотой өрхийн бүх хүүхдүүд хүүхдийн мөнгө авч байсан. Одоо 80 хувьд нь олгоно гэх юм бол өрхийн мэдээллийн нэгдсэн санг бид ашиглах ёстой. Учир нь хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд маань өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй байх гэсэн заалт байгаа учраас дахин энэ босго шугамыг дээшлүүлэн тогтоож байж 80 хувьд хамрагдах хүүхдүүддээ хүүхдийн мөнгө олгоод явна гэсэн үг.
-Одоо хэдэн оноотой өрхийн хүүхдүүд 80 хувьд нь багтаж байна гэж өөрсдийгөө ойлгох вэ. Манай өрхийн оноо хэд вэ гэдгийг мэдэх вэб сайт байгаа юу?
-Одоогийн байдлаар бид босго шугамаа эцэслэн тогтоогоогүй байгаа. Тооцоо судалгаа явж байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын босго шугам тогтоох тушаал гарсны дараа босго оноо ил болно. Манай Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын вэб сайт дээр тухайн хүүхдийн регистрийн дугаарыг хийн хүүхдийн мөнгөн тэтгэмж авах боломжтой байна уу үгүй гэдгийг шалгах боломжтой. /Энд дарж шалгана уу/ Мөн сум хорооныхоо мэргэжилтэнд хандан хүүхдийн мөнгө орж байгаа эсэхийг шалгуулах боломжтой. Хэрвээ орохгүй байгаа бол ямар учраас орохгүй, хамрагдахгүй байгааг асууж тодруулж болно.

-Тэр босго оноог шинэчлэн тогтоох сайдын тушаал гарах хугацаа гэж байгаа юу. Та нарт хүлээлт нь хэд хоног байна?
-УИХ-ын тогтоол батлагдсан байгаа. Засгийн газарт чиглэл өгсөн байсан. Түүний дагуу тооцоо судалгаа хийж өгнө. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд нийт 950 мянга гаруй хүүхэд байгаа. Түүнээс бид нийт хүүхдийн 80 хувь буюу зорилтот 800 гаруй мянган хүүхдийг тодорхойлохын тулд заавал босго оноог тогтоох шаардлагатай болсон.
-80 хувийг тогтоохын тулд дахин судалгаа хийнэ гэсэн үг биш биз дээ?
-Өрхийн мэдээллийн нэгдсэн сан дотор байгаа мэдээллээ ашиглаад тооцоогоо гаргаж байгаа. Харин судалгаанд хамрагдаагүй иргэд байх юм бол амьдарч байгаа сум хорооныхоо нийгмийн халамжийн ажилтанд хандан судалгаанд хамрагдах боломжтой. Жишээ нь миний хувьд судалгаанд хамрагдаагүй байж байгаад дөрөвдүгээр сард судалгаанд хамрагдлаа гэхэд өрхийн оноо тодорхой хугацаанд бодогдон гарна. Хэрвээ манай өрхийн оноо тавдугаар сард гарлаа гэхэд босго оноо 554-өөс доогуур байвал анх өргөдөл бичиж өгсөн дөрөвдүгээр сарын мөнгийг нөхөж олгодог.
-Хүүхдийн мөнгийг ер нь ямар хугацаанд нөхөж олгох вэ. Хүүхдийн мөнгийг сар бүр авдаггүй ч өнгөрсөн саруудаа нөхөж авах хүсэлтэй ээжүүд байдаг тэдний хувьд хамгийн дээд тал нь хэдэн сар хүүхдийнхээ мөнгийг нөхөж авах боломжтой байдаг вэ?
-Хүүхдийн мөнгийг сар бүр өгч байгаа. Хүүхдийн мөнгө хүүхдийн нэрийн дансанд ордог. Зарим иргэдийн хувьд хүүхдийн нэрийн дансыг өөрийнхөө хадгаламж, харилцах данстай холбосон байдаг. Тэр тохиолдолд шууд данс руу нь ороод хадгалагдаад явдаг. Бид хүүхдийн мөнгийг гурван мэдээллийн баазтай тулгаж олгодог. Нэг нь өрхийн мэдээллийн нэгдсэн сан, оюуны өмч улсын бүртгэлийн харьяатаас гарсан нас барсан хүүхдүүдийн мэдээллийг авдаг. Мөн арилжааны 13 банкнаас хүүхдийн мөнгөний хүсэлт гаргасан хүүхдүүдийн овог нэр регистрийн дугаарыг хүсэлт гаргасан он сартай нь буюу гурван баазын мэдээллээ тулгаж байж хүүхдийн мөнгийг олгож байгаа. Зарим тохиолдолд арилжааны банкууд дээр хүндрэл гарсан. Манай газраас шалтгаалахгүйгээр банкны асуудлаас болж хүүхдийн мөнгө орохгүй байх тохиолдол байна. Эцэг эхийнх нь холбосон данс идэвхигүй болсон тохиолдол байдаг. Ялангуяа олон сараас авахгүй хүүхдийн мөнгө ороод байгаа гэж бодож байвч хүүхдийн мөнгө орохгүй саатсан асуудал гардаг. Тиймээс банкнаас хүүхдийн мөнгө орж байгаа эсэхийг шалгаж байх хэрэгтэй.
-Өмнө нь хүүхдийн мөнгийг өөрийн дансаар авч байсан иргэд одоо 80 хувьд багтаад мөнгө авах болбол хуучин дансаа дахин шалгах хэрэгтэй байх нь ээ?
-Тийм шүү, дансаа нягталж шалгах хэрэгтэй. Ялангуяа Хас банк зургаан сар үйлчилгээ авахгүй бол хүчингүй болдог тохиолдол байдаг юм шиг байсан. Мөн Төрийн банк байна. Ер нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан дансаа дахин шалгах хэрэгтэй.

-80 хувь болсноор нийт хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээ хэд болж байгаа вэ?
-2018 онд нийт хүүхдийн 60 хувьд 164.1 тэрбум төгрөг олгогдохоор төсөвлөгдсөн байсан. Одоо нийт хүүхдийн 80 хувьд олгохоор 41 тэрбум төгрөг шаардлагатай байгаа.
-Зургаадугаар сарын хүүхдийн мөнгийг хэзээ олгох вэ?
-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүрийн 20-нд олгодог. Энэ журмаараа зургаадугаар сарын 20-нпд хүүхдийн мөнгийг олгоно.
-Хүүхдийн мөнгөө авахаар банкинд очиход хүүхдийн овог нэр зөрөх тохиолдол байдаг юм билээ. Энэ тохиолдолд хаана хандах ёстой вэ?
-Хүүхдийн овог нэр, регистрийн дугаар зөрөх тохиолдол байдаг. Хэрвээ манай хүүхдийн мөнгө олгох нөхцөлийг хангасан л бол иргэний бүртгэл дээр зөрүүг нягтлан шалгуулж арилгуулаад хүүхдийн мөнгө аваагүй сарынхаа мөнгийг нөхөж явах боломжтой.
Сонирхуулахад, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2006 оноос олгож эхэлсэн бөгөөд өнгөрсөн 12 жилийн хугацаанд нийтдээ 2 их наяд төгрөгийг хүүхдүүдэд олгосон байна.