УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг 36 тэрбум төгрөгийн татварын буцаан олголтыг хувийн компанидаа олгосон гэх мэдээлэл гарсан. Тэгвэл тэрээр энэ асуудалд өнөөдөр тайлбар өглөө.

Энэ асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж, шийдвэр гаргасан байна. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн өөрийн хүсэлтээр уг асуудлыг шалгуулахаар Ёс зүйн дэд хороонд хандсан аж. Тус дэд хороо “Иргэдийн шударга шүүх ТББ-аас ирүүлсэн өргөдлийн дагуу уг асуудлыг гишүүний ёсзүйд нийцэж байгаа талаар хэлэлцсэн бөгөөд Б.Чойжилсүрэн гишүүн оролцож,  холбогдох бичиг баримтуудыг гаргаж өгч, “Хурд” групп НӨАТ-ын буцаан олголтоос 36 тэрбум төгрөг авсан гэх асуудлаар тайлбар өгчээ.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн энэ талаар “УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос гишүүний ёс зүйн дүрмийг зөрчөөгүй гэж үзсэн. Уг бичгийг би өчигдөр гар дээрээ авлаа. Тиймээс өнөөдөр албан ёсоор сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна” гэсэн юм.

-“Хурд групп” НӨАТ-ын буцаан олголтоос 18 тэрбумаар хоёр хувааж, нийт 36 тэрбумыг авсан гэж ойлголоо. Таны үүсгэн байгуулсан компани улсад татвар төлөлтөөрөө өндөр байсан гэсэн үг үү?

-Сангийн яамнаас  найм, 10 тэрбумаар шилжүүлэг хийсэн юм. Нийтдээ18 тэрбумыг шилжүүлэг хийсэн юм билээ.  Үүнийг хоёроор үржүүлээд олон нийтийн сүлжээнд тавьчихсан юм билээ. Энэ талаар Сангийн яамнаас би тайлбар авсан байгаа.

Манай “Хурд” групп ихэвчлэн барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Барилгын өртгийг бүрдүүлэх явцад, энэ нь  НӨАТ борлуулалтаас нь илүү гарчихдаг. Ер нь ийм тохиолдол үүсдэг. Энэ тухай НӨАТ-ын тухайн хуулийн 15-р зүйл дээр тодорхой тайлбарлачихсан байгаа. Ийм байдлаар зөрүү үүсдэг.

-Тосон бумбын нурууны ойролцоо таны 50 хувийг нь эзэмшдэг компани уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Та энэ ордоос татгалзчихаж болдоггүй юм уу?

-Намайг улс төрд байгаа болохоор л ингэж баалаад байгаа юм. Түүнээс хууль зөрччихсөн зүйл байхгүй шүү дээ.