“Тоглоомын түүх” гэж Холливүүдэд хийгдсэн сэтгэл татам хүүхэлдэйн кино бий. Хүүхдийн ертөнц, тоглоомын соёлыг төгс харуулсан бүтээл. Тоглоом бүхэн нь түүхтэй, тоглоомууд нь хүүхдийн ертөнцөд ямар их үүрэгтэйг, тоглоом гэдэг зөвхөн хүүхдийн гарт бариулаад сатааруулах зорилготой эд биш болохыг энэ кинонд гайхалтай харуулсан. Тоглож буй тоглоом нь үглэж буй үгнээс илүү хүүхдийн ирээдүйд нөлөөлдөг.

Тоогүй олон тоглоом

Монгол үндэстэн ч тоглоом, наадгайн өвөрмөц соёлтой. Малын гаралтай шагай, оньсон тоглоом, хээр хөдөө чулуу өрөн айл гэр болж тоглох гээд монгол тоглоом харамсалтай нь цаг үеийн шаардлагыг дагаж, хэрэглээнд барагтай л үлдсэнгүй. 1990-ээд онд хүүхэд насаа үдсэн хүүхдүүд ямар эрсдэлтэй орчинд тоглож өссөнөө одоо болтол ярьдаг. Чулуугаар байлдаж, голд загас шүүрдэж, үдшийн бүрий болтол шороон дээр халтайтлаа тоглосон сайртай хацартай, халаастай өвдөгтэй хүүхэд бол ерээд оны хүүхдүүдийн гол дүр зураг. Алаг мэлхий, айл гэр болж тоглох, бөгцөг няслах зэрэг нь хүүхдийн сэтгэлгээний хэрэгцээг нэгэнт хангахаа больсон тэр үед тоглоё гэхнээ тоглоом байсангүй. Харин одооны хүүхдүүд аюул багатай, аминаас холуур тоглоомоор нааддаг болсон. Гэхдээ тэр наадгай нь яг аюулгүй эд мөн үү гэвэл бас эргэлзээтэй.  Одоо үед хүүхдүүд дор хаяж нэг чихрийн хайрцаг тоглоомтой болсон. Хүүхдийн тоглоомын ач холбогдлыг ч нэг үеэ бодвол сайн ойлгодог болж. Гэхдээ хүүхэддээ авч өгч буй тоглоом нь ямар замаар Монголд орж ирж байгаа нь харин тодорхойгүй. Монголын тоглоомын зах зээлийн талаар тоймтой судалгаа үгүй. Мэргэжлийн хяналтынхан ч Монголд хүүхдийн тоглоом хяналтгүй орж ирж, худалдаалагдсаар байгааг хүлээн зөвшөөрдөг.

Манай стандартаар хүүхдийн тоглоом нь бага эрсдэлтэй бүлэгт багтдаг бөгөөд тус бүлэгт багтсан бүтээгдэхүүний хаяг шошгыг шалгаад, хэрэв зөрчилгүй бол хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг аж.

Монгол хүүхдүүдийн тоглоомын 90 гаруй хувь нь урд хөршөөс орж ирдэг. Наймаачдын гахайнд чихээтэй ирж буй тоглоомоор дамжин ямар аюул импортолж буйгаа бид саяхнаас л ойлгоцгоож байгаа.

Аюулын импорт

Томоохон, хөгжингүй орнуудад тоглоомны импортын асуудалд онцгой анхаардаг ажээ. Тэд манайхан шиг хаяг шошгын бэлэн байдлыг л шалгаад хүүхдийн тоглоом хилээр давуулчихдаггүй. Лабораторийн шинжилгээнд хамруулан, өөрийн улсын стандартад нийцсэн тохиолдолд импортлох, худалдаалах зөвшөөрөл өгдөг байна.

Мэдээж хэрэг хүүхэд химийн бодист хордох магадлал насанд хүрэгчдээс хавьгүй өндөр.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгааны үр дүнгээс үзвэл нэг жилд 15-аас доош насны 35,000 хүүхэд ямар нэгэн байдлаар химийн хорт бодисын нөлөөллөөр амь насаа алддаг байна.

2009 онд Канадын Засгийн газрын Эрүүл мэндийн холбооноос хүүхдийн нүүрний тосон будаг харандааг шинжлэхэд хар тугалга, хүнцэл, мөнгөн ус, кадьми, сурьма зэрэг хүнд металл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байсан нь илэрчээ.

Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд болох Филип Гранжана, Филип Ландригана нар Америкийн зах зээл дээрх тоглоомын найрлагад шинжилгээ хийж үзээд хүүхдийн тоглоомд химийн хортой бодис ашиглах нь нэмэгдсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэдний үзэж буйгаар хүүхдийн тоглоомуудад фенол, формальдегид, мөнгөн ус, хар тугалга болон бусад химийн бодисуудын агууламж зөвшөөрөгдөх хязгаараас давсан тохиолдол их байгаа нь хүүхдийн өвчлөл нэмэгдэх нэг шалтгаан болж буй ажээ.

Монголчууд бид өмсөх хувцас, гадаад үзэмжиндээ айхавтар их анхаардаг атлаа ходоод руугаа хийж байгаа зүйлд төдий л ач холбогдол өгдөггүй. Энэ бол бидний соёлын түвшинг харуулж буй энгийн нэг жишээ.

Амьдралын аар саар гэгддэг асуудлуудаас болж эрүүл мэндээсээ эхлээд нөхөж, засаж болшгүй гарз тохиолдох нь бий. Үүний нэг тод жишээ нь хүүхдийн тоглоом.  Эрүүл мэндийн яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хор судлалын албанаас 9 худалдааны төвд явуулсан судалгаагаар 62 төрлийн тоглоомоос 23 төрлийн химийн элемент, таван төрлийн химийн хорт бодис илэрчээ. Хүүхдийн тоглоомын бүтэц найрлагад огт байх ёсгүй хар тугалга, цайр, хром, хөнгөн цагаан зэрэг хорт бодис судалгаанд оруулсан тоглоомоос илэрсэн нь аюулын харанга дэлдэж буй юм. Энэ нь хүүхдийг шууд амь насны эрсдэлд оруулахгүй ч, сэтгэн бодох үйл явц, бие физиологийн хувьд эрүүл өсөж хөгжихөд хортой нөлөө үзүүлдэг байна. Эдгээр тоглоомын 98 хувийг БНХАУ-аас импортолжээ.

Тоглоом авахдаа анхаарах 5 тэмдэглэгээ:

Юм хөгжинө гэж сайхан юм даа. Хүүхдийн гарт бариулчих юм олддоггүй цаг үе бидэнд байлаа. Одоо цагт харин хүүхдийн гарт бариулах юм нь олдоод, олондоо чанаргүйдээд байх болжээ. Тэгэхээр одоо мэргэжилтнүүдийнхээ үгийг л дагаж. Чанаргүй олон тоглоомноос чанартай, баталгаатай цөөн тоглоом авах нь дээр болжээ.