Монгол Улс 60 сая тоо толгой малтай. Малын тоо толгой өсч буй нь талархалтай мэдээ ч өнөөх малыг тэжээж байгаа бэлчээр талхлагдан нийт нутгийн 65 хувь нь доройтсон судалгааны дүн байна.
Монгол орны бэлчээрийн төлөв байдлын тайлангаас үзвэл, бусад улс оронд уг доройтол нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байдаг хэдий ч Монголын тал хээрт явуулсан харьцуулсан туршилт судалгаагаар бэлчээрийг хүчтэй ашиглахад ургац бүтээмж нь буурч ашигтай зүйл ургамал цөөрөн үндэсний систем доройтдог нь тогтоогджээ. Уг судалгаагаар, хэт ашиглалт Монгол орны нутаг дэвсгэрийн дийлэнх хэсэгт явагдаж байгаа бэлчээрийн талхлагдлын гол хүчин мөн бөгөөд малын тоо толгой одоогийнх шиг өссөөр байвал бэлчээрийн талхлагдал, доройтол улам л эрчимжих нь дамжиггүй гэсэн дүгнэлт гарчээ.
Тэгвэл доройтсон гэж юу гэсэн үг вэ. Энгийнээр тайлбарласан мэргэжилтний үгээр хүргэвэл, бэлчээр гэдэг нь байгалийн баялаг дээрх ургамал хөрс газрын гадарга нь мал болон зэрлэг ан амьтдын амьдрах орчин ерөнхийдөө аюулд учраад байна хэмээн “Ногоон Алт" бэлчээрийн экосистемийн удирдлага төслийн менежер Ц.Энх-Амгалан ярьжээ.
Бэлчээрийн талхлагдлын шалтгааны талаар одоогоор нарийн тайлж тогтоогоогүй байгаа ч малчдын зүгээс ямааг “буруутнаар” тодруулдаг. Монголчууд эртнээс “Ямба ихэдвэл өвчлөхийн шинж, ямаа ихэдвэл хувхайрахын шинж” хэмээн ярьдаг байсан. Гэтэл өнгөрсөн жилүүдэд буюу 2011-2016 он хүртэл малчдад ноос ноолуурын урамшуулал хэмээн татаас өгч ирсэн. Тодруулбал УИХ-аас баталсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд өнгөрсөн хугацаанд 408,812 малчинд 112.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ. Малчид ч үүнийг ямааны мөнгө хэмээн нэрлэж ямаагаа өсгөж иржээ. Тийм ч учраас 2017 онд тоологдсон 66.2 сая малын бараг тэн хагас буюу 27,3 сая толгой нь ямаан сүрэг байна. Төрөөс олгодог ямааны мөнгөнөөс гадна эдийн засагт бусад малын түүхий эдийг бодвол ямааны ноолуур хавьгүй үнэтэй байгаа тул ийнхүү хүйтэн хошуут малаа малчид муулан муулан өсгөсөөр байна.
“Ямаа самнах цагаар улсын орны эдийн засгийн эргэлт дотоодоосоо хурдсах бөгөөд, Нарантуул захаас эхлээд автомашины "Да Хүрээ" зах сүйдтэй оволзохгүй ч мэдэгдэхүйц хөдөлгөөнд орж, томоохон их дэлгүүрүүд хэрэглээний бараандаа хямдрал зарлаж, их сургуулийн профессорууд хүртэл энэ л үеийн тааруулан номоо гаргах агаад, ноолуурын мөнгөний сүүлч Сансар, Туул жинпан хавийн шөнийн цэнгээний газрын орлого болно. Энэ өдрүүдэд ДДиш ТВ-гийн антены борлуулалт өмөх ба Малчин компани оргил борлуулалтаа хийдэг” хэмээн "Үндэсний тойм" сэтгүүлийн "Ямаа самнах цагаар" нийтлэлд дурдсан байна.
Ямааны ноолуур тушааж буй малчид хэрэглээгээ л хангаж, оюутнууд үлдэгдлийг бааранд зарцуулдагаас бусдаар улсын төсөвт татвар бараг төлдөггүй. Учир нь ноолуур гаргаж буй хүмүүс орлого тодорхойлох боломжгүй гэсэн шалтгаанаар маш бага албан татвар төлнө. Ийнхүү тушаагдсан ноолуурын 40 хүрэхгүй хувиар манай улс дотооддоо бүтээгдэхүүн бэлтгэж бусад нь урд хөрш рүү гардаг.
Гэтэл манай бэлчээрийн доройтол үүнээс илүү хувьд хүрч эргэн сэргэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Ямааг сүргийн бүтцэд олонхийн байр эзлүүлэхгүй байх уламжилж ирсэн бодлого байдаг. Цухуйж буй ургамлыг үндсээр нь, бутлаг ургамал бол нялхаар нь иддэг учраас ийнхүү цөөлж ирсэн байна.
Тиймээс эх нутгийн бэлчээрээ нөхөн сэргээхийн тулд ямаанд мөнгө өгөх биш татвар ногдуулъя. Үүнийг хэрэгжүүлбэл харин ч эх оронч болж мэдэх юм.