
Алдарт “Game of Thrones” цувралын дараагийн шинэ төсөл нь “Game of Thrones: Aegon’s Conquest” буюу Таргариены угсааны анхны хаан болох Аэгон I Таргариены түүхийг өгүүлэх болно гэдгийг "Warner Bros" компани албан ёсоор зарлалаа. Аэгон I Таргариен бол Вестсеросын долоон хаант улсыг нэгтгэгч, луу хөлөглөгч Таргариен удмын анхдагч, дайснуудыхаа зэвсгийг хайлуулж төмөр сэнтийг бүтээсэн нэгэн юм.
Киноны үйл явдлыг зохиолч Жорж Мартины “Гал мөсний дуун” бүтээлээс сэдэвлэн хийхээр болжээ. Тус номын "Гал ба цус" хэмээх дэвтэрт өгүүлсэн үйл явдалд тулгуурлахаар болсноо уран бүтээлчид онцлов.

Уг кино нь өмнө нь дэлгэцнээ гарсан “House of the Dragon”, “A Knight of the Seven Kingdoms” зэрэг төслүүдтэй адил Вестерост үйл явдал нь өрнөх боловч илүү эрт цагийн түүхийг хүүрнэснээрээ онцлогтой. Киноны зохиолыг "Andor", "House of Gards" зэрэг цувралын зохиолч Бо Уиллимон бичих аж.
Албан ёсны нээлтийн огноо хараахан зарлагдаагүй ч уг төсөл нь "Warner Bros" компанийн 2027 оноос хойших томоохон төслүүдийн төлөвлөгөөнд албан ёсоор багтжээ.