Энэхүү нийтлэлийг бичигч нь шинжлэх ухааныг хөгжүүлэх, өндөр технологийг нутагшуулах, хууль эрхзүйн орчин бүрдүүлэхийн төлөө зүтгэж байгаа нийт эрдэмтэн, зохион бүтээгч инженер, хууль боловсруулагчдын хөдөлмөрийг үгүйсгээгүй, харин ч илүү боломж яг одоо бидний гарт ирсэн гэх тэр мэдрэмжийг хуваалцаж яваа нэгэн гэдгээ эхлээд хэлье. Хөндөж буй сэдэв маань доктор Клаус Шваб дэлхий нийтийн анхаарлын төвд оруулж ирсэн “Аж үйлдвэрийн IV хувьсгал”, нэгэнт эхлэл нь тавигдчихсан энэ хувьсгалд монголчууд шинэлэгээр хандах тухайд байх юм.
Шинжлэх ухааныг чөдөрлөсөн “Үл үзэгдэх гар”
Том гүрнийг түшсэн жижиг улс хөгждөггүй гэсэн ойлголт бий. Энэ нь Монгол Улсад ч мөн хамаатай. Бид өнөөдөр Аж үйлдвэрийн IV хувьсгалтай хөл нийлүүлэх талаар ярьж, тодорхой алхмууд хийж буй нь сайшаалтай хэрэг. Гэвч шинжлэх ухаан, технологийн салбарт урьд өмнө нь тохиолдож байсан шиг ухралт гарч, ажил таг зогсчих вий гэсэн болгоомжлол байна.
Монгол Улс Шинжлэх ухааны академитай болоод 57 он улирчээ. Шинжлэх ухааны төв байгууллагтай болсноор монголчуудын хүрсэн дэвшлийг өгүүлж баршгүй. Гэхдээ судалгааны чиглэлд нэг гажуудал байсан нь суурь шинжлэх ухаанд хэтэрхий их ач холбогдол өгөөд салбар шинжлэх ухааныг орхигдуулдаг явдал байв.
Монголчууд суурь судалгаагаа хийгээд явдаг, тэр ололтыг оросууд салбар шинжлэх ухаандаа ашигладаг зүй тогтол ажиглагдаж байсан.
Ирвэс дээр жишээ авч ярихад, суурь шинжлэх ухаан бол ирвэсээ л судална. 40 хэмийн хүйтэнд элгэн хадан дээр хэвтдэг онцлогтой гэх мэтээр судлаад тэмдэглээд л болоо. Харин “Яагаад ийм хүйтэнд элгэн хадан дээр хэвтдэг хэрнээ ханиад хүрдэггүй юм бэ. Ямар учир шалтгаан байна. Түүнийг нь олж тогтоогоод ханиадны эм хийхэд ашиглая” гэдэг ажлыг салбар шинжлэх ухаан гүйцэтгэдэг юм байна.
Гэтэл яагаад ч юм, суурь шинжлэх ухаандаа л ач холбогдол өгсөөр ирсэн нь гаднын бодлого байсан гэлтэй. Монголчууд суурь судалгаагаа хийгээд явдаг, тэр ололтыг оросууд салбар шинжлэх ухаандаа ашигладаг зүй тогтол ажиглагдаж байсан. Дубна дахь цөмийн судалгааны институтэд ажилласан монгол эрдэмтэд ЗХУ-ын энэ салбарын хөгжилд тодорхой үүрэг гүйцэтгэсэн жишээ ч үүнийг харуулдаг.
Гэтэл ЗХУ задарч, гаднын ямар нэг нөлөөгүй болсон гэх Монгол Улс 2012 онд Инновацийн тухай хууль баталж, бүтээгч сэтгэхүйтэй хүмүүсээ баярлуулчихаад ганцхан жилийн дараа инновацийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй Венчур капиталын сан байгуулахтай холбоотой бүлгийг нь хасч хаясан. Ингэснээр их дээд сургуулиуд дээр хуримтлагдсан мэдлэгийг баялаг болгох үйл ажиллагаа доголдсон.
Гарааны компаниудыг дэмждэг “Coworking Space” буюу дундын оффисууд ажиллаж байгаа ч хууль эрхзүйн орчинг нь бүрдүүлж өгөөгүй байх жишээтэй. Одоо Эрсдэлийн санг нь байгуулах хууль боловсруулж байгаа ч хувийн хэвшилд даатгаад хаях юм байна.
Манайхан аутсорсинг хийнэ гэж нэг хэсэг явсан. Аж үйлдвэрийн IV хувьсгал нэвтэрснээр робот ажилчныг орлож, аутсорсинг байхгүй болно гэдгийг К.Швабаас авахуулаад эрдэмтэн мэргэд зөгнөсөөр байгаа. Тиймээс бусдын ажлыг хийж өгдөг, гүйцэтгэгч улс байхаас татгалзаж, цөөн хүн амтай ч хүчтэй өрсөлдөгч брэндтэй, бүтээгч улс болох нь хөгжлийн хамгийн зөв гарц. Гэтэл гарааны компаниудыг төрөөс санхүүжүүлэх нь зохимжгүй гэж үзэж байгаа нь сонин.
Бид өнөөдөр Аж Үйлдвэрийн IV хувьсгал ярьж байгаа ч бодит байдал хүнд байна. Одоогоор БСШУСЯ-нд бүртгэлтэй 30 гаруй компани байдаг юм байна. Гэвч санхүүгийн дэмжлэг байхгүй. Гарааны компаниудад инновацын грант олгох журмыг хоёр сар гаруйхны өмнө баталсан, энэ жилийн тухайд санхүүжилт огт байхгүй гэнэ.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, арилжааны банкуудад хандах боломжтой ч тэндхийн ажил танил талаар явдаг, банкууд төсөлд зээл өгдөггүй зовлонтой. Хувийн хэвшлээс хөрөнгө татах бололцоо байдаг ч 80-аас дээш хувийг эзэмших болзол тулгадаг гээд бэрхшээл дүүрэн байна, энэ салбарт.
Манайхан 10 төсөлдөө 50, 50 саяыг хуваагаад өгчихдөг байна. Дутуу санхүүжилттэй төсөл мэдээж, зогсоно. Үлдсэн санхүүжилтээ авья гэхээр “Үр дүн” нэхдэг аж. Дутуу хэрэгжсэн төсөл мэдээж үр дүн гаргаж өгөх боломжгүй. Ингээд зөв зүйтэй, өндөр үр ашигтай төсөл цаасан дээрээ үлддэг
Шинжлэх ухааны академи нь мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих нэг тулгуур болох боломжтой ч бүтцийн хувьд асуудалтай. Төсөл санхүүжүүлэх бодлогодоо өөрчлөлт хийх ёстой гэсэн шүүмжлэл арилаагүй хэвээр. Улс эх орондоо хэрэгтэй бүтээл туурвих санаа олсон 10 эрдэмтэн ШУА-иас санхүүжилт хүсчээ гэж бодъё. Төсөл тус бүрийг хэрэгжүүлэхэд 100 сая төгрөг хэрэгтэй. Гэтэл ШУА-д 500 сая төгрөг байжээ. Тиймээс хамгийн чухал тавыг нь сонгож аваад бүрэн санхүүжүүлэх нь зүй мэт.
Гэтэл манайхан 10 төсөлдөө 50, 50 саяыг хуваагаад өгчихдөг байна. Дутуу санхүүжилттэй төсөл мэдээж, зогсоно. Үлдсэн санхүүжилтээ авья гэхээр “Үр дүн” нэхдэг аж. Дутуу хэрэгжсэн төсөл мэдээж үр дүн гаргаж өгөх боломжгүй. Ингээд зөв зүйтэй, өндөр үр ашигтай төсөл цаасан дээрээ үлддэг ажээ. Ийм маягаар шүүгээнд хэвтэж байгаа эрэмдэг төслүүд зөндөө гэнэ. Шинжлэх ухааны хөгжлийг чөдөрлөж буй энэ мэт бодлогыг л “Үл үзэгдэгч гар” гэж байгаа санаатай юм.
Аж үйлдвэрийн IV хувьсгал урьд өмнөх хувьсгалуудаасаа ялгаатай. Асар хурдан өрнөхийн зэрэгцээ оюун ухаан, мэдлэгт суурилах болно. Өндөр технологид ашиглагддаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд маш хортой учир Бангладеш, Энэтхэг зэрэг оронд үйлдвэрлэдэг. Тэднийг ашиглаад юу хийх нь зөвхөн зохион бүтээгчийн авьяас чадвараас шалтгаална. Төрийн соёрхолт зохион бүтээгч Н.Нацагням үүнийг “Дэвшилтэт технологийн бүтээгдэхүүний 1 хувь нь түүхий эд, 99 хувь нь оюуны бүтээл” хэмээн маш оновчтой тодорхойлсон. Тиймээс Монгол Улсад Аж үйлдвэрийн IV хувьсгалыг өөрт ашигтай эргүүлэх боломж бүрэн байна.
Үүнээс гадна, ард иргэдийн хандлага өөрлөгдөх нь аж үйлдвэрийн IV хувьсгалд тэсч үлдэх маш том нөхцөл гэдгийг жирийн иргэд бид ойлгох ёстой. Монгол залуусын дунд “Би монгол хүн” гэсэн бахархал тэртээ зуун руу хальт үсрээд буруу явчих гээд байдаг зовлонтой. Гэтэл хөгжингүй орны залуус бол би үүнийг л хийдэг, бүтээдэг, тэрнийгээ л хэрэглэдэг, сэтгэл хангалуун байдаг гэсэн энгийн ойлголттой явдаг. Энэ нь эдийн засгийг нь хүчирхэгжүүлж байдаг.
Бид аж үйлдвэрийн III хувьсгалын үр шимийг хүн бүртээ хүртээж амжаагүй үедээ буюу интернэтгүй сум байсаар атал ийнхүү дараагийн хувьсгалыг яриад эхэлж байна...
Аж үйлдвэрийн IV хувьсгалын тухай хэн, юу хэлэв
Манай улсад аж үйлдвэрийн IV хувьсгалд орох боломж бий. Бидний монголчууд шиг хүн хүч цөөтэй оюуны чадамж өндөртэй улсад маш чухал боломж тохиож байна.
Улс болгон эдийн засаг, нийгэмд хувьсгалт өөрчлөлт авчирч буй технологид аль улс, аль компани, хэн гэдэг хүн илүү гаршина тэд л өнөөгийн дэлхийн хөгжил дэвшлийг тодорхойлж байна. Тэгэхээр манай улс ирээдүйгээ харж, хүнээ хөгжүүлэх ёстой. Чадварлаг мэргэжилтнийг хөгжүүлэх нь чухал. Ингэж чадвал бид хөгжил дэвшилд хүрч чадна.
Инженер, технологийн салбар тэргүүлэх чиглэл байна. Энэ хувьсгалын үед дэлхий нийт авьяастай мэргэжилтнүүдийг хайна. Тиймээс Монголын боловсрол ийм залуусыг бэлтгэхэд чиглэх ёстой.
Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал бол XXI зуунд бидэнд олдох түүхэн боломж. Дэлхий дахин нэг гараанаас эхлэх гэж байна.
БСШУСЯ 2016 оноос гарааны компаниудыг бүртгэж, гэрчилгээ олгож эхэлсэн байдаг. Одоогоор хуулийн дагуу шаардлага хангасан 30 гаруй компанийг бүртгээд буй. Гэвч эдгээр компанид төдийлөн их хөрөнгө оруулалт хийгээгүй болов уу. Учир нь Гарааны компаниудад инновацын грант олгох журмыг хоёр сар гаруйхны өмнө л баталлаа. Энэ жилийн тухайд гэхэд л санхүүжилт огт байхгүй.