Хотын хөдөөгийн байдал шалдар булдар. Авто зам дагуу хаа нэгхэн тааралдах хүнсний дэлгүүрээс ганц нэг хүн гарч явах нь үзэгдэнэ. Автобусны буудлууд дээр ч хүн цөөн. Нэг хэвийн саарал блокон хашаа, улаан, цэнхэр дээвэртэй тоосгон байшингууд зам дагуу элбэг. Хотын төвөөс Баянхошууны “Жанцан” дэлгүүр ортол иймэрхүү л дүр зураг харж явлаа.

Саранчимэг гэх бүсгүйтэй автобусны буудал дээр тааралдав. Өрхийн эмнэлэг орохоор явна гэнэ. Ой гарантай хүү нь шөнөжин бүлээрч хоножээ. Түүнээс хорооны байр асуусан маань ч онож. Ингээд бид зам нийлэв. Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо олны нэрлэж заншсанаар Баянхошууны “Жанцан” дэлгүүрийн замын урдхан байрлана. Бидний зорин очсон 8-р хороо гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан 50 айлын түрээсийн орон сууцанд байрладаг аж. Хорооны хуучин байрны суурин дээр сүндэрлэсэн таван давхар орон сууц тэр хавьдаа л содон харагдана. “Баянхошуу” дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд газраа чөлөөлсөн айл өрхүүд уг байранд оржээ.

Нэгдүгээр давхарт нь хороо, өрхийн эмнэлэг байна. Мөн “Шинэ дэд төв” Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийнхөн уг орон сууцанд байрладаг юм байна. Саранчимэг бүсгүйн гэр замын хойд талд гэнэ. Тэднийх гурван хүүхэдтэй. Том хүү нь тавдугаар анги. Удаах охин нь энэ жил сургуульд орох гэнэ. Нөхөр нь барилгын ажил хийдэг. Өнгөрсөн өвөл Дэнжийн мянга дахь уурын зууханд галчаар ажилласан, одоо барилгын ажил эхлээд Зайсан хавьд ажиллаж байгаа гэнэ. Тогтмол ажил биш ч гэлээ нэг олбол овоо хэдэн цаас олчихдог, заримдаа ажил олдохгүй бүтэн сар болох тохиолдол ч байдаг аж. Саранчимэг тогооч мэргэжилтэй. Хүүхэд төрүүлэхээсээ өмнө “Хархорин” зах дээр цайны газарт ажиллаж байжээ. Тэрээр “Хоёр идэхгүй, хоосон хонохгүй гэгчээр болж л байна” гээд инээмсэглэх.

Хүүхдүүд том болоод байдаг, болж өгвөл байранд орчих юмсан гэж нөхөртэйгөө ярьдаг, харин хоёр гурван жилийн өмнөөс манай хороонд “Баянхошуу” дэд төв баригдах тухай ярьж эхэлсэн, газраа зараад орон сууцтай болчихвол сайхан л байна хэмээн тэрээр ярилаа.

Ийн ярилцсаар бид хороо, өрхийн эмнэлэг дээр ирэв. Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны “Ээлтэй” өрхийн эмнэлгийн дарга Д.Оюун эмчтэй уулзлаа. Тэрээр өрхийн эмчээр 17 дахь жилдээ ажиллаж байгаа юм байна. Баянхошууны бусад хороодоо бодвол 8-р хороо хүн ам цөөн. “Ээлтэй” өрхийн эмнэлэг 9000 гаруй хүнд үйлчилдэг аж. Биднийг очиход өрхийн эмнэлэгт хүн цөөхөн сэлүүхэн байв. Урин дулааны улирал эхэлсэн болохоор ачаалал харьцангуй бага байгааг Д.Оюун эмч хэллээ. Өвөл ханиад томууны дэгдэлт их үед бол дөрвөн эмч нь үдийн цайндаа ч орох завгүй ажилладаг байна.

Ер нь алслагдсан гэр хорооллын өрхийн эмнэлгүүд ачаалал ихтэй байдаг аж. Иргэд нь тэр бүр хотын төв орж томоохон эмнэлэг болон дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлдэггүй, шууд өрхийн эмнэлэгтээ л ханддаг гэнэ. Мөн гэр хорооллын өрхийн эмнэлгүүд дээр хүүхдийн товлолын вакцин хийх болсноор ачаалал нэмэгдэж. Түүнчлэн өрхийн эмч нар хорооныхоо айл өрхүүдээр их явдаг. Тэгж явахдаа айлын нохойд уруулахаас эхлээд бэрхшээл цөөнгүй гэнэ. Урин дулааны улиралд гэдэсний халдварт өвчин ихэсдэг тул өрхийн эмч нар айлуудын бие засах газрыг ариутгах ажлыг хүртэл хийдэг байна.

Дэд төвийг дэмжих шалтгаан

Урин дулаан цаг ирж, нийслэлийн хэмжээнд бүтээн байгуулалт эхэлж байна. Бүтээн байгуулалтын ажил гэхээр л иргэд өөрсдөд нь огт хамаагүй мэт ханддаг байсан бол одоо харин Баянхошууны иргэдийн чих тавьдаг, сонирхдог ганц зүйл нь болсон гэхэд хилсдэхгүй. Гэр хорооллыг хөгжүүлэх, дэд төв байгуулах төсөл хэрэгжих эхний хоёр байршлын нэгээр сонгогдсон, бүтээн байгуулалтын ажил нь нүдэнд харагдаж, гарт баригдахуйц урагштай үргэлжилж байгаа болохоор их л баяртай сэтгэл өөдрөг байгаа юм билээ. “Баянхошуу” дэд төв төслийг хэрэгжүүлэгч гэр хорооллын хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгжийнхэн замын трасст орсон айлуудтай гэрээ байгуулах хамгийн чухал ажлыг хийж байна.

Аливаа ажлын анхан шатнаас л бодит мэдээлэл олох боломжтой байдаг учир сонирхоод орлоо. Хаалган дээр наасан цагийн хуваарь уг байгууллага долоо хоногийн дөрвөн өдөр 11.30-16.00 цаг хүртэл ажилладгийг илтгэнэ. Бид 11.45 цагт очсон ч төслийн нэгжийнхэн ажлын байрандаа ирээгүй байв. Гадаа нь хүлээн зогсох иргэдээс хэрэг зоригийг нь лавлалаа. Замын трасст орж хашаагаа багасгасан иргэд гэрээ байгуулах, гэрээ байгуулсан нь мөнгөө шилжүүлж авах дансны дугаараа өгөхөөр иржээ.

Иргэн Б-гийнх хашааныхаа нүүрэн талаас таван метр орчмыг хасуулсан гэнэ. Үнэлгээнийхэнтэй хоёр, гурван ч удаа уулзсаны эцэст таван сая төгрөгөөр тохироод гэрээндээ гарын үсэг зурахаар ирсэн нь энэ гэв. Түүнтэй ярилцаж зогссон залуу “Барилгын ажил явагдах талбайд байсан айлууд аль хэдийнэ нүүгээд явчихсан. Мөнгөө авчихсан юм шиг байна лээ” гэхэд өөр нэг эмэгтэй “Нөхөн олговор болгож буй мөнгөний 60 хувийг эхэлж өгөөд, дараа нь 40 хувийг нь өгч байгаа гэнэ” гэх зэргээр хөөрөлдлөө.

Ер нь нийслэлийн хэмжээнд найман дэд төв байгуулагдахаас эхний ээлжинд Сэлбэ, Баянхошуунд байгуулахаар сонгосон талаар дээр дурдсан. “Баянхошуу” дэд төвийн газар чөлөөлөлт хүндрэл багатай явагдаж байгаа гэнэ. “Сэлбэ” дэд төвийн төслийн талбайд хамрагдсан айлууд “Бид А зэрэглэлийн бүсэд амьдарч байгаа” гэх зэргээр үнэрхэж, амандаа багтахгүй их мөнгө нэхдэг бол төвөөс харьцангуй алслагдсан Баянхошууныхан харин ч баярлаж, аль болох бүтэх талаас нь ханддаг ажээ. Айлуудын газрыг үнэлэх ажилд төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс оролцдоггүй, тендерээр шалгарсан үнэлгээний компаниар гүйцэтгүүлдэг байна.  Төслийн хүрээнд энэ жил автозам, дулааны, цэвэр, бохир ус, цахилгааны шугам, хүүхдийн цэцэрлэг, усан сан, насос станц, МСҮТ, үерийн хамгаалалтын суваг гэх мэт 10 цогц бүтээн байгуулалт хийгдэхээс дөрвийнх нь ажил эхэлжээ. Эдгээрээс энэ жилдээ заримыг нь 100 хувь гүйцэтгэж, нийт бүтээн байгуулалтын ажлыг 60-80 хувьд хүргэхийг зорьж байгаа гэнэ.

Утааны “эзгүйд” тоосжилт

Баянхошуу орчимд агаарын чанар хамгийн муу байна гэдэг мэдээ өвлийн турш олны сонорт хүрдэг. Тэр их утааны голомт нь Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо. Ид хүйтний үед хотын бусад дүүрэгт агаарын бохирдлын индекс 200-300 нэгж байхад Баянхошуунд 2800 хүрдэг гэхээр ямархан хэмжээний “утааны үйлдвэрлэл” энд явагддагийг төсөөлж болно.

Эдүгээ утааны улирал дууссан ч Баянхошууны агаар цэвэршсэнгүй. Агаарын чанарын албаны мэдээллээс харахад дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Баянхошуу орчимд агаар дахь тоосонцор хэвийн хэмжээнээс 2.4 дахин их байжээ. Харин баасан гаригийн байдлаар Баянхошууны агаар дунд зэргийн бохирдолтой байв.

Орон сууц цөөн, гэр хороолол их, дэд бүтэц сул хөгжсөн, ногоон байгууламж бараг байхгүй зэргээс болж Баянхошуу орчимд агаарын бохирдол, тоосжилт их байдаг аж.  Долдугаар хорооны нутагт олон тоосгоны үйлдвэр ажилладаг нь тоосжилтод “хувь нэмэр” оруулдаг байна. Одоо тоосгоны үйлдвэрүүд ид ажилладаг үе. Гэр хорооллын дундуур тоосго зөөдөг том оврын, хүнд даацын машинууд тоос босгон нааш цааш сүлжилдээд эхэлж. Гэр хорооллын суурьшлын бүстэй зэрэгцээд тоосгоны үйлдвэрүүд шар шавар ухаж авдаг карьер байна. Уулын арыг хамарлан ухаж байгаа хэд хэдэн компани байдаг гэнэ.

Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны өрхийн эмнэлгийн дарга С.Цэвээндорж

Манай хороо агаарын бохирдол маш их. Сүүлийн хоёр жилд жирэмсэн эхчүүдийн ураг амьгүй болох нь нэмэгдэж байна. Энэ он гараад ийм таван тохиолдол гарсан.

Хотыг зорьсон өнөр бүл

Уг карьераас хойш 500 метр орчим зайтай гэр хороолол дунд бага сургууль, цэцэрлэгийн барилга барихаар өнгөрсөн жил суурийг нь цутгажээ. Урин дулааны улирал хэдийнэ ирсэн ч уг барилгын ажил эхлээгүй байгаа ажээ. Сургууль, цэцэрлэг баригдаж ашиглалтад орчих юм бол тэр хавийн айл өрхүүдийн хүүхдүүдийн “нар гарах” нь тодорхой.

Ийнхүү ирээдүйд баригдах бага сургууль, цэцэрлэгийг хүлээж байгаа айлуудын нэг нь Б.Бямбаагийнх. Тэднийх есөн хүүхэдтэй. Том хүү нь 23 настай, бага нь гурван ойтой. Ерөнхий боловсролын сургуульд дөрвөн хүүхэд нь явдаг. Гэрийн эзэн нурууны хүнд өвчний улмаас арваад жил хэвтэрт байгаа аж. Хүнд хагалгаанд хоёр ч удаа орж, байнга эмчийн хяналтад байх шаардлагатай болсноор бүх малаа зараад таван жилийн өмнө Төв аймгийн Жаргалант сумаас хотод шилжиж ирсэн юм байна. Хотод орж ирээд одоо байгаа айлын хашаанд бууж төвхнөжээ.

Өөрсдийн гэсэн өрхийн хэрэгцээний газартай болох гэж хөөцөлдсөн ч өнөө болтол бүтээгүй. Дүүргийн газрын албанд өргөдөл өгсөн ч “Өөрсдөө газраа хайж олоод яг энийг авъя” гээд ирвэл асуудалгүй гэдэг байна.

Суурьшлын бүсэд шинэ газар олоход бэрх учир айлын хашаанд олон жил болж байгаа, уг нь өөрсдийн хашаатай бол ногоо тариад ч болтугай амьжиргаандаа нэмэр болохсон гэж боддог хэмээн гэрийн эзэгтэй ярьж байлаа.  Хотын зах руу газар авъя гэхээр эмнэлэг болон хүүхдүүдийнх нь цэцэрлэг, сургууль холдчих гээд байдаг гэнэ. Ялангуяа хоёрдугаар ангид сурдаг ихэр охид нь “Аса” циркийн уран нугаралтын дугуйланд хичээллэдэг. Дугуйландаа тун сонирхолтой. Тэднийгээ аль болох дэмжихийг боддог байна.  Баянхошууны жирийн нэгэн өрх Б.Бямбаагийнх амьдралын шаардлагаар хөдөөнөөс хотыг зорьсон мянга мянган айлуудын нэг. Хотын хөдөөгийн олон хүндрэл бэрхшээлийг даван туулах гэж хичээж, зүтгэж яваа аж.

Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Т.Булгантамир

Дүүргийн хэмжээнд гэр бүл салалт маш их нэмэгдэж байгаа. Гэрлэлтээ бүртгүүлсэн хосуудын 25 хувь нь салдаг. 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар 700 хос гэрлэлтээ батлуулж, 153 хос гэрлэлтээ цуцлуулсан. Гэр бүлж салж байгаагийн шалтгааныг судлахад эдийн засгийн асуудал, мөн ядуурал, ажилгүйдэл, орон байргүй зэргээс үүдсэн маргаан зонхилж байгаа. Мөн цуцлуулсан гэр бүлийн 25 хувь нь гадаадад ажиллаж амьдарч байгаа хосууд байна.

Баянхошууны баянбүрд буюу Гүнжийн нуур

Нийслэлчүүд тэр бүр мэддэггүй нэгэн “нандин”, нууцлаг газар Баянхошуунд бий. Тэр нь 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тоосгоны үйлдвэрийн хойно орших Гүнжийн нуур юм.  1950-1960-аад оны үед энд малтай айлууд амьдарч, зуны цагт гүү барин айраг цагаа бялхуулдаг байсан гэлцдэг.

Гэвч хотжилтын тэлсээр гэр хороололд эзлэгдэж, айлууд хашаагаа нуурын эрэгт тулгаж барих, ойр орчинд нь үнс нурам, хог хаягдлаа байнга хаяж бохирдуулсны улмаас хогийн цэг болж, улмаар ширгэх аюулд хүрсэн үе ч бий. Харин сүүлд нийслэлээс 441 сая төгрөгөөр гадна хашаа, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай хийн тохижуулснаар одоогийн төрхөө олсон байна. Гүнжийн нуур нь өвөрмөц тогтоцтой, ус нь гүнээсээ ундаргатай. Хур бороо элбэг жил эргээ халин мэлтэрч хавь орчныхноо сандаргадаг бол гантай жил ширгээд, намаг балчигт дарагдах нь ч байна.

Дээр үед галуу, нугас, хун зэрэг усны шувууд ирж зусдаг байсан бол цагийн аясаар одоо ирэхээ больжээ. Гэсэн ч хоёр ангир жил бүр ирсээр хэдэн оныг үдэж буй. Ирэхгүй өнжсөн жил нь нуур эзгүйрч эвгүй болдог гэж иргэд ярив. Биднийг очих үед нуурын эзэд “гэртээ” байж таарсан нь азтай тохиолдол боллоо. Түм түжигнэж, бум бужигнасан их хотод усны шувуу ганганасан цэнгэг уст нуур байна гэхэд итгэхгүй хүн гарч ч мэднэ. Гэвч Баянхошуунд ийм сайхан газар байна. Нууртай залгаад “Бяцхан найзууд” нэртэй номын сан баригджээ.

2013 онд, “Баянхошуу” дэд төвийн төслийн талбайг сонгож байх үед эрх баригчид Гүнжийн нүдэн нуур орчмыг албаар гортигийн гадна үлдээсэн нь алсдаа аялал жуулчлалын брэнд болгох гэсэнтэй нь холбоотой.

Азийн хөгжлийн банк, “Азийн хотуудын хөгжлийн санаачлага” байгууллага, нийслэлтэй хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллын соёлын өв, аялал, жуулчлал, орон нутгийг бэхжүүлэх төсөл” хэрэгжүүлэхээр таван газар сонгож авахад Баянхошуунаас Гүнжийн нүдэн нуур-Тоосгоны үйлдвэр-Хамбын овоо болон Баянхошууны хийд гэсэн хоёр газар сонгогдсон нь үүнийг нотолно. Хамбын овоонд дурсгалын цогцолбор баригдсанаар нийслэлчүүд салхинд гарах маягаар очдог болоод байгаа. Манай улсын түүхийн эмгэнэлт нэгэн үеийг сануулсан олдвор эндээс олдсоныг уншигчид мэдэх биз. Төсөл хэрэгжсэнээр Гүнжийн нуур, Хамбын овоо орчим нь гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татсан нэгэн “брэнд” болох учиртай.

Хотын төв болох мартагдсан мөрөөдөл

Баянхошууныхан ойрд зочид олонтой байгаа гэнэ. Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн сарын 20-доор Баянхошууны иргэдтэй уулзалт хийж тэдний санал бодлыг сонссон бол дараахан нь дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн Баянхошууны 20-р хорооны иргэдтэй мөн уулзжээ. Иргэд хот, дүүргийн удирдлагуудад тавьдаг гол асуудал нь дэд бүтцийг сайжруулах. Мөн сургууль, цэцэрлэгийн хангамж хүрэлцээ муу байгаа гэсэн асуудлыг байнга хэлдэг байна. Баянхошуу ойрын ирээдүйд нийслэлийн шинэ төв болно гэж яригддаг. Тиймээс хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх асуудлыг 2013 онд хотын удирдлагууд ярьж, бүр газрын асуудлыг нь шийдээд байсан юм. Гэвч нийслэлийн Засаг дарга С.Батболд хотын захиргааг Яармаг руу нүүлгэх шийдвэр гаргаснаар Баянхошууныхны мөрөөдөл замхарчээ.  Уг нь хотын захиргаа Баянхошуунд төвлөрөх юм бол дагаад дэд бүтэц сайжирч, олон эерэг өөрчлөлт бий болох байв.

Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүрэг хотын төв болох гэхээсээ илүү хоёр хуваагдах асуудлыг нэлээд эрчимтэй ярьж байгаа. Хотын мээр ч Баянхошууны иргэдтэй уулзахдаа үүнийг дэмжсэн юм билээ.

Ирэх есдүгээр сараас иргэд, оршин суугчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, хороо, дүүрэг, нийслэлийн ИТХ-ууд шат шатандаа хэлэлцэж байж дүүргийг хоёр хуваах саналаа УИХ, Засгийн газарт өргөн мэдүүлэх аж. Хэрвээ хуваагдах юм бол Баянхошуу, “Өнөр” хороолол хамтдаа нэг дүүрэг болох төсөөлөл ч бий гэнэ.

Сонгинохайрхан 321 мянган хүн амтай, нийслэлийн хамгийн том дүүрэг. Орон нутгаас нийслэлд шилжин ирэх хөдөлгөөнийг зогсоосон ч хотын дүүргүүд хооронд шилжих хөдөлгөөн их байдаг юм байна. Энэ он гарсаар дөрөвхөн сарын дотор Сонгинохайрхан дүүрэгт 15 мянга гаруй иргэн бусад дүүргүүдээс шилжин ирсэн нь бүхэл бүтэн нэг хороо нэмэгдсэн гэсэн үг. Дүүргийн хэмжээнд жил бүр найман мянга орчим шинэ хүн мэндэлдэг. Энэ бүх өсөлтийг нэмээд үзвэл тус дүүрэг яах аргагүй хоёр хуваагдахаас өөр аргагүй гэлтэй. Магадгүй Баянхошуу гэдэг нэг дүүрэг шинээр мэндлэх ч юм билүү. Ямар ч байсан хотын шинэ төв болох ирээдүйтэй Баянхошуу одоохондоо хөгжлөө хүлээн дүнсийж, хотын хөдөө хэвээрээ л байна.