
Монголын болоод гадаадын олны танил одод нэгэн дор “чуулж” өөрийн өөрийн шилдэг уран бүтээлийг толилуулан өрсөлдөөд л...
Тийм ээ, энэ бол “Боловсрол” телевизийн “Endemol shine group” компанийн албан ёсны эрхтэйгээр Монголынхоо үзэгчдэд хүргэж буй “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг билээ. 2016 онд үзэгчдэд анх хүрч эхэлсэн энэхүү шоу өнөөдөр гурав дахь улиралтайгаа золгон шинэхэн дугаарууд нь үзэгчдийн хүлээлийг үүсгээд байгаа билээ.
“Яг түүн шиг” шоуны III улирлын дугаарт загвар өмсөгч Ж.Энэрэл, ая зохиогч, дуучин Б.Нацагдорж, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, театр, киноны жүжигчин М.Цэрэндолгор, “A Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, дуучин, жүжигчин Ч.Очгэрэл, “VR” хамтлагийн гишүүн, загвар өмсөгч О.Билгүүн нар оролцож авьяас билгээ сорьж, үзэгчдийн нүд, чихийг баясгаж эхэллээ.

Бид “Яг түүн шиг” шоуны III улирлын хоёр дахь дугаарын ялагч “A Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэнтэй ярилцлаа.
Хоёр дахь дугаарын ялагч болсонд баяр хүргэе. Шоуны салхийг хагалан эсрэг дүрийнхээ алдартныг дуурайн үзэгчдэд гэнэтийн бэлгээ амжилттай барилаа. Анхны баззер хүнд тусав уу?
“Яг түүн шиг” шоуны бүх зүйл миний хувьд анхных байлаа. Анх орохдоо ямар ч байсан нэг удаа эмэгтэй хүн болж л таарах байх гэж бодсон. Гэтэл бүр хамгийн эхний дугаар дээр эхний үзүүлбэр болон таарсан нь жаахан дарамттай байсан. Учир нь Лэди Гага маш сайн бүжигчин, үүний зэрэгцээ миний эсрэг характертай хүн. Бүжгээ сурахаас бүхнийг эхлүүлсэн. Хоёр, гурван удаа бүжгээ давтаад л ядраад хамаг хөлс цутгасан. Бүжигт их энерги зарцуулдаг юм билээ. Энэ бүхний хажуугаар нь олон бүтэлгүйтлүүд байсан. Анхны дугаар дээр тайз руу гарахынхаа өмнө хадаасан дээр гишгээд хөл хөндүүрлэж байсан ч бүжиглэсэн. Мөн хиймэл үсээ яг тайз руу гарахынхаа өмнө анх удаа зүүсэн чинь үсэндээ орооцолдоод л. Гэхдээ ямар ч байсан эхний үзүүлбэрээ үзүүлсэн. Харин хоёр дахь баззер надад зөөлөн таарсан шүү.
Тэмүүлэнгийн хувьд Жон Леннонтой тун адилхан учраас хувиргалт бага орсон болов уу гэж бодож байна?
Тийм ээ. Ерөөсөө маск зүүгээгүй. Хиймэл үс, шил зүүж, хөнгөн нүүр будалт хийн сүүдэрлээд л болсон. “Imagine” дуу хүн болгоны зүрх сэтгэлд байдаг хүчтэй дууг сонгож дуулахад хүмүүст их таалагдах байх гэж найдаж байгаа.
Шоунд оролцох санал ирэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
Шоунд орох уу гэдэг санал ирэхэд “Яана аа” л гэж бодогддог юм билээ. Шууд тийм, үгүй гэж хэлэхэд хэцүү санагдаж байсан. Найз, гэр бүлийнхэнтэйгээ энэ талаар ярилцахад тэд маань ороод үзэхгүй юү гэж хэлж байсан учраас зөвшөөрсөн.
Долоо хоног бүр хувирч өөрчлөгдөөд явна. Эхний өөрчлөлтөөрөө л үзэгчдийг гайхшруулсан. Харин өөрчлөлт өөрт чинь ямар санагдав?
“Айвал бүү хий, хийвэл бүү ай” гэгч л боллоо. Эхний үзүүлбэрээ хүссэн шигээ сайн үзүүлж чадаагүй. Хэдийгээр үзүүлбэрээ өөрийнхөө бодож бэлдсэн шигээ 100 хувь хийж чадаагүй ч хүмүүст сонирхолтой зүйл үзүүлж чадсан болов уу. Миний хувьд ч гэсэн сонирхолтой байсан. Гол нь үзэгчид, хүмүүст таашаал өгч чадсан л бол хангалттай гэж бодож байгаа.
Дүрээс дүрд хувирахад долоо хоног бол маш бага хугацаа. Оролцогчдоос илүү их тэвчээр, сорилтууд шаарддаг байх?
Тэгэлгүй яах вэ. Долоо хоног гэдэг бол бага хугацаа. Тухайн дүрээ судлах, дүрдээ орох, бүжиглэхэд хангалтгүй хугацаа юм байна. Шоунд оролцоход их олон золиос гаргадаг юм байна. “Яг түүн шиг” шоунд оролцохын тулд сахлаа авах шаардлагатай болоход маш их эргэлзсэн. Зөвхөн сахлаа авахуулахаас эхлээд үсээ хараар будуулах гэхчилэн олон зүйлсийг золиослож байна. Магадгүй тэр бүрийг үзэгчид анзаарахгүй байх. Би өмнө нь “Яг түүн шиг” шоуны нэг, хоёрдугаар улирлыг үзэж байхад яг ийм хэцүү байдаг гэж бодоогүй. Өөрөө оролцож байж ойлгож байна. Шүүгч Б.Амархүү, Г.Ганхүү ах өмнө нь энэ шоунд орж байсан учраас шүүлт дээр “Би өөрөө орж үзсэний хувьд, зовлонг нь мэддэг учир” гээд яриад байдгийн учир нь өөрсдөө зовж байж хүмүүст тэр сэтгэлийн таашаал, мэдрэмжийг өгдөг юм байна.
“Яг түүн шиг” шоуны баззераас хүсэн хүлээж байгаа дүр бий юу?
Хүсэж, хүлээгээд хэрэггүй байх л даа. Жон Леннон гээд бол миний мөрөөдөж байсан дүр байж таарсанд маш их баяртай байгаа. Сонсдог дуучид, хамтлаг олон ч нэр цохож хэлмээргүй байна. Таарсан дүр л чадан ядан гаргаж, илэрхийлэхийг хүсч байна.
“Яг түүн шиг” шоуг үзэгчид тайзан дээр өрнөж үргэлжилж байгаа оролцогчдын дүр төрхөөр хүлээн авч байгаа. Харин оролцогчдын хувьд энэ шоуны арын албаны хамт олны гүйцэтгэл ямар байдаг бол?
Энэ шоунд олон хүмүүс бүлэг бүлгээрээ хуваагдан ажлуудаа хийдэг. “Боловсрол суваг” телевизийн хамт олон чин сэтгэлээсээ шоуныхаа төлөө ажилладаг залуус гэдэг нь мэдрэгддэг. Яг түүн шиг бол олон хүний хүч хөдөлмөр орсон, багагүй золиос шаарддаг шоу юм байна. Тэр хэмжээгээрээ үзэгчдийн сэтгэлд хүрсэн, хүлээлт үүсгэсэн гоё шоу болдог байх.

Дуучин учраас давуу тал ихтэй байгаа байх?
Мэдээж энэ бүхнээ тооцоолж шоунд орсон. Ямар ч байсан дуулалт дээр санаа зовоогүй. Бүр дээшээ дуулдаг эмэгтэй хүн таарвал хэцүү л дээ. Гэхдээ давуу талтай юм чинь үүнийгээ ашиглана гэж бодож байгаа. Жүжиглэлт, бүжиг дээр “нойл” хүн чинь амьдралдаа хийж үзээгүй зүйлээ хийж үзэж байна. Энэ шоунд оролцож хийж үзээгүй зүйлээ хийж үзье, залуу насныхаа дурсгалтай мөчийг үлдээе гэж бодож хичээж байна.
“A Sound” хамтлагаар сонин сайхан юу байна. Тэмүүлэнгийн хувьд шоу гээд “Crocus Event Hall”-д бараг “амьдарч” байгаа болов уу гэж төсөөлж байна?
Бид шинэ цомгийнхоо ажилд орчихсон байлаа. Манай гурав дахь цомогт орж байгаа “Чи намайг” дуугаа гаргаад бараг хоёр сар болж байна. Үүний өмнө “Чиний амлалт” гээд дуугаа гаргасан. Тэр дуугаа дүрсжүүлээгүй болохоор хүмүүс сайн мэдэхгүй байгаа байх. Ямар ч байсан шоугаа дуусгаад энэ ондоо гурав дахь цомгоо гаргана. Ерөнхийдөө дуунуудаа зохиочихсон эцэслэн найруулах л ажил үлдээд байна.