“Ийгл Ньюс” телевизийн “Зочны цаг” нэвтрүүлэгт Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр уригдан оролцлоо.

-Аялал жуулчлалын улирал эхэллээ. Монголын аялал жуулчлал эрхлэгчид шинэ улиралд хэр бэлэн байна?

-Манай монголын эдийн засаг улирлаас хамааралтай. Уул уурхай, аялал жуулчлал гээд. Аялал жуулчлалаа дагасан ноос ноолуурын үйлдвэрлэл байна. Монголын эдийн засаг улирлаас хамааралтай явдгийн нэг илрэл бол аялал жуулчлалын салбар. Монголд аялал жуулчлалын улирал гэж хэлэхэд их төвөгтэй. Өвөлдөө монголчууд их гадагшаа явдаг. Нэг жишээ хэлэхэд өвөл МИАТ Банконк руу тогтмол нислэг хийхэд дүүрэн монголын жуулчид аяллаа. Тэр утгаар нь аваад үзвэл аялал жуулчлалын улирал бүтэн жилдээ явагдаж байдаг. Өвөлдөө монголчууд гадагшаа болон дотооддоо тэмээний баяр, мөсний баярт явна. Харин одоо бол монголд ирэх жуулчдын тухайд гол улирал нь эхэлдэг. Тэр ч утгаараа жуулчны баазууд өөрийн үйл ажиллагааны зүйлсийг бүхэлд нь эмхэлж цэгцлээд засвар үйлчилгээгээ хийдэг. Хоол үйлчилгээний газрууд менюгээ өөрчлөн хүний нөөцөө ид сургаад ажилдаа гарахад бэлэн болж байна. Энэ жилийн хувьд манай аялал жуулчлалын холбоо гэхэд монголд дэлхийн үйлчилгээний чанарын стандартыг хэрэгжүүлэхээр том зочид буудлууд, хоол үйлчилгээний газруудын тогооч, үйлчилгээний ажилтнуудыг зориулсан тусдаа хөтөлбөр гарган сургалт зөвлөгөөнүүд явууллаа. Мөн орон нутгийн жуулчны баазуудад угтаж үйл ажиллагаа явуулж байгаа. Бидний тавьж байгаа зорилго бол ирж байгаа жуулчны сэтгэл ханамжийг өндөр болгох. Нэг жуулчнаас орж байгаа орлогыг нэг тодорхой компанийн хүрээнд биш аль болох олон салбар үйлчилгээнд хүргэх. Мөн жирийн иргэд аялал жуулчлалаас давхар орлого олдог тэр зах зээлийн хүртээмжийг ихэсгэх бодлогоор явж байгаа.

-Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэд бүтцийн асуудал хамгийн хүндрэлтэй байдаг гэж ярьдаг. Яг өнөөдрийн байдлаар дэд бүтцэд ахиц гарсан зүйл гэвэл та юуг хэлэх вэ?

-Мэдээжийн хэрэг дэд бүтэц бол монголд ирж байгаа жуулчдыг авчрах анхдагч хүчин зүйл мөн. Монгол Улсын Засгийн газраас саяхан хийсэн эдийн засгийн форумын үеэр зам тээврийн салбараас агаарын тээврийн либералчлах асуудлыг нэлээд томоор тавьж байгаа. Энэ бол зах зээл дээр нэлээд том сигнал тавьж өгч байгаа хэлбэр гэсэн үг. Бид энэ жил шинэ нисэх онгоцны буудлаа хүлээж авна гэсэн хүлээлттэй байгаа. Түүнийгээ дагаад агаарын тээврийн компанийн хүртээмж өөрчлөгдөж байна. Жишээ нь “Air Mongolia” компани шинэ онгоц авчирсан байна. Мөн “Хүннү Айр” нисдэггүй чиглэл рүүгээ буюу хоёр хөрштэйгөө холбосон чиглэлүүдийг гаргаж ирж байгаа.  Төмөр замынхан ч гэсэн шөнийн төмөр замын чиглэл гээд дотоодын аялал жуулчлалд зориулан шөнөдөө Хамрын хийд рүү явж ирдэг маршрутыг хийж байгаа. Гэхдээ аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчид яг юу болох гэж байна вэ гэдгийг хүлээлтийн байдалтайгаар байгаа ч давхар энэ жилийн улирал ийм болбол ингэж хийнэ гэдэг бизнесийн төлөвлөлттэйгөөр явж байгаа. Учир нь энэ бүх зүйлүүд яригдаж байгаа зүйл болохоос эцсийн шийд нь гараагүй байгаа. Одоо нэгэнт улирал нь эхлэх гэж байгаа учраас ямар нэгэн зүйл хийхэд хэтэрхий оройтсон.

-Бид шинэ нисэх буудалтай болох гэж байгаатай зэрэгцээд төр хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагаа ямар хэмжээнд байна. Магадгүй хувийн хэвшлийнхэн төрөөсөө шаардах тэр зүйлдээ тохиролцоонд хүрч чадсан уу?

-Ер нь аль ч салбар адилхан даа. Ганц аялал жуулчлал биш. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэдэг энэ үгийг яг юу гэж ойлгох юм бэ, юуг хийх гээд байгаа юм бэ гээд том бодлогын шинжтэй үгнүүдийг бид ярьж байгаа. Гэвч тэр нь амьдрал дээр яаж буух уу гэдэг нь харьцангуй нэг түшмэлийн хэмжээнд шийдэгдэж байгаа зүйл хаа сайгүй байгаа. Сая болсон эдийн засгийн форум тэр чиглэл рүү анхаарал өгч төр хувийн хэвшил хамтдаа хүчээ нэгтгэе гэдэг уриан дор хийсэн нь нэг том хөдөлгүүр болсон гэж үзэж байгаа. Зам тээврийнхээ салбарынхаа дагуу хэрвээ агаарын тээвэр цаашдаа либералчилж байгаа бол хувийн хэвшил үүний дагуу онгоцнуудыг яаж хүнээр дүүргэх үү хэрхэн сурталчилгаа хийх үү гэдэг нь эцсийн дүндээ аялал жуулчлал бизнесийн компаниудаар дамжигдаж явагдана. Тиймээс тэдний дуу хоолойг нэгтгэх нэгдсэн бодлогоор хийх сайжруулах шаардлагатай зүйлс их бий.

-Дотоод, гадаадын аялал жуулчлал гээд ялгаад байгаа нь өөрөө хэр зөв бэ?

-Аливаа улс орон өөрийнхөө аялал жуулчлалыг хөгжүүлдэг үндсэн хууль шахуу зүйл нь дотоодын жуулчид нь нэгдүгээрт тэр аялал жуулчлалын үйлчилгээг хэрэглэдэг болох юм. Тэр хэрээрээ үйлчилгээ нь сайжран дотоод гадаадын аялал нэг чигтээ явах зүйл байна. Нөгөө талаас аливаа бизнесийн компани өөрийнхөө үйлчилгээг зөвхөн гадны жуулчдад зориулсан хэлбэртэйгээр явуулдаг. Үүнийг шийддэг арга нь үнэ. Үндсэндээ нэг үнийн бодлоготойгоор явуулдаг. Тиймээс нэг хэсэг Монгол Улс гадаадын жуулчдад музей үзвэр хэдэн ам.доллар, Монгол хүн бол тэдэн төгрөг гэдгийг халсан байгаа. Арваад жилийн өмнө монголын сайн гэсэн ресторануудад ихэвчлэн гадныхан байдаг байсан бол одоо бараг дотоодын хүмүүс илүү байх жишээтэй. Яг энэ үйл ажиллагаа орон нутагт нэмэгдэж байгаа. Улаанбаатарчууд зундаа маш их орон нутгаар аялдаг. Ингээд аялахаар аялал жуулчлалын салбарт байгаа анхан шатны доголдолууд ил болж эхэлдэг. Жишээлбэл, бие засах газар, хог хаях үйлчилгээ, монголчуудад зориулсан танин мэдэхүйн шинжтэй түүхийг ярьдаг үйлчилгээ явагдаж байна уу гээд ярих юм бол энэ бол бас л болоогүй ялгаатай байгаа. Энэ бол сайн зүйл биш. Уг нь монголчууд түүхээ мэдэж, хөдөө аялж сурвал байгаль орчинд хогоо хаяхгүй, бие засах газар хаана хэрэглэгдэхээр байна, ямар үйлчилгээн дээр тайлбарууд авах вэ гэдэг зүйлүүд давхар шийдэгдээд явах учиртай.

-Таны хэлсэн шиг дэд бүтэц гэх үү үйлчилгээ гэх үү бид хөдөө орон нутгаар явж байгаад буудалж амарчхаад хогоо барьж явсаар хотод орж ирэн байрныхаа хогийн сав руу хийх жишээтэй. Тэрхүү хог хаягдал, бие засах газрын асуудлыг тухайн бүс нутагт зохицуулах зохицуулалт байдаг уу?

-Үндсэн нэг менежментийн хэлбэр бол тэр. Өөрөөр хэлбэл тэнд оролцогч талууд гэж бий. Та бид хоёрын сонирхол тэнд байгаа. Учир нь хоёулаа тэнд баазтай. Та бид хоёрын нэгдмэл сонирхол бол тэндээ хамтраад орчноо цэвэрхэн байлгахыг хүснэ. Тиймээс бидэнд байгаль орчин хамгаалагч байцаагчийн эрхийг зарим нийгмийн хариуцлагаа ухамсарлаад ногоон хөгжлөө дэмжиж байгаа баазуудад олгох ёстой. Хогны асуудлыг ч гэсэн. Төр аж ахуйн нэгжүүдтэйгээ гэрээ хийгээд бид үйл ажиллагаа явуулахын хамт бохир ус, хогны асуудал шийдэх нь зөвхөн бааз дээр биш тэр хавийн 3-5 км талбайг цэвэр байлгах үүргээ давхар хүлээгээд явья гэж байгаа. Бусад оронд аялал жуулчлалын газар, бүс төлөвлөлт гэж байдаг. Гэтэл манайд хашаа барьсан жуулчны баазын үйл ажиллагаа их төвөгтэй байгаа. Хашаан доторхоо л хашаад тэр эргэн тойрон дахь баахан майхантай монголчууд ирж буугаад хогоо хааш нь яаж хийхээ мэдэхгүй болчхоор эзэнгүй буюу эргээд хэнд тавих вэ гэдэг асуудал үүсдэг. Гэтэл жуулчны баазын үйл ажиллагаа хашаан дотроо биш түүний эргэн тойронд явагдаж байгаа төрөл бүрийн аялал үзэгдэх орчин сэтгэгдлээр илүү их өөрсдийн үйлчилгээг томруулж мөнгө олж байдаг. Жуулчдын сэтгэл ханамжийг өндөр байлгахын тулд жуулчны баазууд үйл ажиллагаагаа байнга шинэчлэх хэрэгтэй.

-Үүнд ямар нэгэн зохицуулалт байхгүй гэсэн үг үү?

-Тийм ээ, үүнийг бид яамтай болон газруудтай хийж байгаа.Үүнийг хийх хамгийн гол газар бол яам биш орон нутгийн засаг захиргаа байгаа юм. Одоо зохицуулалт хийх гэж оролдож байгаа хэлбэрүүд бол тусгай хамгаалалттай газар нутагт байгаа гэсэн үг.