Яармагийн гүүрийг 1959 онд ашиглалтад оруулж байжээ. Тэгвэл уг гүүрийг засварлах, шинэ гүүр барих ажил өнгөрсөн онд эхэлсэн. Гүүрийн бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор тавдугаар сарын 9-нөөс эхлэн тодорхой хэсгүүдэд автозамын хөдөлгөөнийг бүрэн хаагаад байгаа.
Яармагийн гүүрийг засварлах, шинэ гүүр барих ажил БНХАУ-ын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр өнгөрсөн онд эхэлсэн. Нийслэлийн автозамын хөгжлийн газраас Яармагийн шинэ гүүрийг Улсын баяр наадмын өмнө ашиглалтад оруулна гэдгээ мэдэгдсэн. Шинэ гүүр ашиглалтад орсон ч хуучин гүүрний засварын ажил үргэлжилэх юм байна. Иймд зам гүүрийн бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор автозамыг хэсэгчлэн хаана. Тодруулбал, тавдугаар сарын 9-нөөс есдүгээр сарын 3-н хүртэл гүүрнээс хойш чиглэсэн автозамыг Восток шатахуун түгээх станц хүртэл эхний ээлжинд бүрэн хаах юм байна.
Яармагийн гүүрнээс хойшхи хаагдах зам дагуу түр зам байгуулах ямар ч боломжгүйг албаныхан хэлж байлаа. Тиймээс жолооч нар Ажилчны гудамж, Чингисийн өргөн чөлөөгөөр тойруу замыг сонгож хөдөлгөөнд оролцох юм байна.
Зам хаахтай холбоотой бэлтгэл ажлыг бүрэн хангаж, тэмдэг тэмдгэлгээг хэдийнээ байршуулжээ. Зам хаасантай холбоотой Хан-Уул дүүргийн нутагт хөдөлгөөний ачаалал тодорхой хувиар нэмэгдэж байгаа бөгөөд дүүргийн Замын цагдаагийн албанаас зохицуулалт хийж ажиллах юм байна.