
Утаа гамшгийн хэмжээнд хүрлээ хэмээн мяндагтнууд тэнхээ мэдэн хашгирч буй ч дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа. Тэгвэл утаанаас дутахгүй гамшиг бол нийслэлийн хөрсний бохирдол болжээ.
Нийслэлийн хөрснөөс дээж авч шинжилгээ хийхэд 88 хувь нь бохирдолтой гарч, цаашлаад хөгц, мөөгөнцөр, бичил биетэн, гэдэсний халдварт өвчний нян илэрчээ. Байгаль орчин талаас нь харвал, нийслэлийн хөрсний шимт бодис алдагдаж, ашигт ургамал ургахаа болино. Хамгийн ноцтой нь нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд аюул учирч буйг сануулах хэрэгтэй. Өмнөх парламентын үед тухайн үеийн хотын мэр нийслэлийн хөрсний бохирдол аюулын хэмжээнд хүрснийг Засгийн газрын хуралдааны үеэр танилцуулж байсан. Өдгөө метраполист хот болтлоо хүн ам нь нэмэгдсэн нийслэлд гэр хороолол өдрөөс өдөрт тэлж байна. Хэдийгээр нийслэлийн Засаг дарга орон нутгаас нийслэл рүү шилжин ирэх шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан ч энд тэндгүй хашаа хатгаж, нүхэн жорлон нэмэгдсээр байгаа.
Нэгэнт бохирдсон хөрсөн дээр байшин барилга барьж, төвлөрсөн дулаанд холбосон ч ундны усны асуудал цаашлаад хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрч байгааг хотын мэр хэлж байв.
Нийслэлд 200 орчим мянган өрхийн 900 орчим мянган иргэн гэр хороололд амьдарч байгаа гэх судалгаа бий.
Гурван шалтгаан
Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийнхэн 2010-2014 он хүртэл нийслэлд томоохон талбайг хамарсан хөрсний судалгаа хийж байжээ. Сүүлийн жилүүдэд гэр хорооллын бохирдол ихтэй хэсгийг хэсэгчлэн судалж байгаа аж. Судалгаагаар нийслэлд гурван төрлийн бохирдол байна гэж үзжээ.
Эхнийх нь, хүнд металийн бохирдол. Энэ нь томоохон хогийн цэгийг дагаж бий болж байна. Ялангуяа Хан-Уул дүүргийн арьс, шир боловсруулах үйлдвэрийн дагуу хөрсний бохирдол ихтэй. Мөн Сонгинохайрхан дүүргийн Морингийн даваа, Налайх дүүргийн цэргийн далангийн хогийн цэгт нянгийн бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их.
Хоёр дахь том шалтгаан нь гэр хорооллын жорлонгоос үүдэлтэй нянгийн бохирдол аж. 2017 оны судалгаагаар 400 гаруй мянган нүхэн жорлон нийслэлд байна. Үүнийг дагаад 1300 гаруй мянган муу усны нүх бий гэх тооцоог холбогдох албаныхан гаргажээ. Мөн хөрсний бохирдол үүсгэх бас нэг шалтгаан хог хаягдал.
Шинжлэх ухааны академийн Газарзүй- геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын дарга О.Батхишиг энэ талаар “Хүнд металлын бохирдол алга болдоггүй, хөрс, орчин, агаарт байсаар байдаг. Хүний эд эрхтэнд хуримтлагддаг, нөлөө нь удаан хугацаанд гэдгээрээ аюултай. Гэр хорооллын нянгийн бохирдол тогтворгүй. Нянгийн бохирдол богино хугацаандаа гэдэсний халдвар гээд янз бүрийн өвчин үүсгэх эрсдэлтэй. Хүнд металлын бохирдлын хувьд гадаргын хог хаягдал, томоохон худалдааны төв 100 айл дахь барилгын материалын төв, “Да Хүрээ” техникийн зах орчимд их байна. “Харгиа” цэвэрлэх байгууламжийн ойролцоо ч хүнд металлын бохирдол өндөр. Олон жилийн арьс ширний лаг нь хөрсөнд нэвчсэн, хүнд металлын бохирдол хэдэн зуун жилийн турш арилдаггүй” гэв.
Хөрсний бохирдлыг бууруулахад олон төрлийн судалгаа, шинжилгээг хүч тарамдах бус өргөн бүтэц бүрэлдэхүүнтэйгээр хийх ажил дутмаг хэвээр л байна.
Нянгийн бохирдлын хэмжээ 88 хувь
Товчхондоо, 100 айл дахь барилгын материалын төв, “Да Хүрээ”, “Нарантуул”, “Хархорин” худалдааны төвөөс гадна гэр хороололд хөрсний бохирдол хамгийн их байна. Эдгээрийн зарим цэгт хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 10-16 дахин их байгааг судлаачид хэллээ.
Тодруулбал, нянгийн бохирдлын үзүүлэлтээр нийт авсан дээжийн 88 хувь байсан бол хүнд металлын бохирдол 6-8 хувьтай гарчээ. Үүнийг Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн судлаачид байгалийн эрүүл хөрстэй харьцуулж бас судалдаг байна. Ингэхэд эрүүл хөрснөөс нийслэлийнх 60-70 хувь нь хүнд металл ихтэй гарчээ. Зарим цэгүүдэд зөвшөөрөгдөх хэмжээнээс 5-10 дахин их гарсан ч тохиолдол бий гэсэн. Нянгийн бохирдол нийслэлд ийм өндөр байгаа нь гэр хорооллын нүхэн жорлонтой холбоотой аж. Бохирдлууд газрын гадаргын усанд нөлөөлнө. Хөрсөнд байгаа хог хаягдал, борооны ус, цасны хайлсан ус доош нэвчиж газрын дорх усанд хүрнэ. Ургамалд шингэнэ, түүнийг мал амьтан хооллоно. Түүгээр малаар дамжиж мах, сүүнд нөлөөлөх учир хүнсний аюулгүй байдалд нөлөөлнө гээд бодохоор энэ асуудалд яаралтай арга хэмжээ авах шаардлага үүсчээ.
О.Батхишиг дарга энэ талаар “Хөрсний бохирдлыг бууруулна гэдэг амар ажил биш. Хог хаягдлын менежмент манайд маш муу. Үүнтэй холбоотойгоор хөрсний бохирдол нэмэгдэж байна. Хот байгуулалтын асуудал ч энд яригдана. Нийслэлийн гэр хороолол ихэвчлэн өндөрлөг газар байрладаг. Туул голын хойд талаар төвийн эх үүсвэрийн ундны усны 100 гаруй худаг Хужирбулан хүртэл бий. Түүнээс бид уух усаа авдаг. Төвийн эх үүсвэрийн хойд талаар гэр хороолол байрладаг учир нөлөөлөх эрсдэлтэй” гэв.
Манайд энэ чиглэлийн хууль тогтоомж хэрэгжихгүй байна. Хуулийн засаглал дор амьдарч байгаа хэр нь батлагдаж гарсан хуулиуд тэр бүр хэрэгждэггүй. Хуульч мэргэжилтэй төрийн түшээ “Монголд хууль хэрэгждэггүй, АНУ-д яс хэрэгждэгээрээ биднээс ялгаатай” хэмээн чуулганы хуралдааны танхимд хэлж байлаа. Энэ бол хуульч мэргэжилтэй хуулийг ягштал мөрдөх ёстой мэргэжлийн хүний аргаа барсан үг. Аль ч салбарт байдал ийм л байна.
Хог хаягдлын менежментийн тухай хуулийн хориглодог, торгодог заалт хэрэгжихгүй байгааг судлаачид ч хэлсэн. Манай улс гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг зохицуулах стандарттай. Гэвч нийслэлийн гэр хорооллын 80 гаруй хувь нь энэ стандартыг мөрддөггүй. Мөн Туул голыг хавар, намарт цэвэрлэхэд ёс юм шиг төд удалгүй хогоор дүүрсэн байдаг. Энэ бүхэн хөрсийг бохирдуулж байгаа энгийн жишээ. Металлургийн үйлдвэр, химийн үйлдвэртэй хотууд хөрсний бохирдол өндөртэйд ордог.
Манайд ийм үйлдвэрүүд байхгүй ч бид тайвширч болохгүй жишээг ийн хөндөж байна.
Хөрс агаар, усны бохирдолтой адил нүдэнд ил биш учраас хүмүүс тэр бүр хайхрахгүй байх. Уг нь хөрс өөрөө ус, агаарын суурь болж өгдөг амин чухал зүйл. Үүнийг хүмүүс тэр бүр мэддэггүй учраас орхигдуулж ирсэн ч байх талтай.
Үргэлжлэл бий.