
Өмнөд Солонгосын Төв банк (БНСУ-ын Банк) инфляцын дарамт болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өсөлттэй тэмцэхийн тулд бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр нэмэгдүүлж, 2.75 хувь болгох шийдвэр гаргалаа. Мөнгөний бодлогын зөвлөлийн бүх гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн уг шийдвэр нь 2023 оны нэгдүгээр сараас хойших анхны өсөлт юм. Тус улсын Төв банк 2024 оны аравдугаар сараас хойш бодлогын хүүг нийт 100 суурь нэгжээр бууруулаад байсан бөгөөд хамгийн сүүлд 2025 оны тавдугаар сараас хойш 2.5 хувьд тогтвортой хадгалж байсан юм.
Энэхүү шийдвэрийг гаргахад инфляцын өсөлт голлон нөлөөлжээ. Өнгөрсөн зургаадугаар сард Солонгосын инфляц 3.2 хувьд хүрч, Төв банкны зорилтот 2 хувиас давсан байна. Үүнд шатахуун болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн өсөлт, мөн өрхийн зээлийн хэмжээ нэмэгдэж, үндэсний валютын ханш суларсан зэрэг нь нөлөөлжээ. Төв банкны зүгээс дотоодын инфляц тодорхой хугацаанд өндөр түвшинд хадгалагдана гэж үзэж байгаа ч энэ оны төлөвийг 2.7 хувьд хүрнэ гэж тооцоолж байна.
Нөгөөтэйгүүр, Өмнөд Солонгосын эдийн засаг хагас дамжуулагчийн экспорт, хөрөнгө оруулалт болон дотоодын хэрэглээний сэргэлтийн ачаар өнгөрөгч тавдугаар сард таамаглаж байсан 2.6 хувийн өсөлтөөс илүү өндөр хурдацтайгаар тэлж байгааг онцолжээ.