Найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэг, Б.Баатар нарын хамтран найруулсан, бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Яллагч” уран сайхны кино өчигдөр “Корпорeйт” зочид буудлын “Конвeйшн Цeнтр”-т албан ёсны нээлтээ хийлээ.

“Яллагч” уран сайхны кино нь найруулагч Г.Эрдэнэбилэгийн бие даасан гурав дахь бүтээл юм. Тэрээр “Академи Авардс 2015”-ийн “Шилдгийн шилдэг уран бүтээл”-ээр шалгарсан “Аав”, “Үргээлэг-2” уран сайхны киног найруулж байсан.

Энэ удаад найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэг шинэхэн уран бүтээлийнхээ ерөнхий продюсераар ажиллаж, гол дүр Галтын дүрийг бүтээжээ.

“Яллагч” киноны эсрэг дүрд УДЭТ-ийн жүжигчин С.Болд-Эрдэнэ, гол дүрд УДБЭТ-ын гоцлол бүжигчин, балетчин Г.Маргад-Эрдэнэ болон бусад дүрүүдэд жүжигчин Э.Тодгэрэл, Ц.Алдармаа, О.Оюун, Д.Мөнхзул, Ш.Доржсүрэн нар тогложээ.

Г.Эрдэнэбилэг: Өнөөдрийн нийгэмд сэтгэл зүрхийг хирд хийлгээд байгаа бага насны  хүүхдийн хүчирхийллийн эсрэг хүчтэй дуугаръя

Найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэг киногоо нээн “Бид  бүхний хувьд сэтгэл догдлол маш өндөр байна.  Цоо шинэ уран бүтээлээ хүргэх бол ямагт уран бүтээлдийн хүсэн хүлээдэг гайхамшигтай сэтгэл догдлуулсан баярт өдөр, мөч байдаг. Монголын кино урлагт бас нэгэн шинэ хуудас нэмэгдэж “Ялагч” кино нээлтээ хийж байгаад миний зүгээс баяртай байна.  Энэ бол миний  найруулж байгаа гурав дахь уран бүтээл. Хамгийн анхны уран бүтээл бол “Аав” уран сайхны кино байсан. Үүгээрээ нийгэм рүүгээ юм дуугарахыг хичээсэн. Хоёр дахь уран бүтээл маань “Үргээлэг-2” байлаа. Энэхүү шинэ уран бүтээл дээр манай ерөнхий зураглаач Б.Баатар бид хоёр хамтран ажиллалаа. Бид энэ киногоороо өнөөдрийн нийгэмд бидний сэтгэл зүрхийг хирд хийлгээд байгаа бага насны  хүүхдийн хүчирхийллийн эсрэг хүчтэй дуугаръя. Бид бүхэн хүүхэд, эцэг эх, гэр бүлээ хэтэрхий их хаячхаад байгаа юм биш байгаа даа гэдэг үүднээс сэтгэл зовнин ОХУ-д 2016 онд болсон Андрей Каравайкин гэдэг аавд тохиолдсон эмгэнэлт явдлаас сэдэвлэж киногоо бүтээлээ. Кино маань 2016 оноос яригдаж эхэлсэн. 2017 онд бид зохиолынхоо санааг зохиолч Эрдэнэдээ гардуулж өгөн тэрээр 11, 12 сард зохиолоо бичиж дуусгасан. Бид 2018 оны нэгдүгээр сард зураг авалтаа хийж дуусган хоёр, гуравдугаар сард киноныхоо пост продакшн ажлыг дуусгалаа. Өнөөдөр та бүхэндээ энэхүү киногоо хүргэж байгаадаа баяртай байна” хэмээн ярилаа.

Ш.Доржсүрэн: Намайг тосолж өгсөн кино багийнхандаа маш их баярлалаа

“Ялагч” кинонд туслах дүр бүтээсэн “Доз” энтертайнментын захирал, жүжигчин, найруулагч Ш.Доржсүрэн нээлтийн арга хэмжээн дээр “Өнөөдөр нээлтээ хийх гэж байгаа кино багийн гишүүн болон нэгэн жижиг туслах дүрд би тоглосон. Энэ нүсэр их ажил хийсэн том группийн нэг хэсэг болсондоо баяртай байна. Энд эрхэм үзэгч нээлтийг шүүхээр мөн шударга үнэний талд дуу хоолойгоо өргөж гараа өргөж байгаа болов уу гэж миний хувьд бодож байна. Ер нь кинонд тоглолгүй камерын ард сууж 10-аад жил  болж бараг зэвэрч байсан юм.  Намайг тосолж өгсөн кино багийнхандаа маш их баярлалаа гэж хэлье. Та бүхний оюунд талх болсон сайхан уран бүтээл болж эрхэм та бүхний зүрх сэтгэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Камерын урд болоод ард байсан бүх хүмүүсийн зүрх сэтгэлийг шигтгэсэн  энэ уран сайхны кино монголчуудад хүчтэй дуу хоолой  болно гэдэгт итгэлтэй байна. Нэн ялангуяа бид саяхан л гэхэд АНУ болон БНСУ-ын киног дуурайж нэг хэв шинжтэй  хийвэл зүгээр юм болов уу гэж боддог байсан бол одоо манайд монголын кино урлаг өөрөө монголын амьдрал, ялангуяа өнөөдрийн  нийгэмд болж байгаа асуудлууд, кино хийцийнхээ хувьд хөрсөн дээр хоёр хөлөөрөө бат гишгэсэн тийм утга санаатай уран сайхны кинонуудыг хийж эхэлж байгаа. Хамгийн гол нь биднийг үргэлж дэмжиж байдаг танхим дүүрэг үзэгч та бүхэндээ аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.