Ардын багш, гавьяат дасгалжуулагч, улсын аварга О.Балжинням Хөдөлмөрийн баатар цолныхоо хүндэтгэлийн цайлгыг "One event hall" ресторанд өчигдөр гэр бүл, төрөл төрөгсөд, нутгийн зон олон, бөхийн хамт олонтойгоо нижгэр тэмдэглэжээ. Балжаа аваргын цолны найранд жүдо бөхийн үе үеийн төлөөлөл, үндэсний бөхийн аварга, арслан цолтой олон хүндтэй эрхмүүд хүрэлцэн ирсэн байна. Энэ үеэр О.Балжинням аваргад Увс аймгийн нутгийн зөвлөлөөс гурван өрөө байр бэлэглэсэн бол Батлан хамгаалах яамнаас бага хүүг нь гадаадад сургахаа амлалаа. О.Балжинням аварга өдгөө Монголын жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн жил манай жүдочид ДАШТ-ээс түүхэндээ байгаагүй олон медаль хүртсэн билээ. Мөн О.Балжинням дасгалжуулагчийг шигшээ баг удирдах хугацаанд олимпийн наадмаас дөрвөн тамирчин медаль хүртсэн нь түүний хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой юм.