АНУ-ын Айова хотод энэ сарын 7-8-нд болсон чөлөөт бөхийн ээлжит дэлхийн цомын тэмцээнд ОХУ болон Ираны баг тамирчдад виз олгохоос татгалзсан учир оролцож чадаагүй билээ.

Чөлөөт бөхийн энэ цагийн хоёр хүчирхэг гүрний оронд Монгол болон Энэтхэгийн багийг оролцуулах шийдвэр гаргасны дараа ОХУ-ын ахлах дасгалжуулагч З.Тедеев ярилцлага өгөхдөө, “Дэлхийн цомын тэмцээнд хамгийн хүчтэй бөхчүүд л өрсөлдөх учиртай. Сулхан бөхчүүд барилдсанаас тус тэмцээний нэр хүнд унах нь тодорхой. Аль нэг улсын багт хиймэл саад тотгор учруулснаас чөлөөт бөх хожино гэж үү? Харин ч дэлхийн цомын тэмцээний ач тач, гал ассан өрсөлдөөн үгүй болж, ингэснээр энэ спортыг сонирхогчдын тоо л буурах болов уу.

Яг өнөөдөр чөлөөт бөхөөр дэлхийд ОХУ, Иран, АНУ-ын тамирчид л ноёлдог гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэтэл одоо тэмцээний өрсөлдөөн гэж үгүй боллоо. Учир нь ОХУ, Ираны оронд дэлхийн цомыг зорьсон Энэтхэг, Монгол бол яг үнэндээ бөхийн орон биш. Эдгээр улсад бөхийн түүх, уламжлал, дэлхийн хэмжээний бөх гэж ер үгүй. Уг нь спорт улс төрөөс ангид, энх тайвны элч байх учиртайсан. Гэвч зарим нөлөө бүхий хүн үүнийг умартдаг гэлтэй” гэсэн юм.

Энэ мэдэгдлийг манайд маш хурдан өлгөн авч шүүмжлэн З.Тедеев гэх осетин гаралтай эрийг ямар ч их зүхэв. Гэвч З.Тедеев Монголыг бөхийн орон биш гэж хэлснээр тэгтлээ их ташаарсан гэж үү?

Чөлөөт бөхийг л аваад үзъе. Манай улс энэ бөхөөр гурван удаа л дэлхийд аваргалж байсан (үүнд хожим олимпийн төрөлд орсон эмэгтэй чөлөөт бөхчүүдийн амжилтыг оруулсангүй). З.Ойдов 62 кг-ийн жинд 1974,1975 онуудад, харин Х.Баянмөнх 100 кг-ын жинд аваргалж байв. Тэгвэл Азиас л гэхэд Японы домогт бөх Южи Такада 52 кг-ын жинд тавантаа аваргалжээ. Ираны А.Мохавед түүнээс ч илүү, дэлхийд зургаан түрүү авсан байх жишээтэй.

1970-аад оныг бол манай чөлөөт бөхийн, ер нь нийт бөхийн төрлүүдэд дэлхийд алдар нэрээ дуурсгасан алтан үе гэж үздэг. Үнэхээр тийм. Гэхдээ л бөхийн орон гэж дэлхий даяар дуурсагдахад манай алдарт буурлуудын амжилт хангалтгүй байсан. Учир нь, нэн ялангуяа чөлөөт бөх, жүдогийн төрөлд тогтмол амжилт гаргадаг улс орон л дэлхийд тэргүүлж буйгаа нотолж чаддаг. Харамсалтай нь, манай бөхийн төрлийнхөн тэгж чадсан билүү? Манай бөхчүүд олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс медальгүй ганзага хоосон эргэж ирж байсан тохиолдол дэндүү олон.

Иймээс ч багаасаа чөлөөт бөхийн орчинд өссөн З.Тедеев гэх осетин эр Монголыг бөхийн уламжлалгүй гэж хэлсэн биш үү? Үүнд тэгээд гайхах хэрэг байна гэж үү?

Бид олимп, дэлхийн аваргаас бөхчүүдийнхээ авсан медалийг дээдлэн хүндэлдэг нь ойлгомжтой. Нэн ялангуяа хүн ам цөөтэй манай улс бөхөөр ийн медаль авах нь бараг л гайхамшиг гэж өөрсдийгөө хөөргөсөөр ирсэн. Гэтэл Азид л лав арлын улс Япон, Чингис хааны дайлаар мордсон Ираны бөхчүүд ЗХУ болон АНУ-ын хамт бүх алтыг түүдэг байв.

Одоо орчин үе рүүгээ оръё.

1970-аад онд манай хүнд жингийн бөхчүүд дэлхийд өрсөлддөг байв. Бурханы оронд очсон Ж.Мөнхбат тэдний нэг. Үүнийг үл өгүүлэн цааш явъя.

Манжийн түрэмгийллийн үед Монгол яаж дарагдлаа. Баруун, зүүнээрээ хуваалцаж. Одоогийн үндэсний бөх орчин үеийн Монголд тэр үеийн хагарлыг ганц харагдуулж байгаа юм биш үү?

Монголын үндэсний бөхийн холбоо гэж нэг нэртэй байгууллагатай ч хоёр тамгатай байсныг юу гэхэв. Гэтэл саяхан юу болов?

Монгол Улс хойд их хөршөөс хараат бус болоод Ардчилсан хувьсгалаар жинхэнэ тусгаар тогтнолоо авсны дараа л бүх уламжлал сэргэсэн. Тэдгээрийн нэг нь үндэсний бөх. Ард олны хандиваар Бөхийн өргөө босоогүй гэж үү?

Гэтэл олон түмний тэрхүү ариун сэтгэлийг Монголын үндэсний бөхийн холбоо гэгч байгууллага үл ойшоож байна уу даа. Манай улсын дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр зэрэг нь энэ албан тушаалыг булаацалдаж эхэллээ.

Хэн нь илүү вэ? Энэ асуулт тийм чухал уу? Яг үнэндээ албан тушаалын уралцаан шиг л санагдаж байна. Монгол бөхийн ирээдүй харин ямар байх бол? Энэ л хамгийн чухал.

Бараг 20 жил үргэлжилсэн манай үндэсний бөхийн “Дотоодын дайн”-д залхсан ямар их бөхийн удам харийн Японы сүмод арга буюу дүрвэв? Бөхийн удамтай бүхэл бүтэн нэг үе тэр чигээрээ арлын орныг зорьсон бус уу? Үүнийг энд дурдах нь илүүц биз, бөхөд хайртай бүгд л андахгүй мэднэ.

Та нарын маргаанаас болж өнөөх бөхийн гэж омогшдог Монгол эх орон чинь, ялангуяа залуучууд луйврын, угаасаа мөнгө, хээл хахуулиар дүүрсэн үндэсний бөхөөсөө илүүтэй дэлхий спорт, хөлбөмбөг, сагсанбөмбөг энэ тэрийг илүүтэй үзэх болжээ. Үндэсний бөх хөгшчүүлээс цаашгүй спорт болох байна шүү.

Бүдүүн гүзээтэй, биеэ тоосон бөхчүүдээс ард олон хэдийнэ залхах болсныг манай мундаг бөхчүүд мэдээсэй. Өчнөөн мөнгө халаасалсан, хэрүүл уруул хийдэг та нараас ард түмэн үнэндээ залхсан. Хэн нь ч давсан бөх та нарыгаа хүндлэхээ больсон байна даа олон нийт. Та нарын хэрүүл уруултай барилдаанаас илүүтэй хөлбөмбөгийн тэмцээн үздэг болсныг одоо л мэдрэх хэрэгтэй мэт.

Бөхийн орон гэсэн Монгол чинь аваргуудаа бус хаа байсан “Челси”, “Барселона”, “Ювентус” гээл хөгжөөн дэмждэг болсон шүү. Аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба гэхээсээ илүү залуучууд дээр дурдсан хөлбөмбөгийн багуудын оддыг шүтдэг болж дээ. Монголын залуу бүсгүйчүүд Усейн Болт, Леброн Жейм, Лионед Месси, Криштиану Роналду гээл дэлхийн спортын оддыг л шүтдэг болохоос та нарын нэрийг мэдэхээ ч байв.

Тэгэхээр, Монголыг бөхийн орон биш гэсэн өнөөх дээр дурдсан Оросын бага үндэстэн дасгалжуулагчийн үг оргүй биш гэмээр. Учир нь Монголын үндэсний бөхийн холбоонд хөлөө жийлцэх явдал цаашид ч үргэлжлэх бололтой.

Арлын Японы Сүмогийн холбоо дэндүү үндсэрхэг, үндэсний ёс уламжлалаа яс дагадгийг монголчууд бид хүртэл мэдэх болсон. Тэр ёсолгоо, дүрэм журмыг нь бид бүгд анашгүй мэддэг болсон доо.

Тэгвэл Монголын үндэсний бөхийг дэлхийд хэн мэдэх вэ? Сүмо хэдийнэ даяар спорт болсон. Энэ барилдаанд манайхаас гадна Гүрж, Эстони, Хятад, Орос гээд бишгүй улсын бөхчүүд нэвтэрч сүмо даяар спорт болж байна.

Манайхан харин сүмог эзлэн түрэмгийлж аваргаллаа гэж хөөрцгөөсөөр. Японы сүмод аль ч үндэстэн, хятад ч хамаагүй түрүүлж болох л байхгүй юу. Үүгээрээ илүү цар хүрээтэй болж байна.

Харин суут эзэн Чингис хааны үр сад, удмаараа барилдаж ирсэн гэх бидний үндэсний бөх юу болов? Үндэс нэгт буриад, өвөрмонгол, тува бөхчүүдээ хүртэл оруулдаггүй маш хаалттай, тэр ч бүү хэл баруун, зүүнээрээ талцдаг явцуу, ХХI зууны орчин үеийн монгол залуучуудад дэндүү инээдэмтэй, ядаргаатай бараг л хошин шогийн шоу гэмээр наадмыг үл ойшоодог хүмүүс нэмэгдсээр л.