Гуравдугаар сарын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр гэргий Т.Баясгаландаа зориулан зарласан хайрын шүлгийн уралдааны ялагчдыг тодруулжээ. Хайрын шүлгийн уралдааныг өнгөрсөн сарын 2-нд зарлаж, мэргэжлийн хүмүүсээр шүүлгэсэн байна. Энэхүү уралдаанд 1000 гаруй уран бүтээлч шүлгээ ирүүлснээс есөн оролцогчийг шалгаруулж, шагнал гардуулсан бөгөөд тэргүүн байрт яруу найрагч Л.Ганзулын “Гэргийн гэгээ” шүлэг оржээ. Тэргүүн байр эзэлсэн яруу найрагч Л.Ганзул Японд очиж мэргэжлийн сүмо бөхийн барилдаан үзэх эрхээр шагнагдсан байна. Шилдэг 300 найрагчийн шүлгээр ном бүтээсэн ажээ.
“Гэргийн гэгээ”
Дэргээд өнгөрдөг өдөр хоногуудад
Дэргэд гийсэн энхрийхэн минь дээ
Дэлхийн саран үзэсгэлэн гоо ч
Гэргийн гэгээтэй яахан дүйх вэ
Хатираад оддог хоног саруудад
Хажууд мандсан танхилхан минь дээ
Хаан тэнгэрийн наран илчтэй ч
Хайрын дэргэд юухан ч билээ дээ
Галигуулж холддог улирал жилүүдийг
Хамтдаа элээсэн гэгээн тавилан минь дээ
Гараг одод нь тэнгэрийн тэртээд дээ
Харин чи минь миний л зүрхэнд дээ
Дахилт:
Сэтгэлийн тэнгэрээс зөөлсөн асгарсан
Энэрлийн цагаан бороо гэж боддог доо, чамайгаа
Итгэлийн энгэрийг түшиж нялхарсан
Ээлтэй цагийн цэцэг гэж хайрладаг даа, чамайгаа