
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Б.Пүрэвдорж гишүүний өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Улмаар энэхүү хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх хуулийн төслийг баталснаар цагаатгаж нөхөн олговор олгоогүй үлдсэн 43 хүний ар гэрт нөхөн олговорыг нь олгох боломж үүсэх аж. Тодруулбал, таван хүнд тус бүр нэг сая, есөн хүн тус бүрд 80 сая, 29 иргэн тус бүрд 40 сая төгрөгийн нөхөн олговор олгох ажээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн ар гэрт нэг сая, хэлмэгдэж цаазаар авахуулсан иргэдийн ар гэрт 80 сая, хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдсэн иргэдийн ар гэрт 40 сая төгрөгийн нөхөн олговор олгох зохицуулалттай гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар онцоллоо. Үүнд нийтдээ 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай юм байна.