
Кремль батлан хамгаалахын зардлыг одоо танавал ашигтай гэрээнүүдээс хамааралтай болсон Оросын бизнесүүдэд хохирол учруулна гэж анхааруулжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг өнөөгийн эрчимтэй түвшинд үргэлжлүүлэн санхүүжүүлэх боломжгүй гэх анхааруулгыг хүлээн авсан байна. Энэ үед Киев фронтын шугам дээр амжилтаа үргэлжлүүлж, Украин Оросын эрчим хүчний дэд бүтцэд хүнд цохилтууд өгсөөр байна.
Санхүүгийн хариуцлагатай албан тушаалтнууд, Оросын Төв банк Кремльд батлан хамгаалахын хяналтгүй өсөж буй зардлаа хумихыг шаардсан гэж эх сурвалжууд мэдээлжээ. Энэ нь хоёр тал стратегийн ач холбогдолтой дэд бүтцүүд рүү өртөг өндөртэй агаарын довтолгоогоо эрчимжүүлж буй үед тохиож байгааг сануулах хэрэгтэй.
Киев Оросын эрчим хүчний дэд бүтэц рүү цохилтоо нэмэгдүүлсээр байгаа энэ үед Москвагийн батлан хамгаалахын албан тушаалтнууд мөргөлдөөнийг санхүүжүүлэхийн тулд энэ жил хэдэн тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө шаардлагатай болно гэж Путинд мэдэгдсэн талаар Bloomberg News мэдээлжээ.
Сангийн яам төсвийн алдагдал хяналтаас давахаас сэргийлэхийн тулд зардлыг танах шаардлагатай гэдгийг санал болгосны дараа Путин өөр салбаруудаас хэмнэлт хийхийг үүрэг болгосон аж.
Өнгөрсөн долоо хоногт ил болсон баримтуудаас харахад Сангийн сайд Антон Силуанов энэ жил Оросын дайны зардал төлөвлөсөн хэмжээнээсээ багадаа 28 тэрбум ам.доллароор давна гэж тооцоолж байжээ. Энэ тухай Financial Times сонин хянаж үзсэн баримт бичгүүдэд дурджээ.
Ноён Силуановын хоёрдугаар сард илгээсэн захидалд энэ жил дайнаас хамааралгүй төлөвлөсөн зардлын ойролцоогоор 40.8 тэрбум ам.долларыг царцаахыг Засгийн газарт санал болгосон гэж мэдээлэгдсэн.
Мөн тэрээр 2027 болон 2028 онд дайны зардал төлөвлөснөөс дахин 54.8 тэрбум ам.доллараар давна гэж тооцоолжээ.
Ноён Силуанов өнгөрсөн долоо хоногт Оросын Коммерсант сонинд өгсөн ярилцлагадаа Сангийн яам “Макро эдийн засгийн нөхцөл байдлын өөрчлөлт болон нэн тэргүүний чухал салбаруудад нэмэлт нөөц төвлөрүүлэх шаардлагыг харгалзан төсвөө шинэчлэн боловсруулж байна” гэжээ.
Тэрээр “Мэдээж хэрэг нийгмийн үүргээ биелүүлэх болон улсын батлан хамгаалах, аюулгүй байдлыг гэсэн тэргүүлэх ач холбогдолтой зардлууд бий. Үүнээс бусад бүх зардлыг бид эдийн засгийн өгөөж, үр дүнгийн хэрэгжилт болон эцэстээ иргэдийн сайн сайхан байдалд үзүүлэх нөлөөгөөр нь үнэлдэг” хэмээн хэлсэн байна.
ОХУ энэ жил улсын төсвийнхөө ойролцоогоор 40 хувийг батлан хамгаалах болон аюулгүй байдлын салбарт зориулжээ.
Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэл болон батлан хамгаалахын худалдан авалтад хийсэн томоохон хөрөнгө оруулалт Оросын эдийн засгийг дэмжиж ирсэн боловч шинжээчид эдийн засгийн өсөлт мэт харагдаж буй дүр зураг нь төөрөгдүүлсэн шинжтэй, дайны эдийн засгаас салах үйл явц өөрөө олон шинэ сорилтыг авчирна гэж анхааруулж байна.
Bloomberg-тэй ярилцсан эх сурвалжуудын мэдээлснээр Оросын Батлан хамгаалах яам болон Кремль батлан хамгаалахын зардлыг бууруулж, ашигтай цэргийн гэрээнүүдээс хамааралтай бизнесүүдэд хохирол учруулах аливаа алхмыг эсэргүүцэж байгаа аж.
International Institute for Strategic Studies хүрээлэнгийн Орос ба Евразийн асуудал хариуцсан ахлах судлаач доктор Найжел Гоулд Дэвис одоогийн чиг хандлагаа үргэлжлүүлбэл оросын энэ дайн “эдийн засгийн хувьд тогтвортой үргэлжлэх боломжгүй болох магадлалтай”-г анхааруулжээ.
Тэрээр “Кремль тун удахгүй Оросын эдийн засаг, нийгэмд тавих шаардлагаа эрс нэмэгдүүлэх үү, эсвэл дайны зорилтоо бууруулах уу гэсэн суурь сонголтын өмнө ирнэ” гэж хэлсэн байна.
Дайнтай холбоогүй иргэний салбарууд капитал, ажиллах хүч, бараа бүтээгдэхүүний өссөн өртөг, мөн нэмэгдсэн татварын дарамттай тулгарч байгаа аж.
Түүхий эдээс ихээхэн хамааралтай, 3 их наяд ам.долларын хэмжээтэй Оросын эдийн засгийн өсөлт өнгөрсөн жил 2024 оны 4.9 хувийн өсөлтөөс огцом буурч ойролцоогоор 1 хувь болсон байна. Мөн 2026 оны эхний улиралд эдийн засаг 0.2 хувиар агшжээ.
Албаныхан үүнийг өндөр хүүгийн түвшин, барууны хориг арга хэмжээ, рублийн ханштай холбон тайлбарласан.
Энэ жилийн эдийн засгийн өсөлтийг ердөө 0.4 хувь байна гэж таамаглажээ.
Украин Оросын нутаг доторх дунд болон алсын зайн цохилтын ажиллагаагаа эрчимжүүлж Оросын газрын тосны салбарыг онилох болсон.
Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд, бордооны үйлдвэрүүд болон боомтууд руу гүн цохилт өгсөн Украины дроны довтолгоонууд Оросын эдийн засгийн томоохон хэсгийг ажиллагаагүй болгосон байна.
Энэ нь газрын тос боловсруулах хүчин чадлын дөрөвний нэг орчимд нөлөөлж, автомашины хөдөлгөөн хамгийн идэвхтэй байдаг улиралд түлшний хомсдол үүсэх эрсдэлийг бий болгожээ.