
Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос сонгомол, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Казахстаны Астана хотод зохион байгуулж, өчигдөр хаалтаа хийлээ. 10 хоног болсон тэмцээнийг багийн дүнгээр долоон алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн АНУ-ын баг тэргүүлсэн бол Иран, ОХУ, Япон, БНХАУ-ын баг эхний тавд бичигдлээ. Монгол Улсын баг гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар Мексик, Польш, Турк, Гүржийн араас 22-р байрт жагслаа. Манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд гавьяат тамирчин Т.Тулга, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Х.Болортуяа, 76 кг-д Э.Даваанасан нар хүрэл медаль хүртсэн юм. Мөн Б.Мөнх-Эрдэнэ /57кг/, О.Сүлдхүү /79 кг/, Б.Хулан /57кг/, Т.Энхжин /65 кг/, Э.Дэлгэрмаа /68 кг/ нар тавдугаар байр эзэллээ.
Ташрамд дуулгахад, 2027 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-д болно.