
Дорнод аймагт ямааны ноолуур нэг килограмм нь 185 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол баруун аймгуудад одоогоор ямаагаа самнаж эхлээгүй байгаа юм. Газар зүйн байршил, байгаль цаг уурын онцлогоос шалтгаалан зүүн аймгууд түрүүлж ямаагаа самнан, хаврын ноолуурын арилжаа эхэлдэг билээ.
Дорнод аймгийн хэмжээнд 2025 оны жилийн эцэст 662 мянга гаруй толгой ямаа тоолуулсан бөгөөд энэ хавар 231.8 тонн ноолуур бэлтгэж, зах зээлд нийлүүлэхэд 34.7 тэрбум төгрөгийн орлого олох тооцоолол хийсэн талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлжээ.
Мөн Засгийн газраас энэ сарын 29 -нд малчдад ноолуураа дундын зуучлалгүйгээр үндэсний үйлдвэрлэгчдэд нийлүүлэх боломж бүрдүүлэх, ноолуурын ханшийг өндөр тогтоох зорилгоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод "Ноолуурын дуудлага худалдаа - 2026" үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулах юм.
Үүнээс гадна салбарын яамнаас өнгөрсөн жилийн ноолуурын ханш, одоогийн ямааны арьсны үнэ, дотоодын үйлдвэрлэгчдэд олгосон хөнгөлөлттэй зээл зэргийг харгалзан үзээд ямааны ноолуур нэг килограмм нь 200 мянган төгрөг хүрэх боломжтой гэж үзэж буй.