
Дэлхийн уран зохиолын сонгодог туурвилуудын эцэг, Францын сод туурвилч, нэрт яруу найрагч, романтизмын эцэг, амьдран буй цаг үеийнхээ сөрөг асуудлуудыг үгийн хүчээр сөрж зогссон Виктор Хюго энэ өдөр мэндэлжээ.
Түүний уран бүтээлийн оргил болсон сонгодог таван номын тухай танилцуулж байна.
ИНЭЭМТГИЙ ХҮН
Францын их зохиолч Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил болох “Инээмтгий хүн” романы үйл явдал XVII-XVIII зууны зааг үеийн Англид өрнөнө. Энэ зохиолд Лорд Линней Кленчарлийн азгүй хайр дурлал, золгүй хувь тавиланг зүрх шимширмээр өгүүлсэн байдаг. Тэрээр юу ч мэдэхгүй нялх багадаа муу хүмүүсийн гарт орж үзэшгүй муухайгаар зэрэмдэглүүлэх ба Гуинплен хэмээх нэр зүүж хэрмэл жүжигчин болдог. Гуинплений бага байхдаа олж амийг нь аварсан сохор охин Дея өсөж том болоод тэд бие биедээ хайртай болдог.
Үзэшгүй муухай зэрэмдэг Гуинплен, хосгүй гоо үзэсгэлэнтэй боловч сохор бүсгүй Дея нар бие биедээ яг таарч тохирсон хос болдог. Хожим нь Гуинплен ховор аз завшаанаар өөрийн өндөр байр сууринд хүрэх боловч энэ нь түүнд сайн юм авчирдаггүй.
ПАРИСЫН ЭХ ДАГИНЫН СҮМ
1831 онд хэвлэгдсэн энэ роман бол зөвхөн Квазимодо, Эсмеральда хоёрын эмгэнэлт хайрын тухай биш. Энэ бол архитектур, цаг хугацаа, нийгмийн шударга бус байдлын тухай бүтээл. Хюго энэ романаараа Парисын сүмийг “чулуугаар бичигдсэн ном” хэмээн тодорхойлж, архитектур бол түүхийн амьд гэрч гэж үзсэн. Роман хэвлэгдсэний дараа Нотр-Дамын сүмийг сэргээн засварлах хөдөлгөөн өрнөсөн нь уран зохиол бодит хотын хувь заяанд нөлөөлж чадсаны ховор жишээ.
Квазимодо бол биеийн гажигтай ч сэтгэлийн ариун чанарын бэлгэдэл. Харин гоо үзэсгэлэнт Эсмеральда бол олон нийтийн шүүлт, мухар сүсгийн золиос. Хюго энд “гоо сайхан” ба “ёс суртахуун” хоёр заавал давхцахгүйг харуулдаг. Энэ роман бол гадаад төрхөд хууртдаг нийгмийн тухай гашуун тууль.
ШООВДОР ХҮМҮҮС
1862 онд хэвлэгдсэн энэхүү роман бол Хюгогийн оргил бүтээл. Зөвхөн Жан Вальжаны хувь заяа бус, 19-р зууны Францын нийгмийн ухамсрын хөрөг билээ. Жан Вальжан бол нийгмийн золиос. Тэр талх хулгайлсныхаа төлөө хоригдож, шоронгоос гарсан ч “ялтан” гэсэн тамга түүнийг мөнхөд дагана. Харин түүнийг уучилсан бишопын энэрэл амьдралыг нь өөрчилнө. Энэ бол Хюгогийн итгэл агаад хүн хуульд биш, энэрэлд өөрчлөгдөнө гэх санаа юм.
Романд зөвхөн хувь хүний ёс суртахууны тэмцэл бус, 1832 оны бослого, ядуурал, хүүхдийн хөдөлмөр, эмэгтэйчүүдийн мөлжлөг гээд нийгмийн олон асуудал шингэсэн байдаг. Фантины эмгэнэл бол ядуурлын системийн шүүлт. “Шоовдор хүмүүс” роман нь нийгмийн ухамсрыг сэрээх улс төр, философийн тунхаглал гэж судлаачид үздэг. Хюго ядуурлыг хувь хүний буруу бус системийн алдаа гэж харсан нь орчин үеийн маргаантай сэдэв хэвээр…
ХААН ЗУГААЦАЖ БАЙНА
Тус жүжиг Хюгогийн хамгийн дуулиант бүтээлүүдийн нэг. Анх тайзнаа тавигдсаны дараа Францын засгийн газар шууд хориглож байсан нь санамсаргүй хэрэг биш ээ. Учир нь “Хаан зугаацаж байна” жүжиг бол хаант засгийн ёс суртахууны доройтлыг ил тод шүүмжилсэн бүтээл байлаа. Зохиолын төвд орших Риголетто нь хааны алиалагч агаад тэр бусдыг шоолж, доромжилж амьдрах боловч өөрөө эрх мэдлийн тоглоомын золиос болдог. Хаан зугаацаж, бусдын хувь заяагаар тоглож байх зуур хамгийн их хохирдог нь жирийн хүмүүс.
Хюго уг жүжигтээ эрх мэдэл инээж байх үед хэн нэгэн уйлж байдаг хэмээжээ. Риголетто бол хоёр нүүрт нийгмийн бэлгэдэл. Тэр бусдыг элэглэдэг ч өөрийн охины хувь заяаг хамгаалж чаддаггүй. Ингэснээр Хюго эрх мэдлийн орчинд ёс суртахуун хамгийн түрүүнд сүйрдгийг харуулна.
НЭГЭН ГЭМТ ХЭРГИЙН ТҮҮХ
1851 онд Луи Наполеон Бонапарт төрийн эргэлт хийж, Францын Бүгд Найрамдах засгийг унагаан эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн үйл явдлыг Хюго өөрийн нүдээр харж, биеэр мэдэрчээ. Тэр үед зохиолч улс төрчийн хувиар эсэргүүцэлд оролцож, улмаар цөллөгт явсан байдаг. “Нэгэн гэмт хэргийн түүх” бол ялсан талын бичсэн түүх бус агаад ялагдсан хүний үнэн өчил билээ.
Хюго энд төрийн эргэлтийг зүгээр улс төрийн үйл явдал гэж үзээгүй. Түүний хувьд энэ бол ард түмний итгэл хулгайлагдсан хэрэг байв. Тэр нэг хүний эрх мэдлийн төлөө бүхэл бүтэн улсын иргэдийн эрх чөлөө хэрхэн устаж болохыг баримт, дурсамж, гэрчийн дуу хоолойгоор өгүүлсэн. Тиймдээ ч Хюго зохиолч биш гэрч болж хувирдаг. Түүний бичлэг хурц, хилэнтэй, заримдаа бараг илтгэл мэт санагдана. Учир нь тэр уран сайхны гоё хэллэгээс илүү үнэнийг хадгалж үлдэхийг зорьжээ.