Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр анги шинэ байртай боллоо. Тус барилга нь АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар, Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн Армийн хуурай замын цэргийн командлал, Аляскийн армийн инженерийн корпусын дэмжлэгтэйгээр баригджээ.
Шинэ барилга нь газар хөдлөлтийн 9 баллд тэсвэртэй, төмөр бетонон хийцтэй, гурван давхар, 1400 м² талбайтай. Түүнчлэн тус төв нь гамшгийн үед мэдээлэл дамжуулах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, зарлан мэдээллийн сүлжээг өргөтгөх боломж бүхий орчин үеийн удирдлагын төвөөр тоноглогджээ.
Анх 2013 онд байгуулагдсан тус төв 2023 онд “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр анги” болон өргөжиж, үндэсний хэмжээнд гамшгийн хариу арга хэмжээний зохион байгуулалтыг хариуцдаг нэгж болсон. Одоо тус төв нь 21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын бүх салбар нэгжтэй шууд холбогдож, мэдээлэл дамжуулах сүлжээ, удирдлагын уялдаа холбоог сайжруулсан, инженер техникийн мэргэшсэн багтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Шинэ төвд орон нутгийн нэгжүүдтэй шууд холбогдох удирдлагын өрөө болон орчин үеийн зарлан мэдээллийн төхөөрөмжүүдийг суурилуулжээ. Мөн мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, зайнаас тандан судлах зэрэг дэвшилтэт шийдлүүдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд нэвтрүүлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ.