
Мадридаас Севил руу явж байсан өндөр хурдны галт тэрэг онхолдож, хэд хэдэн вагон замаас гарчээ.
Испанийн Ерөнхий сайд Педро Санчес өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас наад зах нь 68 хүн амиа алдаж, олон арван хүн гэмтсэн гэдгийг мэдэгдэв. Албаны хүмүүсийн мэдэгдлээр, осол нь төв удирдлагын төвд гарсан тайлбарлахын аргагүй алдаанаас үүдсэн байж болзошгүй аж.
Испанийн төрийн өмчит Renfe төмөр замын компанийн галт тэрэг болон хувийн Iryo компанийн вагон лхагва гарагийн өглөө Испанийн нийслэл Мадридаас өмнөд хэсгийн Андалус муж руу чиглэсэн төмөр замаар нэг чиглэлд явж байжээ. Iryo компанийн галт тэрэг зогссоны дараа араас нь нөгөө галт тэрэг мөргөж, Толедо мужийн Урда хотын ойролцоо хэд, хэдэн вагон замаас гарсан байна.
Испанид он гарсанаас хойш хүний амь нас олноор хохирсон галт тэрэгний осол хоёр дахиа болж байна. Тус улс өргөн сүлжээтэй төмөр замаа олон жилийн турш үндэсний бахархлын нэг гэж үзэж ирсэн юм.
Ослын шалтгааныг мөрдөн шалгаж байна. Хэрэв аюулгүй байдлын системийн доголдол эсвэл хайхрамжгүй байдлаас үүдсэн нь тогтоогдвол эдгээр алдаа дутагдлыг хамгийн хатуу арга хэмжээ авч шийдвэрлэнэ гэж Ерөнхий сайд Санчес мэдэгдсэн байна.
Албаны хүмүүсийн мэдээлснээр, хоёр галт тэргэнд нийт 544 хүн зорчиж байжээ.
Испанийн Тээврийн сайд Оскар Пуэнте уг ослыг тайлбарлахын аргагүй нөхцөлд хүний алдаа гарснаас үүдсэн байж болзошгүй гэж мэдэгдэв. Түүний хэлснээр, урд замд галт тэрэг байгаа тохиолдолд дараагийн галт тэргийг автоматаар зогсоодог LZB дохиоллын систем орон нутгийн цагаар өглөөний 08:30 орчимд компьютерын гэмтлийн улмаас ажиллагаагүй болжээ. Үүний улмаас ойролцоогоор 63 километр урт төмөр замын хэсэгт зургаан галт тэрэг зогссон байна.
Ингэснээр төмөр замын хөдөлгөөнийг хянах үүрэг Мадрид дахь 24 цагийн ажиллагаатай төвд шилжжээ. Компьютерын гэмтэл гарснаас хэдхэн минутын дараа төвийн ажилтнууд замд зогсох дохио хэвээр байхад хоёр галт тэргийг хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зааварласан гэнэ.
“Хөдөлгөөнийг сэргээх шийдвэрийг удирдлагын төвийн операторууд гаргасан. Бидний үзэж байгаагаар, энэ шийдвэрийг гаргасан нөхцөл байдлыг тайлбарлах аргагүй. Энэ нь илт буруу шийдвэр байсан” гэж тэр мэдэгджээ.
Испани даяар амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулжээ. Мөн Испанийн хөлбөмбөгийн холбоо лхагва гарагт болохоор товлосон Испанийн цомын тэмцээний 24 тоглолтыг хойшлуулсан байна.