
Ням гаргийн өглөө АНУ-ын Луизиана мужийн Шривпорт хотод гурван өөр байшинд халдлага үйлдсэн этгээд найман хүүхдийг буудан хөнөөжээ. Амиа алдсан хүүхдүүдийн долоо нь өөрийнх нь хүүхдүүд байсан талаар цагдаагийн байгууллага мэдээлэв. Энэ нь 2024 оны нэгдүгээр сараас хойших АНУ дахь хамгийн олон хүний амь хохирсон буудлагын хэрэг болж байна.
Амиа алдсан хүүхдүүдийн нас 1-ээс 12 хүртэлх байсан талаар Шривпорт хотын цагдаагийн газрын ажилтан Крис Борделон CNN-д мэдэгджээ.
Борделон буудагчийг Шамар Элкинс гэгч болохыг дурдаад уг халдлага нь “гэр бүлийн шинжтэй” байсан гэжээ.
Уг аймшигт хэргээс амьд үлдсэн 13 настай хүү халдлагын үеэр гэрээсээ зугтахдаа дээврээс үсэрч гэмтсэн ч амь насанд нь аюул учраагүй байна. Хэрэг болох үеэр зарим хүүхдүүд арын хаалгаар зугтахыг оролдсон талаар Луизианагийн мужийн төлөөлөгч Тэмми Фелпс хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Халдлагын үеэр мөн хоёр насанд хүрсэн эмэгтэй буудуулсан байна. Гэмт хэрэгтэн Элкинс эхлээд эхнэрээ буюу хүүхдүүдийнхээ эхийг буудаж, маш хүнд шархдуулсан байна. Дараа нь өөр нэг байшинд очиж найман хүүхэд болон өөр нэг эмэгтэйг бууджээ. Сүүлчийн эмэгтэй нь амь насаа алдаагүй ч маш хүнд шархаджээ.
Цагдаагийн мэдээлснээр Элкинс 2019 онд галт зэвсгийн хэрэгт холбогдон баривчлагдаж байсан бөгөөд Луизиана мужийн Армийн Үндэсний гвардад долоон жил алба хаасан, тус гварддаа 2020 оны наймдугаар сар хүртэл ажилласан нэгэн аж.
Халдлагын дараа тэрээр автомашин дээрэмдэн зугтаж, цагдаатай хөөцөлдсөний эцэст буудуулан амиа алдсан байна. Уг хэрэгт Луизана мужийн цагдаагийн газраас шалгалт явуулж байна.
Зэвсэгт хүчирхийллийн мэдээллийн сангийн мэдээлснээр, энэ онд АНУ-д дор хаяж 114 олон нийтийн буюу масс буудлагын хэрэг бүртгэгдсэн байна. Шривпорт хот нь Батон Руж хотоос баруун хойд зүгт ойролцоогоор 250 милийн зайд байрладаг бөгөөд 180 мянга орчим хүн амтай. Тус хотод гарсан хүн амины хэргийн 30 гаруй хувь нь гэр бүлийн шалтгаантай байдаг талаар хотын зөвлөлийн гишүүн Грейсон Буше дурджээ.
“Аймшигт дүр зураг”
Цагдаа нар орон нутгийн цагаар өглөөний 06:00 цагийн орчимд буун дуу гарсан тухай дуудлагад хариу өгч, Сидар Гров дүүрэгт байрлах Вест 79-р гудамжны хоёр байшин болон Харрисон гудамжны гурав дахь байшингаас хохирогчдыг олсон байна.
“Олон хүүхэд амиа алдсан, маш өргөн цар хүрээтэй хэрэг” гэж Борделон тодорхойлжээ.
The Associated Press-ийн мэдээлснээр, хөршийн хяналтын камерт хэрэг үйлдсэн этгээдийн зугтаж буй үе бичигджээ. Цагдаагийн байгууллага хохирогчдын нэрсийг хараахан зарлаагүй байна.