
Өмнөд Солонгосын Цаг уурын албаны мэдээлснээр, мягмар гарагийн шөнө Сөүл хотод шөнийн хамгийн бага температур 29.1 хэм хүрч, лхагва гараг хүртэл нийт 14 шөнө дараалан халуун шөнө үргэлжилсэн нь улсын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Халуун шөнө гэдэг нь шөнийн хамгийн бага температур 25 хэмээс доош буудаггүй үеийг хэлдэг. Харин Сөүл хотын температур бараг "хэт халуун шөнө"-ний босгонд хүрсэн байна. Энэ нь Солонгосын Цаг уурын албанаас гаргасан албан ёсны нэр томьёо биш боловч шөнийн хамгийн бага температур 30 хэм буюу түүнээс дээш байх үеийг солонгосчууд ийн нэрлэдэг. Мягмар гарагийн шөнө улсын бусад бүс нутагт ч температур 30 хэмд дөхөж очжээ. Тухайлбал, Жэжү арлын Согвипод 29.0 хэм, Хойд Чүнчон мужийн Чонжүд 28.8 хэм, Хойд Жолла мужийн Жонжүд 27.8 хэм хүрчээ.
Улсын хэмжээнд халуун шөнийн дундаж үзүүлэлтийг цаг уурын 62 ажиглалтын станцын мэдээлэлд үндэслэн тооцдог. Бүх 62 станцад халуун шөнө бүртгэгдвэл нэг бүтэн хоног гэж тооцох бол 31 станцад бүртгэгдвэл хагас хоног гэж тооцдог байна.
Ийнхүү шөнийн температур өндөр байгаа нь сүүлийн үед агаарын даралтын тогтолцоо өөрчлөгдөж, өдрийн хуримтлагдсан дулаан шөнөдөө гадагшлахгүй байгаатай холбоотой. Үүний улмаас өдөр бүрийн эхлэх температур өндөр байж, өдрийн халуун улам хурдан нэмэгдэн, хэт халалт болон халуун шөнө бие биеэ улам эрчимжүүлдэг мөчлөг үүсчээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас далай болон агаарын температур дулаарч байгаа нь зуны халууныг нийтэд нь улам нэмэгдүүлж байна.
Өмнө нь шөнөдөө агаарыг сэрүүцүүлдэг байсан далайн салхи далайн усны температур нэмэгдсэнээр хөргөх нөлөөгөө алдсаар байгаа аж. Үүний оронд дулаан, чийглэг агаар орж ирэн газрын гадаргын ойролцоо дулааныг хөнжил мэт барьж, ялангуяа эрэг орчмын бүсүүдэд халуун шөнө үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлэх болов.
Энэ өөрчлөлт статистик мэдээллээс ч тодорхой харагдаж байна. Солонгосын Цаг уурын албаны мэдээллээр 2016-2025 оны хооронд улсын хэмжээнд халуун шөнө жилд дунджаар 12.2 хоног үргэлжилсэн нь 1973-1982 оны дундаж болох 4.1 хоногоос бараг гурав дахин их үзүүлэлт юм.
Халуун шөнийн улирал ч мөн уртасжээ. Өмнө нь долоодугаар сарын сүүлээр эхэлдэг байсан бол одоо долоодугаар сарын эхэн эсвэл дунд үеэс эхэлдэг болсон. Мөн урьд нь наймдугаар сарын эхэн эсвэл сүүлээр дуусдаг байсан бол зарим жилд есдүгээр сарын эхэн хүртэл үргэлжилдэг болж, ялангуяа өмнөд эрэг болон Жэжү аралд энэ үзэгдэл илүү түгээмэл ажиглагдаж байна.
Энэ жилийн анхны халуун шөнө тавдугаар сарын 30-нд бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийн зургаадугаар сарын 18-наас 19 хоногоор эрт тохиосон юм.
Цаашид ч хэт халалт болон халуун шөнө үргэлжлэх төлөвтэй байна. Учир нь Төвөдийн өндөрлөгөөс гаралтай халуун, хуурай агаарын өндөр даралтын бүс Солонгосын хойгийг бүрхэж, түүний доор Номхон далайн хойд хэсгийн халуун, чийглэг өндөр даралтын бүс давхарлан тогтсоноор дулааныг таг мэт барьж байгаа бөгөөд энэ нөхцөл байдал ойрын хугацаанд хэвээр үргэлжлэх төлөвтэй байна.