
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Дэлхийн банк болон олон улсын түншүүдийн дэмжлэгтэйгээр цаашдын тээврийн төлөвлөлтийн, хөрөнгө оруулалтын хүрээг тодорхойлоход хэрэгжүүлж буй авто зам, тээврийн төслийг танилцуулгыг нээлттэйгээр зохион байгуулж, стратегийг танилцуулсан.
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдол, тээврийн хүрэлцээ, авто замын аюулгүй байдал хангалтгүй байгаа нь хотын амьдрах орчин болон эдийн засгийн бүтээмжид сөргөөр нөлөөлсөн тулгамдсан асуудлыг шийдэх төслийн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Үүний хүрээнд Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги нь хотын тээврийн үйлчилгээг зохицуулах бодлого, хэрэгжүүлэгч байгууллага, санхүүгийн тогтолцоог бэхжүүлж, зорчих хөдөлгөөнийг тогтвортой байдлаар сайжруулах дунд болон урт хугацааны төлөвлөлтийн бичиг баримт болж байгааг онцлон мэдээллээ. Дэлхийн банк болон олон улсын түншүүдийн дэмжлэгтэйгээр цаашдын тээврийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хүрээг тодорхойлох энэхүү стратеги нь "Хүртээмжтэй, Байгальд ээлтэй, Тогтвортой Улаанбаатар хот" хэмээх тодорхойлолтод багтжээ. Уг Дэлхийн банкны төслийн багийн удирдагчаар Япон улсын Алмек корпорацийн ахлах зөвлөх Нагаяма Кацүхидэ ажиллаж, алсын хараа, зорилгод хүрэх нэгдсэн стратегийг танилцууллаа.
"20 МИНУТЫН ХОТ" ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ОЛОН УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭВ
Хотын төвлөрлийг сааруулах "20 минутын хот" үзэл баримтлалыг олон улс орон дэмжиж, хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотод "20 минутын хот" үзэл баримтлалыг 2024 онд УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд энэ нь ХТЗХС/SUMP-д дурдсанаар идэвхтэй болон нийтийн тээврийн хэрэгсэлд тэргүүлэх ач холбогдол өгөхтэй уялдаж байна. Хотын тогтвортой зорчилт хөдөлгөөнийг хөгжүүлэх ажлыг орон зайн хөгжлийн шинэ загвартай уялдуулан, зам тээвэр болон хот байгуулалтын салбарын хамтын хүчин чармайлтаар хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо. "20 минутын хот" хөгжлийн загвар нь амьдрахад таатай, тогтвортой, хүртээмжтэй, олон зориулалт бүхий хотын дэд төвүүдийг бий болгох зорилготойг олон хотод хэрэгжүүлж эхэллээ. Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд дараах шугамыг хамруулжээ. Үүнд, Энхтайваны өргөн чөлөө болон Яармагийн коридорт нийт 42.1 км мeтроны шугам, 10 км урттай хөнгөн галт тэрэгний (LRT) шугам, 62.5 км урттай тусгай замын автобусны (BRT) сүлжээг байгуулахаар төлөвлөсөн байна.
"МEГА ТӨСЛҮҮД"-ИЙГ ҮE ШАТТАЙГААР ХЭРЭГЖҮҮЛНЭ
НЗДТГ-ын "Мега төслүүд"-ийн хүрээнд "хэрэгжүүлэхээр шийдвэрлэгдсэн төслүүдэд дараах төслүүд багтжээ. Үүнд: Толгойт өртөө болон Амгалан захын хооронд Энхтайваны өргөн чөлөөгөөр дайрах Метроны 1-р шугамд бүхий Улаанбаатар Метро төсөл, Яармагийг Сүхбаатарын талбайтай холбох Метроны 2-р шугам багтжээ. Мөн Улаанбаатар трамвай төслийн хүрээнд Сүхбаатарын талбайгаас Зунжин худалдааны төв хүртэл чиглэх 1-р шугам, Нисэхийн тойргоос Сүхбаатарын талбай хүртэл Яармагийн зам болон Энхтайваны гүүрээр дайрах 2-р шугмыг тус тус багтаасан байна. Мөн нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд хотын төвөөс гадна дагуул хотуудыг хөгжүүлэх зорилтыг тусгажээ. Дагуул хотууд болон нийслэлийн төвийн хоорондын нийгэм, эдийн засгийн уялдаа холбоог сайжруулах, нийтийн тээврийн найдвартай холболт бий болгох нь зайлшгүй чухал байгааг онцоллоо. ХТЗХС-ийн Хөгжүүлэлтийн чиг хандлагад төмөр замын бүтээн байгуулалт, дэд төв-дагуул хот хөгжүүлэх, автозамын бүтээн байгуулалтыг зэрэг хэрэгжүүлж явахыг тусгажээ. 165 төсөл, арга хэмжээг үе шаттайгаар хийхээр боллоо. Хэрэгжүүлэх үе шат, гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтийг богино хугацааны төлөвлөгөө (2030), дунд хугацааны төлөвлөгөө (2040), урт хугацааны төлөвлөгөө(2050)-нд тусгасаныг төслийн багаас танилцууллаа. Иймд цаашид үе шаттайгаар ажлаа хийх боломж байгааг онцоллоо.

